Нам дагагсдын орогнох газар нь төрийн өмч болжээ
Нийтлэлчийн булан
Төрийн өмчийн 102 хуулийн этгээдэд 45400 хүн ажилладаг
Ёо ёо гэдэггүй төрийн мөнгөтэй, төрийн компаниудын статистикийг эхлээд харъя. Энэ оны есдүгээр сарын сүүл гэхэд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 102 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Эдгээр компанид 45400 орчим хүн ажилладаг. Одоогоор төрийн өмчийн компаниуд 8.7 их наяд төгрөгийн өр төлбөртэй байх юм. Гэхдээ энэ төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкнаас олгосон 5.2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон дүн. Хэрэв энэ 5.2 их наяд төгрөгийг хасаж тооцвол 3.5 их наяд төгрөгийн өр төлбөр үлдэнэ гэсэн үг. Дээр дурдсан 102 хуулийн этгээдээс 18 нь ЗГХЭГ-ын харьяанд байдаг. Харин зургаа нь Сангийн яам, 83 компани нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар / ТӨБЗГ/-т данстай. ТӨБЗГ-ын 83-аас гурвынх нь үйл ажиллагаа одоо хүртэл жигдрээгүй бол, таван компани огт үйл ажиллагаа эрхэлдэггүй гээд боддоо. Түүнээс гадна орон нутгийн 170 орчим хуулийн этгээд буй. Эдгээрт 5600 төрийн албан хаагч бий. Энэ бол Монголын төр ямар данхгар болохын нотолгоо.
Хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийн өмнө Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтритигийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагын хэсгээс эшлэе. “Австралийн хувьд эдийн засгийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга нь эдийн засгаа нээлттэй байлгах ёстой ухаарсан явдал. Тийм учраас манай улсад төрийн оролцоотой компани байхгүй. Төр нь тодорхой хэмжээний хувь эзэмшдэг уул уурхайн компани ч байхгүй. Төрийн нислэгийн компанитай байснаа хувьчилсан. Төмөр зам, далайн тээвэр, арилжааны банк ч ялгаагүй, бүгд хувийнх” гэсэн юм.
Харин Монгол Улс эсрэгээрээ. Үр ашиггүй, урсгал зардал ихтэй, ногдол ашгийн орлого өгдөггүй аж ахуйн нэгжүүдийг төр өөр дээрээ байлгах сонирхолтой байна. Чухам яагаад? Яагаад гэвэл улс төрийн нам, улстөрчдийг дагасан бүлэг хүмүүсийг ажлын байртай болгодог орон зай нь төрийн өмчит компаниуд болчихсон учраас. Тиймдээ ч яг адилхан үйл ажиллагаа явуулж буй компанийн хувийнх нь ашигтай, төрийнх нь огт ашиггүй ажилладаг. Ирэх оны төсөвт өмч хувьчлалын орлогоор 100.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Тодруулбал, “Төрийн банк” ХХК-ний хувьчлалаас 75.0 тэрбум төгрөг, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах замаар 25.7 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлнэ гэж байгаа. Гэвч энэ төлөвлөгөө бараг биелэхгүй л болов уу. Төрийн банкны тухайд 2017 оны төсвийг хэлэлцэх үед л хувьчлах обьектын жагсаалтад байсан.
Гэвч өнөөдрийг хүртэл хувьчлалгүй, харин улсын өрийг улам зузаатгахад хорон хувь нэмэр оруулж байгааг дээрх статистик нотолно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2016 оны наймдугаар сараас өнгөрсөн есдүгээр сар хүртэлх үйл ажиллагааны мэдээлэл УИХ-ын гишүүдийн гар дээр ирсэн юм. Тус мэдээлэлд дурдсанаар Төрийн банкийг хувьчлахгүй байх саналыг Сангийн яамнаас тус газарт хүргүүлсэн байх юм. Сангийн яам Төрийн банкнаас гадна Монголын хөрөнгийн биржийг өөр дээрээ байлгах сонирхолтой байсан нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн саналаас харж болохоор. Харин Эрчим хүчний яам “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг мөн л хувьчлахгүй гэсэн бичгийг тус газарт илгээсэн аж. Тухайн үед 30 тэрбум төгрөгөөр хувьчилна хэмээн тооцож байсныг санаж байна. Уг нь одоогоос яг нэг жилийн өмнө 2016 оны төсвийн тодотгол хийх үед л өмч хувьчлалын орлогоос улсын төсөвт 170 орчим тэрбум төгрөг оруулахаар төлөвлөж байлаа. Тэгэхдээ таван обьектыг хувьчлахаар заасан.
• Үр ашиггүй, урсгал зардал ихтэй, ногдол ашгийн орлого өгдөггүй аж ахуйн нэгжүүдийг төр өөр дээрээ байлгах сонирхолтой байна.
• Төрийн өмчийн болон оролцоотой компаниудын үйл ажиллагааг дүгнээд үр ашигтайг нь үлдээ. Бусдыг нь хувьчил” гэсэн чиглэлийн Засгийн газарт өгсөн.
• Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг.
Гэвч энэ талаар өмнөх Засгийн газар нэг ч алхам хийсэнгүй. 2016 оны төсвийн тодотголыг батлах үед УИХ-аас тогтоол гаргаж, өмч хувьчлалын талаар Засгийн газарт лүндэн буулгасан. “Төрийн өмчийн болон оролцоотой компаниудын үйл ажиллагааг дүгнээд үр ашигтайг нь үлдээ. Бусдыг нь хувьчил” гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Сангийн юм сандайлаад байгаарай” гэсэн нэртэй нэлээд дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм. Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юм даа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрээр одоо 102 компани цоллуулж буй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан үйл ажиллагааны мэдээлэлд анхаарал татах зарим зүйл бас дурайна. Үүнд нэг жилийн хугацаанд төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагын зардлыг гурван тэрбум, барилга засвар, тавилга эд хогшлыг 8.8 тэрбум, жийп машин 3.3 тэрбум, тансаг хэрэглээний зардлыг 15 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан хэмээн тайлагнажээ. Хэт үрэлгэн зардлаа танасан нь сайн хэрэг.
Гэхдээ танасан гэдэг нь зогсоосон гэсэн үг биш. Цаана нь танагдаагүй тансаг хэрэглээ, жийп машин, удирдлагын нэмэгдэл, эд хошглын төсвийг санаатайгаар үлдээсэн л гэсэн үг. Төрийн өмчийг хувьчлах талаар ярих бүрт үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор төр өөр дээрээ байлгах шаардлагатай хэд хэдэн салбарыг нэрлэдэг. Тоочвол, цахилгаан, дулааны станцууд, МИАТ… гэх мэт нэлээд урт жагсаал гаргана. Гэтэл сургуулийн хүүхдийн үдийн хоолыг хийх материалыг заавал төр нийлүүлэх ямар хэрэг байна аа. Тэгж яривал тэр том Австрали улс нислэгийн компани, төмөр зам, далайн тээврээ хүртэл хувьчилчихаад, аюулгүй байдал нь алдагдлаа гэж сонсогдохгүй л байна. Ер нь төрийн өмчийн бодлогод аль салбар төрд байх ёстой гэдгээсээ илүү хэн нь сайн засаглаж байна гэдэг нь чухал. Төр сайн менежер байж чадвал тухайн компанийг хувьчлах шаардлагагүй. Энгийнээр хэлбэл, орчин үеийн зах зээлийн нөхцөлд төрийн өмчийн сайн засаглал гэдэг нь төр хувийн хэвшилдээ саад болохгүй, хамтарч ажиллах, худалдан авалтыг ил тод шударгаар явуулах, ТУЗ, захирал нь улс төрөөс хараат бус ажиллах, компаниуд нь үр ашигтай байж дэлхийн зах зээлд улс орныхоо эдийн засгийн хүч чадлыг илтгэхийг хэлнэ.
Гэвч манайд Сингапурын “Темаск” сан шиг сайн засаглалаар удирдаж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд нь өгөөжөө өгнө гэдэг үлгэрийн далай байлгүй. Харин ч тэндээс хулгайч, хумслагчийн дүр тодрох нь илүү учраас өмчлөх нь хамгийн сайн арга гэж үзэх нь олон. Сайн ажиглавал сайд дарга нар “үнэд оруулж байж зарна”, “төрийн өмчийг хямд хувьчилж болохгүй” гэж ярих дуртай. Яг үнэндээ тэнд нь намынх нь, найзынх нь, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг томилохын тулд л хувьчлалгүй хав дарчихаад байдаг нь нууц биш юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй