АмЧам-ын гишүүнчлэлийг нээлттэй болгохоор зорьж байна
Мэдээ
Жижиг зах зээлийн давуу тал их гэдгийг хөрөнгө оруулагчдад ухуулдаг
АНУ, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын гүүр болдог Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) энэ онд 10 гишүүнээр бүл нэмж, хоёр улсын худалдааг дэмжих 30 гаруй арга хэмжээ зохион байгуулж, бодлогын таван баримт бичиг гаргасан талаар тус байгууллагын ТУЗ- ийн дарга Жэймс Лиотта онцоллоо. АмЧам лхагва гарагт 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойлохын зэрэгцээ ТУЗ- ийн гишүүдээ сонгосон юм. Түншүүддээ үйлчилж, ирэх оны зорилтоо хэрэгжүүлэх ТУЗ-ийн бүрэлдэхүүнд PwC аудит компанийн захирал Елена Песич, “Монполимет” группийн ерөнхий захирал Н.Мөнхнасан, “Минтер Эллисон” компанийн ахлах Скотт Шлинк, ХХБ-ны ТУЗ-ийн гүйцэтгэх дэд дарга Рандольфф Коппа, “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат нар сонгогдсон байна.Тус танхимын гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа О.Адъяатай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө АмЧам-ын гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэе. Өнөөдөр өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж байна. 2017 онд хоёр улсын бизнесийн харилцаанд ямар ахиц гарсан байна?
-Баярлалаа. 2017 оны ахиц дэвшлийг багцлан ярья. Юуны өмнө бодлогын хэд хэдэн өөрчлөлт хийж, санхүүгийн шинэ хороо байгуулж, энэ тухайгаа Монголбанкинд танилцуулаад байна. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил болон АНУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Женнифер Зимдал Галт нарын тусламжтай АНУ-тай хийх гадаад худалдааны чиглэлээр ихээхэн амжилттай ажиллаа. Энэ бол хоёр орны худалдааны харилцаанд гарсан томоохон ахиц юм. Мөн гишүүддээ зориулсан арга хэмжээг тогтмол явуулсан. Үүний нэг нь нийгмийн хариуцлагаа сайжруулах хүрээнд зохион байгуулсан Ментор өдөрлөг юм. Өдөрлөгийн үеэр ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж буй оюутан залуус манай гишүүн байгууллагуудын захирлуудаас туршлага хуваалцсан. Мөн есдүгээр сард “Америкийн өдрүүд” экспог анх удаа зохион байгуулж, 100 гаруй бизнес эрхлэгч хамрагдсан байна. Товчхондоо, 2017 он бол бидний хувьд ахиц дэвшлээр дүүрэн байлаа.
-Эдийн засгийн нөхцөл байдлыг эерэгээр илтгэх үзүүлэлт сүүлийн өдрүүдэд давамгайлах боллоо. Энэ бүхэн Монголын бизнесийн орчны талаар бизнес эрхлэгчдэд ямар хүлээлт үүсгэж байгаа бол?
-Эдийн засаг сайжирна гэх хүлээлт оны эхэнд бидэнд байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн ачаар бид эерэг өөрчлөлтүүд харж байна. Мөн Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, улс төрийн тодорхойгүй байдал ариллаа. Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчны бодлого тогтвортой, тууштай байна гэдэгт эерэг хүлээлттэй байгаа. Ирэх онд ч эдийн засаг улам тогтворжиж, сайжирна гэж найдаж байна. Бид ОУВС, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Засгийн газар бизнест оролцохоос илүүтэй хувийн сектор давамгайлсан эдийн засаг илүү хөгжинө.
-Тэгвэл ирэх онд бизнесийн харилцаагаа тэлж, хөрөнгө оруулалт татахаар юу төлөвлөсөн бэ? -Мэдээж АНУ болон өөр эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татахад гол анхаарлаа хандуулна. Гэхдээ энэ амаргүй. Монгол Улс жижигхэн зах зээлтэй учир хөрөнгө оруулагчдын сонирхол ч гэсэн жижигхэн л байдаг. Гэхдээ нэгэнт ороод ирвэл энэ 2017 онд бодлогын хэд хэдэн өөрчлөлт хийж, санхүүгийн шинэ хороо байгуулсан. жижиг зах зээлийн давуу тал их гэдгийг байнга ухуулдаг юм. Ирэх оны зургадугаар сард АНУ-ын Конгрессийн гишүүд, Худалдааны яам, бусад төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт татах уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр, 2018 оны төлөв эерэг байх болов уу. Улс төрийн орчин тогтвортой байж, Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа. Тиймээс эдийн засаг улам сайжрах байх. Мөн төсвийн орлогыг бүрдүүлдэг түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байна.
-АмЧам-ын цаашдын чиглэл юу байх вэ. Өөрчлөлт гарах болов уу?
-Байгууллагын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулна. Хэдийгээр бид нээлттэй байхыг хичээдэг ч байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Америкийн иргэн байна, гишүүнээр элсэхэд АНУ-д бизнес эрхэлдэг байх ёстой гэсэн хатуу зүйл заалтууд бий. Тиймээс бид гишүүнчлэлээ иргэншил, эрхэлж байгаа бизнесийн газар нутаг харгалзахгүйгээр нээлттэй болгож, тэлэх бодлого барих юм.
-Эрх баригч нам шинэ даргаа сонголоо. Засгийн газар ч шинээр бүрэлдсэн. Ямар байдлаар хамтарч ажиллах гэж байна?
-Манай байгууллага аль ч Засгийн газрын бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бүхий л санал, санаачилгыг идэвхтэй дэмждэг. Шинэ Засгийн газар ч энэ жишгээ үргэлжлүүлж, өмнөх кабинетийн эерэг санаачилгуудыг улам сайжруулна гэж найдаж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл бол хөрөнгө оруулагчдын хувьд том найдлага тавьсан санаачилга. Засгийн газар энэ зөвлөлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсох байх. Улс төр, эрх зүйн орчин тогтвортой, бодлогын гэнэтийн өөрчлөлтгүй, бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байгаасай гэж найдаж байна. Засгийн газар тоглоомын дүрмээ боловсруулж, эдийн засгийн өсөлт бий болгох боломжийг хувийн хэвшилдээ олгох нь чухал.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй