Валютын цахим талбарт иргэд шууд оролцдог болно
Мэдээ
Бодит ханш тогтоох цахим арилжааны талбар банк, санхүүгийн салбарт эерэг тусгалаа өгч эхэллээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь төсөв, мөнгөний бодлого, түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, гадаад өр зэрэг эдийн засгийн гадаад, дотоод орчны хүчин зүйлээс хамаарч хэлбэлзэж ирсэн. Ханшийн хэлбэлзэлд эдийн засгийн нөхцөл байдлаас гадна зарим тохиолдолд санхүүгийн захын дэд бүтэц, тэр дундаа валютын захын дэд бүтцийн нэгдмэл бус байдал ч сөргөөр нөлөөлж байв. Үүнийг шийдвэрлэх алхам нь банк хоорондын валют арилжааны цахим талбар болоод байна. Энэхүү цахим арилжааны талбарт дотоодод үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд шууд оролцох боломжтой. Харин иргэд, аж ахуйн нэгж, банк бус санхүүгийн байгууллага харилцагч банкаараа дамжуулан тус талбарт оролцох болсон. Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэл буурчээ. “Цахим талбарыг нэвтрүүлснээс хойш банк хоорондын арилжааны идэвх мэдэгдэхүйц нэмэгдэж, ханшийн зөрүү буурсан” хэмээн Монголбанкнаас мэдээллээ. Тус цахим талбар нь жижиг хэмжээний биржийн систем. Тиймээс найдвартай бөгөөд үр ашигтай ажиллагаа нь оролцогчдоос мэргэжлийн өндөр ёс зүйг байнга шаарддаг аж. Энэхүү шаардлагын дагуу Монголбанкнаас санаачлан Монголын банкны холбоотой хамтран “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан байна. Цаашид гадаад валютын цахим талбарт иргэд, аж ахуйн нэгж, ББСБ-ууд шууд оролцох боломжтой арилжааны нэгдсэн платформ болгон өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллаж эхэлжээ. Төв банкнаас “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”- ыг энэ оны хоёрдугаар улиралд нэвтрүүлсэн. Үүнээс хойш нийт 227 сая ам.доллартай тэнцэх хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийсэн байна. Ингэснээр энэ онд банк хооронд хийгдсэн арилжаа нь өмнөх оны мөн үеийн арилжаатай харьцуулбал 2.3 дахин өсчээ. Тодруулбал, өдөрт дунджаар 40 сая ам.доллар арилжигдаж байна гэсэн үг. Өмнө нь банк хоорондын зах ийм идэвхтэй байгаагүй аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй