Оросоос 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авахаар яригдаж байна

Мэдээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Тэрбээр “Манай Засгийн Б.Тогтох ЗГМ газар байгуулагдаад нэг сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Эдийн засгийн байдал амаргүй, хямралтай үед үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч бидэнд эерэг, нааштай үзүүлэлтүүд, өөдрөг төсөөлөл байна. Бид өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудыг бататган гадаад харилцааны үйл ажиллагааг хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход өмнөхөөсөө илүүтэй чиглүүлж, эдийн засгийн хямралт байдлыг аль болох бага хугацаанд даван туулахад гол анхаарлаа хандуулж байна” хэмээн мэдээлэлдээ дурджээ.

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсөж, 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 37.5 хувиар буюу 1.3 тэрбум ам.доллараар, импорт 27.9 хувиар буюу 682.8 сая ам.доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 567.7 сая ам.доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хөрш орнууд болон гол түнш орнуудтай хөгжүүлж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гарч нийт бараа эргэлтийн 64.2 хувь буюу таван тэрбум ам.долларын худалдааг Хятадтай, 12.3 хувь буюу 950 сая ам.долларын худалдааг Оростой хийжээ. Тэгвэл хойд хөрштэй 2016 онд байгуулсан “Монгол, Оросын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих 38 хэлэлцээр үйлчилж байна
Мөн Монгол, Оросын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах манай саналыг тус холбооны гишүүн таван орноос Орос, Кыргыз дэмжжээ. Мөн тус улсаас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж байгаа бөгөөд дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хоёр талын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин урд хөрштэй Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон асуудлуудыг урагшлуулахад анхаарч байгаагаа онцолжээ.

Тэрбээр “Хятадын талаас 2018 оноос олгож эхлэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг тохирч цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байна” гэлээ. Дашрамд дурдахад, Монгол Улс 1990 оноос хойш Хятад, Орос, Өмнөд Солонгос зэрэг нийт 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан. Үүнээс 38 хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж. Эдгээрийн ихэнх нь 2010 оноос өмнө байгуулагдсан хуучин хэлэлцээр тул загвар хэлэлцээрийн шинэ төслийг тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн боловсруулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолсон байна.


САНАЛ БОЛГОХ