“Эх орны хишиг”-ийн зарим хувилбар

Судлаачийн үг


“Эх орны хишиг” санг бий болгохдоо учрах эрсдэлийг тооцох нь чухал


ОРШИЛ
Эх орны хишиг сангаас иргэддээ мөнгө хуваарилж, байгалийн их баялгаасаа хувь хүртээх буянт үйлс манайд эхлээд сураг нь тасарсан. Монголын төр, засгаас иргэддээ хандуулсан нийгмийн чиглэлийн бодлогыг дэмжиж, бас ч үгүй хүртэж байдаг хүний хувьд эл бодлогод баяр хүргэж байсансан. Баялгаасаа хувь хүртэх тэр ирээдүй холгүй биз ээ. Харин энэ удаа арай өөр өнцгөөс дэлхийн эдийн засгийн ерөнхий дэвсгэр дээр, Персийн булангийн Арабын зарим улсын жишээн дээр тайлбарлаж, төр, засгийн удирдлагадаа санаа өгөх, бас хүртэхээр хүсч буй иргэддээ мэдээлэл өгөх үүднээс дараахи өгүүллийг бичлээ. Хүлээн авч эргэцүүлнэ үү? Эх орны хишгийг байгалийн баялгаасаа бүрдүүлээд ард иргэддээ хуваарилдаг туршлага миний ажиллаж байсан Персийн булангийн Арабын зарим улсад бий. Тэр туршлагаас санаа сургамж авч манайхан эндээ туршиж үзээсэй хэмээн би мөн ч их уриалсан, бичсэн, төр засагтаа хүргэсэн дээ. Үнэхээр байгалиас заяасан хөрсөн доорхи тэр их баялаг бол ард түмний, төр засгийн мэдлийн өмч байх нь зүй.

Харин тэр баялаг нь ямар эрдэс баялаг болох, ямар аргаар олборлодог, хэр нөөцтэй, хамгийн гол нь ямар дэд бүтцээр дамжин дэлхийн зах зээлд гардаг гээд харьцуулбал манай Монгол ба Персийн булангийн Арабын улсуудын хооронд газар тэнгэр шиг их зөрүү гараад ирнэ. Тэнд нефть, заримд нь байгалийн хий байна. Олборлох өртөг нь хямд, цооног хоолой хоёр байхад л дэд бүтэц нь босоод ирж байна. Тэнд эх газарт түгжигдсэн улс байхгүй, бүгд далайд гарцтай, энэ нь дэлхийн зах зээлд чөлөөтэй гарах хамгийн том (магадгүй амин чухал нь) боломж нь. Олборлоход хямд төсөр, байгаль орчныг бужигнуулахгүй, далайгаар шууд тээвэрлэдэг түүхий эд тэнд байна. Олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илүү дөт, тэгээд ч дэлхийн эрчим хүчний нөөцийн ихэнхи нь тэр хэдхэн улсад байгаа хэрэг шүү дээ. Тэгвэл манайд яг үүний эсрэгээр, хөрсөн дор чулуун нүүрс, зэс, бусад үнэт метал байна. Олборлоё гэвэл уурхай зайлшгүй, маш том нүсэр барилга байгууламж, асар их өртөг бүхий дэд бүтэц хэрэгтэй. Байгаль орчны эрсдэл байнга дагаастай.

Магадгүй амин чухал нь гэх тэр боломж (далайд гарц) манайд алга. Хэрэв олборлоод, эсвэл олборлон өөрөө боловсруулаад дэлхийн зах зээлд гаръя гэхэд заавал хоёр хөршөөр дамжиж таарна. Иймд хоёр хөршийн тавих болзол нөхцөлүүд амин чухал хүчин зүйл нь болоод явчихна. Өөрөөр хэлбэл, Персийн булангийн Арабын улсуудтай харьцуулах аваас олсон ашиг нь хуримтлал болж банкинд байрших үйл явц үлэмж хугацаа шаардах ба тэр хүртлээ багагүй зовлон туулна гэсэн үг. Гэлээ гээд тэгэхээс өөр зам байхгүй, ДНБ-ий талаас илүү нь уул уурхайгаас бүрдэж байгаа, хэтдээ нэмэгдэж ч таарна. Харин арабын тэр улсууд олборлож эхэлмэгцээ л өнөөгийн тэр их жаргалд хүрчихээгүйг дараах баримтууд хэлж байна.

