Хөгжиж буй орнуудын бондын үнэлгээ нэмэгдэнэ

Мэдээ


JPMorgan-ийн тооцоогоор хөгжиж буй орнуудын Засгийн газрын бондын үнэлгээ ирэх оны эхээр нэг их наяд ам.доллар давах хүлээлттэй байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөгжиж буй орнуудын бонд худалдан авалт 13 дахь долоо хоногтоо дараалан өсөж, 10 тэрбум ам.долларт хүрчээ. JPMorgan-ийн судалгаагаар хамгийн өндөр эрэлттэй бондууд нь богино хугацаатай, эрсдэл болон өгөөж өндөр бонд байгаа аж. Харин хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх сонирхолтой ч харьцангуй бага эрсдэл хүлээхийг илүүд үзэж буй хөрөнгө оруулагчид ОУВС болон бусад санхүүгийн байгууллагын хөтөлбөрт хамрагдсан орнуудыг сонгож байна. Монгол Улстай адил “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан Египет улс л гэхэд өнгөрсөн оны өдийд ОУВС-тай хамтарснаар бондын ханш нь огцом өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрчээ.

Тус улс Монгол Улсын Засгийн газрын “Гэрэгэ” бондын ижил “B-” зэрэглэлтэй, 100 ам.долларын үнэт цаас зах зээлд гаргажээ. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө хөрөнгө оруулагчдын итгэл суларснаар 90 ам.доллар руу унаж байсан ч өнөөгийн ханш нь 104 ам.доллар давсан байна. Түүнчлэн Монгол Улстай адил гурван жилийн хугацаатай ОУВС-тай түншилж, 2016 онд хэрэгжүүлж дуусгасан Пакистан улс хөтөлбөр хэрэгжих хугацаанд 2014 онд нэг тэрбум ам.долларын бонд гаргажээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Серб, Пакистан, Армен зэрэг орнуудын бондод шинжилгээ хийхэд ханш нь хөтөлбөр хэрэгжих хугацаанд өсдөг байна. Гэхдээ хамтарсан хөтөлбөрийн дараа улс төрийн гэнэтийн үйл явдлын улмаас эргээд унах хандлага ажиглагдаж байгаа юм. БНХАУ-ын Чоньяны санхүүгийн институтын судалгаанд эдгээр хөтөлбөр нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг ч улс төрийн суурь асуудлыг шийдэх чадваргүй гэж дүгнэжээ. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгаа богино хугацааг ашиглан суурь асуудлаа шийдвэрлэхийг зөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