Зохиомол өсөлт өрхийн төсвийг торгов

Хөдөө аж ахуй


Зарим жижиг дэлгүүр гурилын үнээ өсгөсөн байна

Гурилын үнэ өсчихөж. Ажилсаг эзэгтэй нар албаныхнаас түрүүлээд мэдчихсэн, үнийн өсөлтийг өрхийн төсөвтөө тооцчихсон явна. Уг нь статистикийн тайлан, сар тутмын мэдээг сөхвөл үнэ өндөлзсөн шинж үл ажиглагдана. Цагаан цаасан дээрх ханшийн муруй, үнийн хүснэгтэд ч өөрчлөлт үл харагдана. Харин айл, өрх бүрийн бараг өдөр бүр үйлчлүүлдэг жижиг дэлгүүр, төвүүдэд гурилын үнэ нэмэгджээ. Үнийн энэ өсөлт томоохон сүлжээ, супермаркетууд, хүнсний захуудад хамаарахгүй. Зөвхөн хүнсний гэх тодотголтой, байр, гудамжны булан тохойд байрладаг зарим жижиг дэлгүүр гурилын үнээ өсгөсөн байна. Тухайлбал, зарим дэлгүүрт өмнө нь 1350 төгрөг байсан “Алтан тариа”-н нэг килограммаар савласан дээд гурил 1500 төгрөгт хүрч, эзэгтэй нарын эгдүүг төрүүлэв. Зарим дэлгүүрт “Алтантариа”- н дээдийн дээд гэх тодотголтой буудайн гурил жижиглэнгээр хэдийнэ 2000 төгрөгийг давж, талийжээ.

Энэ мэт зарим төрлийн үнэ ялимгүйгээс чамгүй өсчихөөд байна. Ялимгүй атлаа гэнэтийн энэ өсөлт иргэдийн халаасыг хөндөж, эзэгтэй нарыг өрхийн төсвөө тодотгоход хүргэсэн нь дамжиггүй. Уг нь ургацын дээж алагласан найм, есдүгээр сар өнгөрч, инфляц өндийдөг арав, арваннэгдүгээр сар дараалан айлсах өдрүүд эхэлсэн нь үнэн. Гэлээ гээд ойрын саруудын байдлаар хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд үнийн өсөлт төдийлэн ажиглагдаагүй. Инфляц тогтвортой, төв банкны зорилтот түвшнээс доогуур буюу 6.9 хувьтай тэнцэж буйг статистикийн байгууллагаас мэдээлсэн.

• Инфляц тогтвортой, төв банкны зорилтот түвшнээс доогуур буюу 6.9 хувьтай тэнцэж буйг статистикийн байгууллагаас мэдээлсэн.

• Монгол Улсын хүн амыг гурилаар хангахад дунджаар 340 мянган тонныг улаанбуудай шаардлагатай гэсэн албан мэдээлэл бий.

• Энэ намар үүний 40 хувь буюу 140-аад мянган тонныг гурилын үйлдвэрүүд тариаланчдаас худалдан авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Дээрээс нь гурилын үйлдвэрлэл харьцангуй нааштай байгаа. Хүн амын хэрэгцээг хангахад хараахан дутах ч, улаанбуудайн ургацаа бүрэн хурааж дууссан. Эх орны буудайг эхний ээлжинд хэрэглээд, дутууг нь импортоор авахаар тохирсон юм. Тиймээс гурилын гол түүхий эд болох буудайгаар гачигдахгүй нь тодорхой болсон. Тэр ч утгаар гурилын үнэ харьцангуй “номхон” байх биз гэсэн найдлага иргэдийн дунд байсан нь мэдээж. Гэтэл зарим лангуун дээр гурилын үнэ өндөлзөөд эхэллээ. Гурилын үнэ яагаад үнэ өссөнийг “Алтантариа” компаниас тодруулахад тус компани үнээ өсгөөгүй хэмээн мэдэгдэв. Харин ч нэгдүгээр зэргийн жижиглэнгийн гурилын үнээ савлагаа тутамд нь 20 төгрөгөөр буулгасан гэж мэдэгдэж байна.

Гэхдээ үнэ өсгөх суурь хүчин зүйл байгаа гэдгийг тус компани нуусангүй. Тодруулбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ намар дотоодын улаанбуудайн нийлүүлэлт багассан. Нийлүүлэлт бага байснаас улаанбуудайн үнэ өмнөх жилийнхээс өссөн хэмээн тайлбарлаж байна. Тэд энэ намар харьцангуй өндөр үнээр тариаланчдаас буудай худалдан авчээ. “Алтантариа” компани ийм тайлбар хийсэн бол бусад гурилын үйлдвэрүүд хариу өгсөнгүй. Тэрчлэн хүнсний дэлгүүрүүд ч үнийн өсөлтөд хариулт өгөхөөс татгалзаж байна. Монгол Улсын хүн амыг гурилаар хангахад дунджаар 340 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэсэн албан мэдээлэл бий. Энэ намар үүний 40 хувь буюу 140-өөд мянган тонныг гурилын үйлдвэрүүд тариаланчдаас худалдан авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин гурилын хэрэгцээнд шаардлагатай 225 мянга гаруй тонн улаанбуудайг хойд хөршөөс импортлохоор тохирсон.

Гэхдээ импортолж эхлээгүй байна. Одоогоор 43 аж ахуйн нэгж импортын улаанбуудайн квот авах хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс “Улаанбаатар гурил”, “Од” групп, “Барил трейд”, “Эрдэнэт фүүдс” зэрэг компани квотын эрх авах шаардлага хангажээ. Импортын улаанбуудайг гаалийн татвараас чөлөөлөхгүй бол гурилын үнэ нэмэгдэх эрсдэлтэй гэж салбарын яам үзэж байна. Тиймээс Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. ОХУ-аас хүнсний улаанбуудай импортлоход тонн тутамд 200 ам.долларын татвар төлдөг байна. Импортын буудай биднийг чиглээгүй, дотоодын үйлдвэрүүд буудайн нөөцөө хангалттай бэлтгэж амжаагүй зэргээс үүдсэн бэлэн биш үеийг далимдуулан хэсэг бүлэг хүмүүс гурилын үнийг ийнхүү чимээгүйхэн өсгөж, өрхийн төсвийг торгож эхэлсэн нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт саарсан гэх сургаар ашиг харсан бизнес эрхлэгчид үнээ өсгөж буй нь энэ. Хамгийн гол нь дэлгүүрийн лангуун дээрх ялимгүй хэрнээ гэнэтийн үнийн өсөлт хэтэвч нимгэн амьдралыг хөндөж, иргэдийн халаасыг цоолох нь дамжиггүй.


САНАЛ БОЛГОХ