ОРДЫН ЦААНА ИХ ЮМ БИЙ
“Нефтийн Дорно” гэх чихэнд дасаагүй нэр томъёо бүр дэлхийн II дайнаас өмнө гарчээ. Тэр дундаа миний жишээ болгох, очиж үзэн биеэр мэдэрсэн, хоёр ч Хаантай нь биечлэн уулзсан Персийн булангийн хэсэг улсын хувьд тэгж нэрлэгдэх түүхэн нөхцөл нь чухам бүрджээ. Нефть гэх шингэн түүхий эд хамгийн чухлаар тавигдаж ирсэн өөр улс үндэстэн, бүс нутгийг олж заа гэвэл, хэрэв цогцоор нь аваад үзвэл Персийн булангийн Арабын хэсэг улсаас өөр тэгж нэрлэгдэх улс, бүс нутагт байхгүй.

Тэдгээр улсын түүхийг судалж байхад санаандгүй явдлаар энэ нефтийн ид шид эхэлсэн байдаг. Британийн эзэнт гүрний хувьд өөрийн хамгийн том колони Энэтхэгийн ойролцоо усан боомт хайж явтал гэв гэнэт Персийн булан хавиас нефть илэрч, бүс нутгийн нэр хүнд огцом өссөн байна. Ингээд 1930-аад он гэхэд л эндхийн стратегийн ач холбогдлыг их гүрнүүд олон дахин өсгөөд тавьчихаж. Британиас гадна АНУ, Франц, Итали ийшээ сонирхолтой болж, германчууд нэвтэрчээ. Холбоотнууд II дайнд ялалт байгуулахад Ойрхи Дорнодын нефть нь эрчим хүчний гол эх сурвалжийн хувьд шийдвэрлэх үүрэгтэй байсан. 1953 онд Иранд Америк, Британийн оролцоотой төрийн эргэлт хийхэд чухам нефть л гол хөдөлгөгч нь болсон, учир нь Ерөнхий сайд М.Моссадык Anglo-Persian (өнөөгийн British Petroleum) компанийг төрийн мэдэлд авч байж үхлээ бэлтгэсэн аж. Хожим нь 1973 онд Саудын Араб, Кувейт, Абу-Дабигийн нефтийн ордуудыг европын холбоотнуудтайгаа зөвлөхгүйгээр АНУ булаан авах гэж байж дэлхийг бужигнуулсан. 1991 онд Кувейтыг Иракаас чөлөөлсөн холбоотны дайн байна.

Энэ бол Кувейтын Эмирийн нефтийн нөөцийг аврах, гол нь Саддамыг тийш нь оруулахгүй байх шалтгаанаар нөхцөлдсөн. 2003 оноос өрнөсөн Иракийн эрх чөлөө ажиллагаа мөн л нефтиэр нөхцөлдсөн, “Арабын хавар” тойрсон дайн мөргөлдөөн, арилжаа, хуйвалдаан бол тэр чигтээ нефть гэх “хараал идмэр” дээр очиж бууж байна. Гэхчлэн эдгээр жишээ бол нефть тойрсон дэлхийн их бодлогын салаа сэжүүр нь.

