Улаанбаатараас л зугтаж байвал болоо!
Сурвалжилга
Утаанаас зугтсан хүмүүсийн цуваа галт тэргэнд ч үргэлжилж байна
Өвөлдөө гарын таван хуруунд багтах шахам цөөн тохиолддог нарлаг, дулаан өдрүүдийн нэг нь өнгөрсөн ням гараг байлаа. Нийслэлийн агаарын чанарын 11 суурин цэгээс бохирдол хамгийн бага үзүүлэлттэй гардаг нь Хан- уул дүүргийн хоёр станцынх. Тиймээс ч амралтын өдрүүдэд нийслэлчүүд хамгийн ойрхноор нь Богдхан уулыг зорьдог. Хэдийгээр дархан цаазат тус ууланд нийслэлийн иргэд аялж, амрах зориулалттай үндсэн гурван чиглэл байдаг ч утааны ид улиралд бол өнгө өнгийн чаргатай багачууд сул ам бүрт гулгана. Эдгээрээс хамгийн олон хүн зорчдог нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт буюу Зайсангийн чиглэл. Амралтын өдрүүдээр энд 4000- 5000 хүн ууланд алхах, гулгах, салхилахаар ирдэг.
Тиймээс ч энэ намар БОАЖЯ 264 автомашины зогсоол барьж, ашиглалтад оруулсан. Гэсэн хэдий ч амралтын өдрүүдэд зогсоол хүрэлцэхгүй байх нь одоо ч хэвээр. Гэхдээ энэ жилийн хувьд хүмүүс харьцангуй цөөрсөн гэдгийг энд 10 гаруй жил амьдарсан нэгэн айлын эзэгтэй хэлсэн юм. Эндээс нийслэл маань яг л бохирдсон усан сан шиг харагддаг. “Бохирдсон усан сан”-ийн дотор юу байгаа нь ч үл харагдана. Гагцхүү дулааны цахилгаан станцын 250 метр өндөр яндан, түүнээс олгойдох өтгөн саарал утаа л хөх тэнгэр өөд суунаглана.
Харин амралтын өдөр эхлүүт л өнөөх “булингартсан усан сан”-гаас хэдэн тийш автомашины цуваа хөвөрнө. Цонжин болдог, Гачуурт, Найрамдал, Төв аймгийг хэдэн мянгаараа зорихоос гадна галт тэргээр ч Мандал, Баянбуурал, Түнхэлийг зорьдог болоод байна. Ялангуяа Хүрэлтогоот, Зайсан, Богинын ам, Нүхт, Морингийн даваа өөд зүглэсэн автомашинууд амралтын хоёр өдөр бол 19 дүгээр хороолол, Яармагийн болон уулын замд цувахаараа нэг болдог болов. Иргэдийн зарим нь амралтын өдрөөр замын түгжрэл ажлын өдрүүдээс дутахааргүй болдог тухай бухимдах болжээ. “Хүннү Молл”-ын гэрэл дохионоос хоёр тийш таг түгжрэх нь бараг л хэвийн үзэгдэл болоод байна. Яармагийн замд гарсан хүмүүсийн ихэнх нь “Буянт-Ухаа 2” хорооллын зүүнтээх дэнжийг зорьж буй. Биднийг өчигдөр тус газар очиход чаргаа чирсэн Улаанбаатар багачууд, машинаа бараадсан томчуудаар бараг л дүүрсэн байсан юм. Гэр бүлээ салхилуулж яваа, гурван хүүхдийн аав Г.Бүргэд “Хэдийгээр биднийг багад унаа унаш ховор, хүүхэд цагаа өнгөрүүлэх газар бараг байгаагүй ч байрныхаа гадаа, сургуулийн арын мөсөн гулгуурын талбайд ханатлаа тоглож, өвлийг зугаатай өнгөрүүлж болдог байсан. Богинын ам, Зайсанд бол ангиараа жилдээ бараг ганц л удаа очдог байлаа” хэмээн ярив.
Амралтын өдрүүдийг алгасалгүй цэвэр агаар бараадахыг хичээдэг эднийх энэ өдөр таван бүлдээ таарсан адууны бага зэрэг мах чанаж, нэг халуун сав аарцаар амралтын өдрөө хачирлажээ. Бага охин нь хоёр ой дөхөж байгаа. Намар цэцэрлэгт өгсөн боловч утаа, ханиадны ид үе эхэлсэн тул эхнэр нь гэртээ харж байгаа аж. Хоёр долоо хоногийн өмнө Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд ч чарга барьсан хүүхэдтэй хүмүүс мэр сэр харагдаж байсан юм. Баянбуурал, Мандал тосгонд хагас өдрийг цэвэр агаарт өнгөрүүлж, оройн суудлаар буцдаг хүмүүсийн тоо амралтын өдөрт нийтийн галт тэрэгт ихсэж байгааг үйлчлэгч ярьж байсан юм.
Мөн Налайхын Городокт ч нэг өрөө байрыг өвлийн улиралд сарын 200 мянган төгрөгөөр түрээсэлж амьдардаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Энэ мэтээр эцэг, эхчүүд үр хүүхдээ аль болох “Бохир усан сан”-гаас холдуулж, цэвэр агаар бараадах хэв маяг бий болсон. Жилд 3.2 хувиар өсдөг нийслэлийн хүн амын 17 хувийг хүүхэд, багачууд эзэлдэг. Тэднийхээ эрүүл мэндийг хамгаалахад эцэг эхчүүдийн цорын ганц зүйл бол амралтын өдрүүдийг алдалгүй цэвэр агаарт салхилуулах. Харамсалтай нь, нийслэл орчимд өвлийн цагт иргэдийн ая тухыг хангачих суурин цэг, тохь тухтай үйлчилгээ туйлын их дутагдаж байгааг иргэд хэлж байна. Улаанбаатарыг утаагүй болгох хүртэл зөвхөн Зайсангийн гэлтгүй Богдхан уулын бүхий л ам, хотоос гарч буй гол чиглэлийн бүх зам дагуу үйлчилгээний төв байгуулах шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгааг “Бохирдсон усан сан”-аас зугтах нийслэлчүүдийн хэв маяг харуулж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй