Элсэлтийн шалгалтын даалгавар задраагүй гэв

Мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн даалгавар задарсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгасан талаар баасан гарагт мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ жил 12 дугаар анги төгсөгч нэг сурагч энэ сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр ЭЕШ-ын математик, нийгмийн шалгалтын хариуг дөрвөн хүнд худалдсаныг тогтоосон. Энэ мэдээллийг худалдсан Э гэгч нь тухайн материалыг З гэгчээс худалдаж авсныг шалгаж байна. Шалгалтын материал задарсан хэрэгт хувийн их, дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д холбогдоод байгаа. Тэрбээр хүүхдүүдэд хувиараа ЭЕШ- ын давтлага өгдөг юм билээ. Тиймээс тухайн сурагчид “ЭЕШ-д ирж болзошгүй тест гэж магадлалын онолоор материал худалдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Энэ хүн ЭЕШ-ын комисст ороогүй” гэсэн тайлбар өгөв. Мөн Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбатын хэлж буйгаар математикийн хичээлээр шалгалт өгсөн шалгуулагчдын дүнг олон улсад ашигладаг нарийвчилсан шинжилгээгээр тогтоосон юм байна. Үүгээр шалгахад 2016 оны ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шалгалтын эцсийн хариуг ирэх сарын 1-нд онлайнаар олон нийтэд нээлттэй зарлах аж.


САНАЛ БОЛГОХ