КАТАР
Монголтой гайгүй харилцаатай яваа Катар Улсыг жишээлж үзье. Тэр хавьдаа жижиг нь гэх утгаар эхлэн жишээ болгож байна. Энэ улсад дэлхийн шатдаг хийн нөөцийн 15 гаран хувь нь хадгалагддаг. Тэр утгаараа сая хүрэхгүй хүн амтай, 11 437-хон хавтгай дөрвөлжин км бүхий элсэн цөлийн энэ жижигхэн улс орчин үеийн ертөнцөд эрчим хүчний томхон гигант болох зорилтыг тавьсан, зорилгодоо ч хүрсэн байна. 2016 оны байдлаар хүн ам тутамд ногдох ДНБ нь 129 700 ам.доллар. Бараг саяхан хүртэл сувд далайгаас шүүрддэг, энэ хавьдаа хамгийн ядуу нь гэх улс байжээ. 1940-өөд оноос нефть хий олборлож эхлээд 1971 онд тусгаар тогтнолоо зарласны дараахнаас бүс нутгийн хамгийн баян улс болж чаджээ.

Кувейтын жишгээр явбал ямар бол гэх бодол надад төрсөн, судалж үзэхэд илүүдэхгүй
Нефть, хийгээс олсон орлого (нийт орлогын 80 хувь) нь нийгмийн хангамж руугаа шилжмэгц нийгмээрээ баяжин, улсаас дааж үнэгүй олгох, эдлүүлэх бараа үйлчилгээ ч олширсон байна. Үндсэн хүн ам нь оршин суугаа гадаадын хөлсний ажилчдаасаа цөөн, яг одоо орон сууцжуулах, барилгажуулах их ажил өрнөж буй тул гадаадын барилгачид маш олноороо ажиллаж байгаа дүр зураг харагдана билээ. Нэгэнтээ байгалийн асар их хийн дээр суугаагийнх ОПЕК- той төстэй (Нефть экспортолодог орнуудын байгууллага) байгууллага байгуулах замаар дэлхийн ба бүс нутгийн бодлогод жин нөлөөгөө нэмэгдүүлэхийг Катар зорьж байна. ОПЕК нь нефтийн үнийг өсгөж, буулгадаг бол харин тэр шинэ байгууллага нь 20-30 жил байгалийн хийн үнийг тогтвортой барих зорилготой аж.

КУВЕЙТ
Энэ улс бол манайханд харьцангуй танил. Нефтийн нөөцөөр дэлхийд дээгүүрт орох жижиг улс, байршлын хувьд манайтай адил гэж Гадаад хэргийн сайд нь зүйрлүүлэн ярихыг би сонсож байсан. Нөлөө бүх том том хөршүүдтэй, эх газраар Саудын Араб, Ирактай, далайгаар Ирантай хиллэдэг, стратегийн байршилтай. Экспортын нийт орлогын 90 хувийг ганц нефть нь бүрдүүлдэг, гурван сая хүн ам, 17 818 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, ДНБ-ээс хүн ам тутамд ногдох орлого нь 28 756 ам.доллар (ОУВС-гийн 2016 оны судалгаа). Дэлхийн нефтийн нөөцийн 10 хувийг эзэмшдэг, жилдээ 2.5 сая баррелийг олборлодог. Тус улсын санхүүгийн актив нь 200 тэрбум ам.доллар гэхчлэн бичвэл хуудас дүүрэн баримт бий. Харин манайхны хүсэхээс цаашгүй байгаа эх орны хишиг гэдгийг арабын ертөнцөд хамгийн түрүүн туршсан (үндэсний баялгийг хуваарилахад бүх кувейтчууд тэгш эрхтэй гэж хуульчилсан), эдийн засаг нь чухамдаа “Нефтийн эдийн засаг” нэрэндээ яг зохицох, ДНБ-ний 75 хувийг улсын секторт бүтээдэг тийм нэгэн улс байна. Нефтийн орлогоосоо Нөөцийн ерөнхий сан гэдгийг байгуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт хийдэг, Ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан санг эндээс санхүүжүүлдэг гэж надад ярьж байсан тэмдэглэлээ сөхөж бичиж байна. Намайг Кувейтын Эмирт Итгэмжлэх жуух бичгээ барихаар очиж байх үед Кувейтын төр засаг нь нийт оршин суугчдынхаа цалин орлогыг 120 динараар (440 доллар) нэмэх шийдвэр гаргаж байсансан.

Тэр нь инфляцтай тэмцэх арга хэмээн Гадаад хэргийн сайд нь надад ярьж байв. Кувейтэд ажил эрхэлдэг гадаадын ажилчдын цалин 50 динараар (138 доллар) мөн нэмэгдэж байсан. Одоогоос 10-аад жилийн тэртээ намайг тэнд очиж байхад хэргээр сонирхоод асуутал тэр улсын оршин суугчдын дундаж цалин 1000 гаруй динар (тэр үеийнхээр 3650 доллар) гэж байв. Кувейтын жишгээр бол, манайхан “Эх орны хишиг” санг буй болгохдоо учрах бүх эрсдэлийг урьдчилан тооцох үндсэн дээр хязгааргүй их мөнгөн хуримтлал эхлэн бий болгох улмаар төр нь түүнийгээ хатуу хянаж, түүнээсээ хөрөнгө оруулалтын эх сурвалж (хөрөнгө оруулалтын орлого) гаргах, үндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хөрөнгийн бирж босгох хэрэгтэй. Харин иргэдэд хүртээх санг хойч үедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, бараа ажил үйлчилгээг төр даах замаар (гэрэл цахилгаан, ус, утасны мөнгө төр даах гэхчлэн) тусдаа хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж кувейтын нэг эдийн засагч надад ярьж байлаа. Харин иргэддээ бэлэн мөнгө шууд тараах тухай ганц ч үг цухалзаагүй юмсан.

ЭМИРАТ
Нефть олборлолтын оргил үеийг далимдуулан гадаадаас хөлсний ажилчин авсаар хүн амынхаа 80 хувийг гадаадынхан болгочихсон улс Персийн буланд ганц Эмират (нийт хүн ам нь гурван сая гаран, нутаг дэвсгэр нь 77 700 хавтгай дөрвөлжин км) юм билээ. Хотуудын гудамжаар явгаар зорчих, эсвэл мөргөлийн цагаар гудамжинд үзэгдэх нь зөвхөн гадаадынхан, тэр утгаар энэ хавьдаа хамгийн либерал улс, бусад шашин шүтлэгийг зөвшөөрдөг, эрх баригчдаа өөрсдөө шууд сонгодог цорын ганц улс нь хүртэл Эмират байв. Анхандаа загас агнуур, сувд шүүрддэг ядуувтар улс байснаа 1950-иад онд нефть нээгдэж, олборлон баяжсаар хосгүй хөгжлийг бүтээж, нефтийн экспортыг эрүүлийг хамгаалах, боловсрол, үндэсний дэд бүтцийн хөгжил рүү шууд чиглүүлж чадсанаараа алдаршжээ.

Хүн амын амьдралын чанар булангийн орнууд дотроо хамгийн дээгүүр нь, 2016 оны судалгаагаар ДНБ-ээс хүн ам тутамд ногдох орлого нь 67 700 ам.доллар. Бусад улсаасаа ялгарах нэг онцлог нь тэнгэр баганадсан сүрлэг барилга, тансаг зочид буудал, жуулчны баазуудыг байгуулах замаар үзүүлэнгийн эдийн засгийг буй болгосон, эдийн засаг нь дөрвөн гол онцлогтой. Төрийн маш гүнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралдаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишүүн- вант улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггүй, чөлөөтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хүргэсэн хэмээн надад ярьж байв. Энэ бүхнээс уншигч та дүгнэлт хий. Олборлоход хямд төсөр, байгаль орчныг бужигнуулахгүй, далайгаар шууд тээвэрлэдэг, тэр утгаар олсон ашиг нь хуримтлал болж банкинд байршихдаа илүү дөт арабын улсуудын туршлагыг шууд буулгах бус, “Эх орны хишиг сан”-г бий болгоод үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ Кувейтын жишгээр явбал ямар бол гэх бодол надад төрсөн, судалж үзэхэд илүүдэхгүй дэг шүү!



САНАЛ БОЛГОХ