Хариуцлагын даатгалын хар цоорхой
ЗГМ: Сэдэв
ЗГМ: ТОДРУУЛГА
Д.Цэвээнжав: Нөхөн төлбөрийн хэмжээ багасах нь сайн
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас дараах зүйлсийг тодрууллаа.
-Албан журмын даатгалын хураамж болон нөхөн төлбөрийн харьцаа ямар байна вэ?
-Жолоочийн даатгалын тухай хууль бол хохирогчийн эрх ашгийг онцгойлон хамгаалдаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар нөхөн төлбөрийн хэмжээ 12 тэрбум төгрөгт хүрсэн. Бид нөхөн төлбөр авч байгаа тохиолдол бүрийг нарийвчлан судалж байна. Зарим жолооч нөхөн төлбөр огт аваагүй байхад нэг хэсэг нь жилд есөн удаа авсан тохиолдол ч бий. Энэ бол төлсөн хураамжаас дэндүү давсан үзүүлэлт төдийгүй жолооч нийгмийн өмнө хүлээх ямар ч хариуцлага алга. Ийм хүний төлж байгаа хураамжийн хэмжээ жилд нэг ч осол гаргаагүй даатгуулагчийнхтай адил байж болох уу. Угтаа бол өндөр байх ёстой.
-Олгож байгаа нөхөн төлбөр нь дунджаар хэдэн төгрөг байна вэ?
-Дунджаар 500 мянга төгрөг хүртэлх нь нийт хохирлын 79 хувийг эзэлж байна.
-Осол, зөрчил гаргаагүй жолооч нарын даатгалын төлбөрт урамшуулал олгож, осол их гаргаж байгаагийнх нь хариуцлагыг чангаруулах цаг болсон шиг?
-Энэ тухай хэлэлцэж байгаа. Одоогоор осол гаргаагүй жолооч нарын даатгалын суурь хураамж жил тутамд 0.5 нэгжээр багассаар, 50 хүртэл хувь болж буурах боломжтой. Нэг ёсондоо урамшуулал нь энэ. Энэ бол улсын дундажтай харьцуулахад боломжийн хэмжээ. Төлж байгаа хураамжийн мөнгөн дүн их биш учир урамшуулал нь бага мэт харагдаж байгаа юм. Гэтэл олон улсад хариуцлагын даатгалын хураамж өндөр дүнтэй байдаг юм шүү дээ. Энэ хэрээр нөхөн төлбөрийн хэмжээ ч өндөр байдаг. Тэгэхээр энэ тоог шинэчлэхийн тулд бид нэлээд нарийн судалгаанд үндэслэх учиртай.
-СЗХ-ноос гаргасан даатгалын хураамж тооцох итгэлцүүр нь жолоочийн хариуцлагыг сайжруулах бус даатгалын байгууллагуудын хураамжийг нэмэгдүүлэхэд үйлчилж байна гэгддэг?
-Итгэлцүүрийг анхаарах шаардлага байгаа. Гэхдээ маш бодитой аргачлал ашиглах хэрэгтэй. Тухайн жолоочийн хариуцлага сахилгын байдал, ослын тоо, бусдад учруулж буй хор хохирлын хэмжээтэй шууд уялдаж байх шаардлагатай юм. Тухайлбал, итгэлцүүр И2-т жолоочийн зам тээврийн үйлдсэн ослын тоо, учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч тооцох хуультай. Гэтэл журамдаа ослын тоотой л уялдуулсан байгаа нь дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээг орхигдуулчихсан.
-Энэ нь амьдрал дээр хэрхэн бууж байгаа хэрэг вэ?
-Эгнээ байр эзлэхээс болж хоёр машин шүргэлцсэн тохиолдолд 100 хүртэлх мянган төгрөгийн хохирол гарч болно. Энэ бол ослын тохиолдол мөн. Гэтэл урсгал сөрж орж ирээд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь олон сая төгрөгийн хохирол учруулсан жолооч өмнөх тохиолдолтой адил байдлаар даатгалын хураамж төлж байна. Энэ буруу жишгийг арилгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагыг сайжруулахад итгэлцүүрийн журам чиглэнэ.
-Итгэлцүүрийг өмнө нь хэдэн удаа өөрчилж байсан бэ?
-2015 онд өөрчилсөн. Гэхдээ даатгалын компаниудад очих даатгалын хураамжийг нэмэгдүүлэх зорилгоор 27.3 хувиар өсгөсөн байгаа юм. Тиймээс бид энэ нэмэлт, өөрчлөлтийг дахин авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Угтаа жил тутам төлж буй хураамжийн хэмжээ жолоочийн хариуцлагатай шууд уялдаж байх нь зүйтэй.
-СЗХ-ны тайланд албан журмын даатгалын хураамжийн орлого тогтмол өсөж байна. Харин нөхөн олговор хэвээрээ байна. Энэ зөв чиг хандлага уу?
-Хураамжийн хэмжээ өсөж байгаа нь үнэн. Хууль хэрэгжиж эхлэхэд 350 мянган жолооч 17 орчим тэрбум төгрөгийн хураамж төлж, есөн тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт төлдөг байсан. Хураамж өсөж, нөхөн төлбөр багасах нь зөв чиг хандлага юм. Энэ онд арай бага байх болов уу гэж найдаж байна. Уг нь нөхөн төлбөрийн хэмжээ буурч л байвал сайн. Ингэснээр зам тээврийн ослын тоо багасаж, хариуцлага нь нэмэгдэж байгаагийн илрэл юм. Тийм учраас харьцаа багасах тусмаа сайн. Энэ зөв чигийг үргэлжлүүлэхэд даатгалын байгууллагын үйлчилгээ сайжирч, даатгагчдын эрх ашиг илүү хамгаалагдаж, тэр хэрээр хариуцлагыг нь сайжруулна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй