Эрх барих намыг У.Хүрэлсүх удирдана
Мэдээ
Тэрбээр намын Их хурлын гишүүдийн 60 гаруй хувийн саналыг авсан юм
М.Энхболд ийн өгүүлрүүн. “Бариа бидэнд ойрхон, ухрах газар байхгүй. Мичин жилийн зуны нэгэн тэргэл сартай шөнө та бид ялалтын эзэд болсон байх болтугай”. Энэ бол өдгөөгөөс яг дөрвөн жилийн өмнө, өнөөдөр МАН-ын Их хурал болж буй яг тэр газар буюу Соёлын төв өргөөнд М.Энхболд намынхандаа хандаж хэлсэн үг. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдсан амаргүй үед МАН XXVII их хурлаа хийж, 1078 төлөөлөгчийн 988-ынх нь саналаар М.Энхболдыг намын даргаар сонгож байсан цаг. Мичин жилийн зуны орой буюу 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн санал хураалтын шөнө тэргэл сартай байсан эсэхийг батлахгүй ч, түүний хэлснээр МАН УИХ-д үнэмлэхүй олонх болж, тэд ялалтын эзэд болсон нь үнэн. Тэгвэл тэрбээр өчигдөр МАН-ын даргын албан тушаалаасаа буулаа. Тэгэхдээ “Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд Намаа төлөөлөн нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүйн бурууг бусдаас эрэх санаа зорилго агуулаагүй... Сонгуульд намаа ялалт байгуулах хэмжээнд удирдан ажиллаж чадаагүй, өөрөө дэвшээд унасан намын даргын хувьд улс төрийн хариуцлага хүлээх учиртай гэдгийг би ойлгож байна…” хэмээв. Харин МАН-ын шинэ даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогдлоо. Тэгэхдээ намын Их хурлын 1309 төлөөлөгчийн 60 гаруй хувийн саналыг авсан гэдгийг энд тодотгоё.
МАН-ын даргын төлөөх дотоод сонгууль эхлэхийн өмнө нэр дэвшигчид журмын нөхдөдөө хандан үг хэлэв.
У.Хүрэлсүх:
-Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй. Сэтгэлийг нь олоход бие нь хаачих вэ, ард түмнийхээ сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх ёстой. Сэтгэл байвал сэлэмний ирэн дээр ч амьдарч болдог. Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан нь дээр гэсэн үг байдаг. Намаа эвлүүлж, нэг зүг харж байж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх ёстой. Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш.
Д.Хаянхярваа:
-Би үнэнээс урваж чадахгүй, шударга бустай эвлэрч чадахгүй. Ижил нөхдөө талцуулж явж чадахгүй. Дээрээсээ эхэлсэн талцал хуваагдал Тусгаар тогтнолын ордноос хальж, нийслэл, аймгийн хороод руу халдварлаж эхэлснийг таслан зогсоох ёстой. Дарга нар тойрсон цөөн хүний нам болсон ялзралаасаа МАН нэн даруй салах ёстой. Хэрвээ би намын дарга болбол манай намын нэр хүндийг маш муухайгаар сэвтээсэн 60 тэрбумын толбыг би бүрэн арилгаж, цэг тавина.
Ж.Мөнхбат:
-МАН цэргийн тушаалаар хөдөлдөг цэргүүдийн бөөгнөрөл биш гэж боддог. Тийм учраас цаашдаа МАН-ыг тушаалаар, айдсаар биш бодлогоор, ёс суртахуунаар дүрэм журмаар, сэтгэл зүтгэлээр удирддаг байгаасай гэж хүсэж байгаа юм. Би албан тушаалын нүх болгонд улайрч зүтгэдэг хүн биш ээ. Энэ удаад ч би намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдье.
МАН-ын Их хурал өнөөдөр үргэлжлэн, Бага хурлын 369 гишүүнийг батална
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ын дараагийн дарга хэн болох вэ гэсэн сонирхолтой асуудал улс төр сонирхогчдын анхаарлыг ихэд татсан. Үнэхээр өчигдөрхөн болтол ярианы сэдэв байсан гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд нэр дэвших магадлалтай хүмүүсийн дунд далд хэлбэрийн өрсөлдөөн болж, өөр хоорондоо тандах, талцах байдал үргэлжилсээр өчигдөр ийн уг сэдэвт цэг тавилаа. Энэ удаа намын Их хурлын төлөөлөгчид 63.1 хувийн саналаар итгэл хүлээлгэж, Ухнаагийн Хүрэлсүхэд МАН-ын даргын тамгыг атгуулсан юм. Өчигдөр МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилсэн бөгөөд намын даргад У.Хүрэлсүхээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэр дэвшсэн. Гэхдээ Ж.Мөнхбатын хувьд нэрийг нь заалнаас дэвшүүлсэн бол бусад нь өөрөө өөрийгөө санал болгосон гэсэн үг. Харин санал хураалт болохын өмнө Ж.Мөнхбат, Н.Дэмбэрэл нэрээ татаж, гол өрсөлдөөн Ерөнхий сайд, бүлгийн дарга хоёрын дунд өрнөсөн юм.
Харин үдшийн 20.00 цаг өнгөрч байхад МАН-ын даргын төлөөх дотоод сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч, У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар тэргүүлснийг эх сурвалж мэдээллээ. Намын Их хурлын төлөөлөгчид аймгийнхаа нэрээр цагаан толгойн үсгийн дарааллаар саналаа өгсөн аж. Харин хамгийн сүүлд нийслэлийн төлөөлөгчид санал өгч дууссанаар санал тоолох ажил эхлэв. Санал хураалтын тооллогын комисст аймаг, орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл 31 гишүүн оролцсон байна. Санал хураалтын дүнг 21.40 минутын үед зарлав. Тооллогын комиссын дарга “Нэг ч саналын маргаан гараагүй” гэдгийг өмнө нь тодотгож байв. Түүний хэлснээр намын Их хурлын гишүүдийн 775 буюу 63.1 хувь нь У.Хүрэлсүхэд санал өгсөн бол, Д.Хаянхярваа 454 хүн буюу 36.9 хувийн дэмжлэгийг авчээ.
М.ЭНХБОЛД: БИ СӨРӨГ ХҮЧНИЙ ДАРГА БОЛЖ БАЙСАН БОЛ 65 СУУДАЛТАЙ ЭРХ БАРИГЧ НАМЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Намын даргын тамгыг гардуулан өгөхийн өмнө М.Энхболд “У.Хүрэлсүх та Монгол орон төдийгүй Ази Номхон далайн бүс нутагт анхдагч намаар тооцогддог МАН-ын даргаар 1921 оноос хойш тоолбол 15 дахь, 1996 оноос хойш бол найм дахь даргаар сонгогдож байна. Миний хувьд намын даргын тамгыг хоёр дахь удаа шинэ даргад хүлээлгэн өгөх гэж байна. Эхний удаа хоёр жил, дөрвөн сар намын даргаар ажилласан. Харин хоёр дахь удаа энэ албыг дөрвөн жил, нэг сар гаруй хугацаанд хашин, өнөөдөр хүлээлгэн өгөх гэж байна. Би дөрвөн жилийн өмнө 26 суудалтай сөрөг хүчний дарга болж байсан бол өнөөдөр 65 суудалтай эрх баригч намыг хүлээлгэн өгч байгаа. Энэ хоёр өгүүлбэр бол хоёр удаа намын даргаар ажилласан миний хамгийн товч тайлан юм. Би таныг эв нэгдлийг эрхэмлэж, энэ их ачааг ажрахгүй үүрч чадна гэж бодож байна. Нэгдмэл нэг ойлголтод хүрч ажиллавал бидний дунд бий болсон хагарал талцал үгүй болж, эвлэрлийн эхний шат тавигдана гэж бодож байна. 2021 онд та МАН-ын 100 жилийн ойг нүүр бардам, сэтгэл тэнүүн тэмдэглэж, 29 дэх Их хурлын хүндтэй индэр дээр данагар сайхан зогсож байхыг бэлгэдэн намын тамгыг танд хүлээлгэн өгье” хэмээв.
У.ХҮРЭЛСҮХ: НАМЫНХАА ЭВ НЭГДЛИЙГ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАНА
Харин МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх “Энэ түүхэн Их хурлаар би МАХН-ын дарга гэсэн эрхэм хүндтэй, хариуцлагатай үргийг та бүхнээсээ хүлээн авлаа. Тэр тусмаа өөрийн журмын нөхөр М.Энхболдоос хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Надад асар их хариуцлага, ачаа ирж байна гэдгийг өөрийн оюун бодол, бие сэтгэлээрээ мэдэрч байна. Улс орны эдийн засаг хүнд, нам доторх үйл явдал өрнөсөн цаг үед би намын дарга болж байна. Намын өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгч та бүхнийхээ үгийг бид сонслоо. МАН бол эв нэгдэлтэй нам. Тиймээс би Ардын намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг надад давхар оногдлоо. МАН-ын бүлгийн 33, 32 гэсэн яриа энэ цаг үеэс эхлэн эцэс болж байна гэдгийг та бүхэнд зарлая. Ийм үүрэг даалгаврыг МАН-ын Их хурал нөхөр Хүрэлсүх болон УИХ дахь бүлгийн 65 гишүүнд өгсөн гэж бодож байна. 2020 оны сонгуульд бүгд амжилттай оролцон, ард түмэнд амласнаа хэрэгжүүлэх ёстой. Үүний төлөө би МАН-ын даргын хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чөмгөө дундартал ажиллах болно. Ардын нам, ардын засаг мандтугай” гэв. Харин МАН-ын даргын төлөө өрсөлдсөн, бас багагүй санал авсан Д.Хаянхярваагийн хувьд энэ цагаас хойш бид эв эеэ ололцсон гэдгийг үгэндээ тодотгож байлаа. Улмаар өнгөрсөн өдрүүдэд намын журмын нөхдөдөө хатуу үг хэлж байсан бол уучлаарай хэмээн хэлэхээ мартсангүй. Ингэснээр МАН- ын XXVIII Их хурлыг түр завсарлуулсан бөгөөд өнөөдрөөс намын Бага хурлын гишүүдийг томилно.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй