Говийн бүс болон баруун тийш орд илэрнэ
Уул уурхай
Говийн бүс болон баруун тийш л шинэ орд илрэх боломжтой
Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Геологи, хайгуулын салбарт хэрэгжиж буй төслүүд хэр урагшилж байна?
-Улирлын онцлогоос шалтгаалаад геологийн ажил зогсонги байдалд ороод байна. Өвлийн улиралд хэрэгжүүлж байсан төслүүдийнхээ үйл ажиллагааг түр царцаадаг. Энэ салбарт амжилттай урагшилж буй хэд хэдэн тодорхой төслүүд бий. Түүний нэг нь “Эрдэнэ Монгол” компанийн Баянхонгор аймаг дахь төсөл. Геологийн судалгааны ажлын явц нь чамлахааргүй амжилттай байгаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг түр зогсоосон ч одоогийн хэрэгжүүлж буй бодлого хэр оновчтой вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг 1997 оноос чөлөөтэй олгож эхэлсэн. Үүний дараа хориг
тавьж тусгай зөвшөөрлийн хувь хэмжээ багассан. Өнөөдрийн байдлаар хайгуулын 1800 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
Улирлын онцлогоос шалтгаалаад геологийн ажил зогсонги байдалд ороод байна
Үүний цөөнгүй нь барилгын материалын тусгай зөвшөөрөл. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор өргөдлөөр бус дуудлага худалдааны дүнд эрх нээгдэнэ. Манайх 1997 он хүртэл ийм замаар явсан. 1997 оноос чөлөөтэй олгодог болсон тул эерэг, сөрөг үр дагавар гарсан. Үүний үр дүнд өнөөдрийн Оюутолгой бий болсон.
-Газрын тосны хайгуул хэр урагшилж байна. Томоохон орд илрүүлэх боломжтой юу?
-Монгол Улс нефтийн судалгаа хийж болох ч томоохон ордуудыг илрүүлэх боломж тааруу.
-“Оюутолгой” шиг орд илрүүлэх боломжтой байна уу. Геологи, хайгуулын салбарын нөөц, боломжийг хэрхэн харж байна вэ?
-Гадаргууд ойрхон байгаа ордуудыг бараг л илрүүлчихсэн. Монгол гэлтгүй дэлхий нийтээр гүн рүү орж байна. Монголд ч ялгаагүй гүний ордууд нээх боломжтой. Гэхдээ өнөөдрийн хайгуулын аргачлалаа өөрчлөхгүй бол гадаргуу дээр байгаагаас цааш хэтрэхгүй. Цагаан суваргын ордыг малчин хүн олсон. Бидний хувьд гүн рүү л явах шаардлагатай болно. Говийн бүс болон баруун тийш шинэ орд илрэх боломжтой.
-Хөрөнгө оруулалт татахын тулд юу хийх ёстой вэ?
-Дэлхийн томоохон компаниуд манай улсад ирж ажиллаж байсан бол 2012-2013 онд бараг бүгд буцаж гарсан. Шалтгаан нь, эрх зүйн орчны тогтворгүй байдал. Үүнээс шалтгаалан бид маш их боломжоо алдсан. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бодит төслийг эхлүүлэх хэрэгтэй байна. Гацуурт тэргүүтэй томоохон төслөө хөдөлгөх нь чухал. Ингэснээр хөрөнгө оруулагчдыг татаж чадна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй