Түрээсийн сууцны өмчлөх эрхийг нээлттэй болгоно
Ярилцлага
Салбарын бодлогыг гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулах ёстой
Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүйтэй түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 1500 гаруй иргэн хамрагджээ. Хөтөлбөрийн явц ямар байна вэ?
-Төрийн орон сууцны түрээсийн санд 1522 айлын орон сууц бүртгэгдсэн байна. 10 хоногийн хугацаанд бүртгэл явуулахад 5000 гаруй хүн хамрагдах хүсэлт илэрхийлсэн тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр түрээсийн орон сууцны эрэлт маш өндөр байна гэсэн үг. Засгийн газраас түрээсийн орон сууцны санг 10-20 мянга хүртэлх айлаар бүрдүүлэх чиглэл өгсөн, энэ дагуу ажиллаж байна.
-Сүүлийн нэг жилд ипотекийн зээл олголт эрс саарлаа. Энэ хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо хэр нэмэгдэв?
-Ипотекийн зээл олголт саарсны тусгал өнөөдөр тод томруун харагдаж байна. Ипотекийн зээл авах боломжтой иргэдийн тоо багассаны зэрэгцээ бага, дунд орлоготой зорилтот бүлгийн иргэд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чадахгүйн улмаас орон сууцанд орж чадахгүй байна. Одоогийн энэ нөхцөл байдалд иргэдээ орон сууцжуулахад түрээсийн орон сууцны хөтөлбөр хамгийн тохиромжтой хувилбар. Иргэд түрээсийн сууцанд амьдарснаар урьдчилгаа төлбөрөө давхар бүрдүүлэх, хэмнэлт бий болгох, ая тухтай орон сууцанд амьдрах бүх бололцоо бүрдэж байна.
Түрээсийн орон сууцны санг 20 мянга хүртэл нэмэгдүүлнэ
-Зах зээл дээрх илүүдэл орон сууцыг төр худалдан авч, түрээслэх боломжтой гэх санал гарч байсан. Үнэхээр ийм боломж байгаа юу?
-Зах зээл дээр борлогдоогүй 14 мянган орон сууц байна гэх статистик мэдээлэл бий. Үүний таван мянга гаруйг нь төр худалдан авч, түрээсийн санд шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Санхүүжилтийн эх үүсвэрийг гаднын бага хүүтэй зээл, тусламжаар бүрдүүлснээр иргэдээ орон сууцаар хангахаас гадна зогсонги байдалд орсон барилгын салбарын цусны эргэлтийг дэмжих юм.
-Тэгэхээр бодлогын түвшинд авч үзэж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Бид холбогдох судалгааг хийсэн. Одоо Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.
-Түрээсийн орон сууцанд аж төрж байгаа иргэд магадгүй 15-20 жилийн дараа орон сууцаа өөрийн болгох боломж өнөөдөр харагдаж байна уу?
-Яг энэ тал дээр нарийн судалгаа, тооцоо хийгээд явж байна. Шинээр эхлэх “Буянт- Ухаа 2” хорооллын хоёр, Яармаг болон аймаг бүрд 1000 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байгаа. Эдгээр орон сууцыг түрээслэсэн иргэд тодорхой хугацааны дараа өмчлөх эрхийг нь нээлттэй болгох зохицуулалт хийж байна. Өнөөдрийн нөхцөлд энэ бол харьцангуй уян хатан, хүүгийн дарамтгүй, эргэн төлөлт багатай буюу товчхондоо иргэдэд шууд хүрэх бодит хувилбар юм. Энэ зохицуулалт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.
• Төрийн орон сууцны түрээсийн санд 1522 айлын орон сууц бүртгэгдсэн.
• Ахмад настнууд насны эрэмбээрээ түрээсийн орон сууцанд эхэлж хамрагдана.
• Залуу гэр бүлд хүүхдийн тоогоор шалгуур тавьсан.
-ТОСК-иас хэрэгжүүлж буй өөр ямар төсөл, хөтөлбөр байна вэ?
-Манай байгууллага банкны орон сууцны зээл 14 хувьтай байхад анх удаа 4000 айлын орон сууцыг ипотекийн найман хувийн хүүтэйгээр гаргах ажлыг эхлүүлж байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотойгоор ипотекийн ирээдүй Монголбанкнаас Засгийн газарт шилжиж байна. Тиймээс ипотекийн зээлийн хүүг багасгах боломжийг эрэлхийлж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд эхэлсэн.
-Засгийн газарт шилжлээ гэхэд санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь чухал байгаа шүү дээ?
-Жил бүр улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгахаар болсон. Мөн хоёрдогч зах зээл дээр бонд гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэрээ тэлэх боломжтой.
-Ипотекийн зээл олголт саарснаас барилгын зах зээл зогсонги байдалд орсон гэж үзэж байгаа. Ийм үед салбарын цусны эргэлтийг сайжруулахад танайхаас хийж хэрэгжүүлж байгаа ажил байна уу?
-Барилгын салбар хямралд гүнзгий нэрвэгдсэн байна. Тиймээс өмнө хэлсэнчлэн илүүдэл орон сууцыг төр худалдан авч, түрээслүүлэх нь хамгийн бодит шийдэл. Ер нь цаашид барилгын салбарыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч явахгүй бол салангид бодлогын улмаас аль аль талдаа хүндрэл их үүсэж байна. ТОСК төслөө хэрэгжүүлэхийн тулд тендерийн зарчмаар хувийн хэвшлийг дэмждэг. Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед төр, хувийн хэвшил түншилснээр үр дүнтэй ажиллаж, хямралаа зовлон багатай туулах нөхцөл бүрдэх болов уу.
-Түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдэд ямар шалгуур тавьж байна вэ?
-БХБ-ын сайдын гаргасан журмын дагуу эрэмбэлэх зарчим үйлчилж байна. Тухайлбал, ахмад настны ангилалд өргөдөл өгсөн хүмүүсээс хамгийн өндөр настай нь нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Төрийн албан хаагчдад бол төрд ажилласан жилийг гол шалгуур болгож байгаа. Харин залуу гэр бүл хүүхдийн тоогоор орон сууцанд орох эрэмбэ үүснэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй