5247

Санал тоолох машин алдаагүй ажиллаж байгаа гэв

СОНГОЛТ


Нэр дэвшигчдийн зохион байгуулсан 111 арга хэмжээнд оролцож, мониторинг хийжээ


Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үйл явцад мониторинг хийжээ. Тухайлбал, “МИДАС” төрийн бус байгууллага сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх явцад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн мониторинг хийсэн байна.
Энэ талаар “МИДАС” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Мониторингийн баг өөрсдийн боловсруулж бэлтгэсэн болон Ажлын хэсгийн бэлтгэсэн тестүүдийг санамсаргүй аргаар түүвэрлэн сонгосон төхөөрөмжүүд дээр туршсан. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжид хийсэн тестийн дүнгээс харахад санал тоолох машин алдаагүй ажиллаж байна. Мөн дүнгийн хуудас дээр тухайн баримтыг хэвлэсэн цаг хугацааг нарийвчлалтай хэвлэхээр зохицуулсан нь ач холбогдолтой юм” гэлээ. Хяналтын дүнд техникийн тооллого хийх журмыг яаралтай баталж танилцуулах, хар машины үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулах, тестийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нээлттэй харуулах хэрэгтэй хэмээн үзжээ. Мөн цоорхой болон нугалсан саналын хуудас дээр ажиглагчид анхаарал хандуулах, санал тоолох машины талаар намуудын ажиглагчид болон олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ шаардлагатай гэж үзсэн байна.
Үүнээс гадна улс төрийн хүчин болон нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийн зардлын тайлангаа ил болгохоос зайлсхийжээ. Филантропи хөгжлийн төлөө төв сонгуулийн санхүүжилтийн мониторингийг Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр, Төв аймгийн 30 дугаар, Өмнөговь аймгийн 22, 23 дугаар тойрогт хийсэн байна.
Сонгуулийн сурталчилгааны эхний 10 хоногийн хугацаанд нэр дэвшигчдийн зохион байгуулсан 111 арга хэмжээнд оролцож, мониторинг хийжээ. Эдгээр арга хэмжээний үеэр сонгогчийн саналыг татах зорилгоор илт хууль зөрчин мөнгө, эд зүйл тараах, бараа материал хөнгөлөлт тэй үнээр худалдах гэх мэт хуулиар хориглосон үйлдэл Өмнөговь аймгаас бусад газар ажиглагдаагүй байна. Мөн хувьцааны анкет бөглүүлж, хууль зөрчсөн байна. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагчдыг дайчлахыг хориглосон ч цагдаагийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр уулзалт зохион байгуулах, зам хаах гэх мэт үйлдэл ажиглагдсан аж. Түүнчлэн өрсөлдөгч нам болон нэр дэвшигчдийн арга хэмжээг тагнахаар нүдний шил, видео камераар бичлэг хийжээ


САНАЛ БОЛГОХ