Тоогоор тоглож, толгой эргүүлэгсэд тодорно

Мэдээ


Эдийн засгийг хэрхэн өөд татсаныгаа статистикаар хачирлан, сайрхах нь бий

Он солигдох мөч ойртохын хэрээр гацуурын чимэглэл шиг чамин, чихэр мэт амттай үгс уншигч таныг бялууруулж магадгүй. Төсвийн алдагдал буулаа, бүсээ тултал нь чангалж, агшсан эдийн засгийг сэргээлээ, өсгөж, өөд нь татлаа… гэх мэтээр донгодно. Ялангуяа, баярын уур амьсгалаар бялхдаг арванхоёрдугаар сард ийм чихэнд чимэгтэй үгс улстөрчдийн амнаас урсаж өгдөг. Жил бүрийн энэ үед эрвээхий зангиатай дэгжин 3 дарга нар эдийн засгийг хэрхэн өөд татсаныгаа статистикаар хачирлан, сайрхах нь бий. Жилийн жилд төсвийн алдагдлыг буурууллаа хэмээн Сангийн яамныхан бас уралдан сайрхдаг. Бүр бүсээ тултал нь чангалж, хэмнэлтийн горимоор ажилласан хэмээн хошуу унжуулах нь бий. Гэсэн хэдий ч төсвийн тайланг нь сөхөөд үзвэл тэдний үг зөрүүтэй болохыг нүцгэн тоонууд баталж орхидог юм. Төсвийн “цоорхой”-г бууруулж байна хэмээн албаныхны ярьсан сүүлийн 10 орчим жилд манай сангийн алдагдал тасралтгүй тэлж, талийсан.

Өнгөрсөн онд л гэхэд төсвийн алдагдлыг бууруулж, хэмнэлтийн горимоор ажиллахаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зоригтой зарласан. Оны эхний улирлуудад л төсвийн алдагдал буурсан мэдээлэл хэвлэлийн хуудаснаас харагдаж байсан. Албаныхан ч үүнийг ам уралдан ярьцгааж байв. Гэтэл өнгөрсөн оны эцэст өнөөх алдагдал буурах бус харин ч өсөж, 3.6 их наяд төгрөгийг давсан юм. 2016 оны эхнээс гуравдугаар улирал хүртэл төсвийн зарлага, алдагдал тогтвортой байсан. Энэ хугацаанд ч сайд, дарга нар төсвийн зарлагыг бууруулж, төрийн мөнгийг хэмнэж буйгаа шагшин магтаж байсан ч он дуусахтай зэрэгцээд төсвийн зарлага огцом тэлж, төсвийн алдагдал танигдахын аргагүй болтлоо тэлж орхисон. Ер нь ийм зүй тогтол төсвийн зарлагын гүйцэтгэлд нийтлэг ажиглагддаг. Жил бүрийн эхний улируудад зарлага харьцангуй нам дор, харин сүүлийн улиралд үлэмж хэмжээгээр огцом нэмэгддэг зураглал бий.

Мэдээж, Засгийн газар жилийн эцсээр холбогдох хөрөнгө оруулалтаа гүйцээснээр зарлага тэлэх нь мэдээж. Гэхдээ жилийн эцэст төсвийн алдагдал үлэмж хэмжээгээр тэлэхийг мэдсээр байж сайд, дарга нар түр зуурын тоогоор “богино зайны улс төр” хийж, иргэдийн толгойг эргүүлэх нь бий. Уг жишиг энэ онд ч давтагдахыг үгүй гэх газаргүй. Үндэсний статистикийн хороо энэ оны эхний арван сарын байдлаар төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 2-3 дахин буурч, 669 тэрбум төгрөгт хүрснийг мэдээлэнгүүт энэ аятайхан тоог эрх баригчид өлгөж аваад, өөрийгөө магтахад ашиглахаар зэхэж байгаа нь ойлгомжтой. Жилийн эцэст эрх баригчдын яриа, ярилцлагыг үзээхэд энэ байдал тодорхой харагдана. Харин дараа нь жилийн эцсийн төсвийн тоймыг сонирхоорой. Буурууллаа хэмээн сайрхаж байсан төсвийн алдагдал жилийн эцэст танигдахгүй болтлоо талийчихсан байхыг ирэх оны эхний улиралд мэдэж магадгүй.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамныхан санаатай эсвэл санаандгүйгээр төсвийн зарлагыг оны эцэст хүртэл бараг зогсоочихдог. Зарлагаа царцаачихаар төсвийн алдагдал тэлэхгүй нь ойлгомжтой. Харин энэ хугацаанд төсвийн зарлага бага, алдагдал буурсныг ам уралдан ярьж, өөрсдийнх нь гавъяа мэтээр тайлбарладаг болоод он удаан жил боллоо. Ингэж тоогоор тоглож, ард иргэдийн тархийг угаадаг оролдлого үүгээр зогсохгүй. Хийсэн ажлаа хуурай тоогоор хачирлан, иргэдэд итгүүлэхээр улайрах нь цөөнгүй. Он шувтрах дөхөж буйтай зэрэгцээд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бүр улиран одох гэж буй оныхоо алдаа, оноог дүгнээд эхэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүртэл үйл ажиллагааныхаа үндсэн гүйцэтгэлийг УИХ-ын чуулганд танилцуулсан. 2018 оны эхний хагас хүртэл хэрэгжих “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 60 хувь давсныг Ерөнхий сайд сүр дуулиантай мэдэгдэж байна. 54 арга хэмжээг багцалсан уг хөтөлбөрийн зургаан арга хэмжээг 100 хувь биелүүлсэн аж. 25 нь 70 давсан хувийн биелэлттэй байгаа хэмээн бахдан өгүүлж буй. Үүнээс үзэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөр бараг биелэх дөхжээ.

Гэхдээ хэрэгжилтийг сөхвөл арай өөр дүр зураг харагдана. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын Засгийн газраас түлхэц өгч, урагшлуулсан том хэмжээний ганц төсөл бий бил үү. Монголын эдийн засагт “амин дэм” мэт хэрэгтэй том хэмжээний ямар төслийг Засгийн газар урагшлуулав. Бараг эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн гэгдэж байсан Гацууртын төсөл хүртэл өнөөг хүртэл гацчихсан хэвээр байгаа. Өнөөх төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станцын төсөл гээд бүгд зогссон. Зэс хайлах, нефть нэрэх үйлдвэр, Тавантолгой, тавдугаар цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гээд Засгийн газар хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд жагсаасан нэг ч хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй. Бүр эхлээгүй байхад яагаад биелэлт хэдийнэ 60 хувийг давчихдаг билээ.

Тэгэхээр гайхуулж буй энэ тоо хэр бодитой байна вэ. Засгийн газартай зэрэгцээд нийслэлийн удирдлагууд ч өөрсдийнхөө үйл ажиллагааны биелэлтийг бараг 90 хувиар дүгнэчихэж. Тэгвэл хотын шинэ удирдлагын төлөвлөгөө 90 хувь биелсэн гэдэгтэй нийслэлийн иргэн та санал нийлэх үү. Ийм байсаар байхад хуурай тоогоор хачирлан, хийсэн ажлаа товойлгон харагдуулдаг өнгөлөн далдлалт хэр зохистой вэ. Энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн 5.8 хувийн өсөлтийг ч эрх баригчид өөрсдийн гавьяа мэтээр мэдэгдэж байна. “Энэ бол та бидний гаргасан зөв шийдвэрийн үр дүн”. Төрийн гурван өндөрлөгийн нэг УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр ийн мэдэгдсэн. Агшиж байсан эдийн засгийг өөрийн хүчээр өсгөчихсөн мэт улстөрчид сайрхаж байна. Эдийн засгийн өсөлтийг задлаад харвал зэс, нүүрсний үнэ, экспорт дагасан өсөлт, НӨАТ- ын хэрэгжилт л эдийн засгийн өсөлтийг бий болгосон юм уг нь. Гэтэл биднийх, минийх хэмээн эрээ цээргүй өмчлөх аж. Цаашид ч ийм утга агуулга бүхий үсгийг олонтоо сонсох биз. Өнгөтэй, өөдтэй үзүүлэлт бүрийг өөр дээрээ наах гэж оролддог энэ байдал цаашид үргэлжлэх нь ойлгомжтой.

САНАЛ БОЛГОХ