11464
Сүрьеэгийн өвчлөл хязгаар давлаа
Мэдээ
Жилд дунджаар 200 хүн амь насаа, 2000 хүн хөдөлмөрийн чадвараа алддаг
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байгаа тул шинэ эмчилгээний арга гарган авахаар хамтын ажиллагаа эхлүүлснийг Хоккайдогийн их сургуулийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Ясүхико Сүзүки ганцхан сарын өмнө дуулгасан. Харин ХӨСҮТ-өөс энэ талаарх мэдээллийг огт өгөөгүй. Тэгвэл өнөөдөр өвчлөлийн тархалтыг тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул, холбогдох салбарынхан анхаарлаа хандуулж эхэллээ. Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшнээр Ази, Номхон далайн баруун бүсийн 37 орноос гуравт орох болов. 2012-2015 онд нас баралтын тоо буурсан боловч өнгөрсөн жилээс эрс нэмэгдэж, жилд дунджаар 200 хүн амь насаа, хоёр мянган хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа гэсэн харамсмаар, халагламаар тоон мэдээ гарчээ.
Сүрьеэгийн үндэсний судалгаагаар эмийн анхдагч тэсвэртэй тархалт 68.1 хувь, олон эмэнд тэсвэртэй тархалт шинэ тохиолдлын дунд 3.8 дахин нэмэгдсэнийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Ж.Нарантуяагийн хэлснээр манайд өвчлөл буурахгүй байгаа нь хөрш орнууд болон ядууралтай холбоотой аж. Дэлхийн хүн амын өвчлөлийн дунд хийсэн судалгаагаар БНХАУ болон ОХУ-д сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь Монголд сүрьеэгийн тархалт нэмэгдэх нэг шалтгаан болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн өнгөрсөн жилийн судалгаагаар нийт өвчлөгсдийн 33.1 хувийг эмэнд тэсвэртэй шинэ тохиолдол эзлээд буй. Учир нь халдвар авсан хүн нэг удаа ханиалгахад агаарт 600 гаруй төрлийн вирус тархдаг аж.
• Монгол Улс сүрьеэгийн өвчлөлөөр Ази Номхон далайн баруун бүсийн 37 орноос гуравт ороод байна.
• Эмийн анхдагч тэсвэртэй тархалт 68.1, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 3.8 дахин нэмэгджээ.
• Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа хүн дунджаар 385-1070 ам.доллар зарцуулдаг.
Иймээс сүрьеэгийн халдвар авсан нэг хүний цаана олон мянган хүн халдвар авах өндөр эрсдэлд ороод байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач, доктор Д.Наранзул “Статистик үзүүлэлтээс харахад жилд дунджаар 4000 гаруй хүн шинээр өвчилж байна. Гэхдээ энэ тооноос илүү олон хүн халдвар авсан байх магадлал өндөр. Учир нь бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын цаана эмнэлэгт хандаагүй хэрнээ өвчилсөн хамгийн багадаа 6500-10 мянган тохиолдлыг илрүүлж байж эмчилгээний үр дүн гарна.
Тиймээс иргэд шинж тэмдэг илэрсэн л бол нэн даруй эмнэлэгт хандах болон эмчилгээгээ тууштай хийлгэж, өвчлөлийг цааш тархаахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр сүрьеэгээр өвчилсөн иргэдийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд энэ нь архи, тамхины хэрэглээнээс шалтгаалж буйг онцоллоо. Дашрамд дурдахад, нэг хүн сүрьеэгийн эмчилгээнд орохдоо 385-1070 ам.доллар гэсэн тооцоо бий. Орлого багатай иргэдийн дунд өвчлөл өндөр байгаа нь эмчилгээний зардалтай холбоотой болох нь эндээс харагдана.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй