Түүхий эдийн нөөц Монголд төвлөрч, дэлхийн компаниуд бидэнд хандаж байна

Би үйлдвэрлэгч


Монгол компаниуд хамтарч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал

Нэхий үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн талаар “Дархан минж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баянжаргалтай ярилцлаа.

-Нэхий үйлдвэрлэлийн салбарт технологийн ямар шинэчлэл гарч байна вэ. Үйлдвэрлэлээ анх эхлүүлж байхад салбарын зах зээл ямар түвшинд байсан бэ?
-1992 онд байгуулагдсан “Дархан минж” компанийн 25 жилийн ой энэ жил тохиож байна. Анх “Дархан нэхий” компанийн боловсруулсан арьсыг худалдан авч, Дархан-Уул аймагт оёдлын цехэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байлаа. Ингээд 1992 оноос манай компани боловсруулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Тухайн үед нэхий эдлэлийн үйлдвэрүүд Болгар улсын хөрөнгө оруулалт, технологитой байсан юм. Манайх ч гэсэн тэндээс болгар технологиор ажилладаг байв. Улмаар 2003 онд испани технологийг үйлдвэрт нэвтрүүлснээр хүчин чадал гурав дахин нэмэгдэж, хоногт 300 орчим арьс боловсруулдаг болсон. Удалгүй Улаанбаатар хотод оёдлын үйлдвэрийнхээ анхны салбарыг байгуулж, зах зээлд илүү ойртсон нь хөгжилд хүрэх, амжилт гаргах нэг алхам болсон юм.

-Танайх орон нутгийн хэмжээний үйлдвэрээс Монголын зах зээлд байр сууриа эзэлсэн үндэсний үйлдвэрлэгчид болж чаджээ. Энэ түвшинд хүрэхийн тулд хэрхэн шаргуу хөдөлмөрлөж байв?
-Хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр үйлдвэрээ өргөтгөх, бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгцээ бий болж, 2008 онд үйлдвэртээ капитал шинэчлэл хийсэн. Ингэснээр хүчин чадлаа дөрөв дахин ихэсгэж, хоногт 1250 арьс боловсруулах үйлдвэр байгуулж чадсан. Төд удалгүй Монгол Улсыг дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалттай химийн материал боловсруулах үйлдвэрүүд сонирхож эхэлсэн. Энэ бол 2013 он байсан. Манай компанийн хувьд өнөөдрийн түвшинд амжилттай хүрэхэд нөлөөлсөн түүхэн цаг хугацаа. Манай улсын малын тоо толгой жилээс жилд өсөж, түүхий эдийн нөөц Монголд төвлөрч эхэлсэн нь бидэнд маш том давуу талыг үүсгэсэн. Гаднынхан арьс боловсруулах туршлага, технологио бидэнтэй хуваалцаж, мэргэжилтнүүдээ Монгол руу илгээж, туршилт явуулж эхэлсэн. Өмнө нь бид өөрсдөө эрэл хайгуул хийж, гадна дотнын үйлдвэрүүдтэй танилцаж, өдөр тутам судалгаа, туршилт хийж асар их зардал гаргадаг байлаа. Харин дэлхийн компаниуд бидэнд хандсанаар олон давуу тал үүссэн.

-Монгол хонины нэхийг боловсруулахад тусгай технологи гэж байдаг уу. Австрали болон бусад улсын хониныхоос юугаараа ялгаатай байдаг вэ?
-Гаднын компаниудтай хамтран 2015 онд монгол хониныхоос нэхийг боловсруулахад нийцэх хамгийн сайн технологийг бид томъёолж гаргасан. Болгар, Испани, Турк гээд аливаа улсын технологийг шууд нутагшуулна гэсэн ойлголт байдаггүй. Жишээлбэл, хүний арьсанд таарах гоо сайхны бүтээгдэхүүн байдагтай адил монгол хонины арьсыг боловсруулах технологи өөр байдаг. Уур амьсгал, хөрсний нягтаршил зэргээс шалтгаалан монгол хонины арьс бусад улсынхаас тос ихтэй, үсний бүтэц нь өөр байдаг. Тиймээс л сайн технологи нэвтрүүлж, нутагшуулах шаардлага бий болж, тэр хэрээр сайн бүтээгдэхүүн үйлдвэрээс гарч, тодорхой хувь нь экспортод тэнцэж байгаа юм. Тодорхой хувь нь гэж хэлсний учир мал нядалгаанаас болж маш олон арьс нэхий дээл үйлдвэрлэх болон экспортод гаргахад тэнцдэггүй. Иймд хаягдал багатай үйлдвэрлэл явуулахын тулд үйлдвэрлэлд тэнцээгүй арьсыг боловсруулж, савхи үйлдвэрлэж, өгөөжөө нэмэгдүүлсэн.

Сүүлийн гурван жилд борлуулалтын хувь хэмжээ 14-20 хүртэл хувиар нэмэгдсэн
-Жил бүр инфляц өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед барааныхаа үнийг тогтвортой барих тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Монгол Улсыг түүхий эдийн орон гэлээ. Малчдаас түүхий эдийг ямар үнээр худалдаж авдаг вэ?
-Бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүй гурван жил барьж чадсан нь үйлдвэрийнхээ өгөөжийг сайжруулсантай холбоотой. Тухайлбал, нэхий үйлдвэрлэхэд тэнцэхгүй, гэмтэлтэй арьсаар савхи үйлдвэрлэж, эсгүүрээс үлдсэн хаягдал нэхийгээр цөөн тооны гутал хийж байна. Засгийн газрын 2014 оны тогтоолоор үндэсний үйлдвэрлэлд түүхий эдээ нийлүүлвэл малчдад урамшуулал олгох системд шилжсэн нь маш зөв алхам болсон гэж хэлмээр байна. Өмнө нь Эмээлт дээр хятадуудтай булаацалдан байж түүхий эдээ өндөр үнэ хаялцан олж авдаг байв. Өдөрт арай л гэж 1000 гаруй арьс олно. Харин одоо түүхий эдийн олдоц сайтай, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч процесс нь төгс төгөлдөр болсон гэж хэлэх болоогүй.

-Зах зээлд монгол нэхий дээл Туркийнхтэй өрсөлдөхүйц хэмжээнд байж чадаж байна уу. Үнэ болон чанарын хувьд ямар ялгаа байна вэ?
-Үнэ болон бүтээгдэхүүний чанарын хувьд монгол нэхий дээл Туркийнхээс ялгаатай байсан цаг саяхан. Харин одоо чанарын хувьд Туркийнхээс нэг их ялгарахааргүй болсон болов уу. Гэхдээ үнийн хувьд ялгаатай байгаа. Гаднын бүтээгдэхүүн валютын ханшаас хамаардаг учраас үндэсний үйлдвэрлэлээс өндөр үнэтэй байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай борлуулалтын хувь, хэмжээ 14-20, энэ жил 30 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Энэ нь манай үйлдвэрлэл болон хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа бодит үзүүлэлт юм. Түүнээс биш, инфляц савлагаа ямар ч хамааралгүй. Учир нь бид үнээ нэмээгүй гурван жил болсон шүү дээ.

-“Дархан минж” компани бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд экспортолж байна уу?
-Гадаад зах зээлийн тухайд хоёр хөршийн жижиглэн худалдаачид манайхаас нэхий дээлийг бөөнөөр нь худалдан авч, өөрийн улсдаа борлуулдаг байсан. Харин одоо албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг ОХУ- ын зах зээлд нэг, БНХАУ-д дөрвөн компани ажиллаж байна. Бид экспортын үнээ санал болгож, компаниуд цааш нь худалдан борлуулдаг. Эндээс манай компанийн нийт борлуулалтын 20 орчим хувьд төвлөрдөг. Мөн энэ жилээс бид “Хөсөг” төсөлтэй хамтран ажиллаж байна. Тодруулбал, “Хөсөг” брэндийн бүтээгдэхүүнийг бид тэдний захиалгын дагуу үйлдвэрлэнэ. Харин “Хөсөг”-ийнхэн манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах юм. Бид 25 жилийн турш энэ салбарт ажиллалаа. Өчигдөр байсандаа өнөөдөр сэтгэл хангалуун байвал олон боломжийг алдана. Заавал “Дархан минж” нэрээр дэлхийн зах зээлд гарна гэж зүтгэхээс илүүтэй Монгол компаниуд, үндэсний үйлдвэрлэгчид хамтдаа өөрт байгаа давуу талаа ашиглан ажиллах нь зөв гэж боддог. Бид тухайн зах зээлд гарах гэж хамгийн наад зах нь судалгаанаас эхлээд гурван жил алдана. Тэгвэл хэдийнэ зах зээлд гарчихсан компаниудтай хамтраад бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явах нь зөв гарц гэж харж байгаа.

-Савхин эдлэл, хүүхдийн болон том хүний нэхий гутал, малгай, бээлий үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Зах зээлд хэдэн нэр төлийн бүтээгдэхүүн гаргаж байна вэ?
-Нэхий дээлэнд тэнцэхгүй буюу хэт нимгэн арьсаараа ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэсэн асуултын хариултаар шинэ бүтээгдэхүүнүүд гарч байгаа юм. Тиймээс нэхий дээлэнд тэнцэхгүй арьсаараа гутал үйлдвэрлэж эхэллээ. 2013 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Анх жилд 3000 өвлийн гутал үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 7000 болж нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Үндсэн бүтээгдэхүүн буюу нэхий дээлний тоо, хэмжээ өсөхийн хэрээр дагалдах бүтээгдэхүүний төрөл ч мөн нэмэгдэх болно. Харин чанартай, олон хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд дан үйлдвэрлэгчид болон туслан гүйцэтгэгч нартай хамтрах бодолтой байгаа. Өөрөө гутал хийх гэж зүтгэж, цагаа үрж байхаар гутал сайн үйлдвэрлэдэг хүнтэй хамтрах хэрэгтэй. Бидэнд боловсруулсан арьс бэлэн байгаа учраас Agne-тай хамтран нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийхээр зорьж, савхин эдлэлийн зах зээлд чамгүй ахиц гаргаад байна.

САНАЛ БОЛГОХ