Хурдны галт тэрэг ирэх сараас Эрхүүг зорино

АЯЛЛЫН ХӨТӨЧ


Шинэ оны босгон дээр Улаанбаатараас Эрхүүгийн чиглэлд цаг хугацаа хэмнэсэн хурдны галт тэрэг үйлчилгээнд явахаар болжээ. Улаанбаатар Төмөр замын маркетингийн албаны мэргэжилтний хэлж буйгаар ирэх сарын 11-нээс үйлчилгээнд нэвтрэх юм. Олон улсын хурдны галт тэрэг үйлчилгээнд нэвтэрснээр хугацаа хэмнэхээс гадна тасалбарыг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулгын хэлснээр долоо хоногт хоёр удаа 306/305 дугаар бүхий хугацаа хэмнэсэн галт тэрэг Эрхүүг зорих юм. Харин зогсолтын хувьд өмнө нь 16 өртөө, зөрлөгт зогсдог байсныг гурав болгосон. Нэг үгээр хугацаа алдалгүй, таатай зорчих боломжийг иргэдэд олгоно гэж албаны хүмүүс онцлов. Ингэснээр өмнө нь Эрхүүгийн чиглэлд орон нутгийн галт тэрэг 34 цаг 45 минут явдаг байсан бол 23 цаг 53 минут болон багасчээ. Улаанбаатараас Эрхүү хүртэлх галт тэрэгний тасалбар 82300-137100 төгрөг байсныг 71000-118300 төгрөг болгон хямдруулжээ. Түүнчлэн хилийн өртөөдийн зогсолтыг дөрвөн цагаар багасгасанаар цаг хэмнэсэн галт тэргийг долоо хоногт гурван удаа явуулах боломж бүрдэв. Даваа гарагт Монголын бүрэлдхүүнтэй галт тэрэг, мягмар, бямба гаргуудад орос бүрэлдэхүүнтэй галт тэрэг үйлчилгээнд явахаар болсон байна.


САНАЛ БОЛГОХ