Мэргэжлийн нүдээр салбараа тольдлоо

Зах зээл


Зээлийн хүүг хязгаарлах нь түр зуурын гал унтраах арга

ББСБ-ууд арилжааны банкуудаас 1.3-1.5 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ иргэд, бизнес эрхлэгчдэд 4-5 хувийн хүүтэй арилждаг. Тиймээс бие биеэс нь тусгаарлаж, нэгийг нь хүчээр дарах бус хамтад нь хөгжүүлэхийн чухлыг Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон хэлсэн. Дахин нэг жишээ. Одоогоос хэдэн жилийн өмнө банкууд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Үүний дараа даатгалын салбар тэлсэн. Арилжааны 15 банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулснаар даатгалын орлого, хүртээмж дээшилсэн. Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь бие биеэсээ өрсөж бус эвсэж хөгждөгийг үүнээс харж болно.

Ер нь санхүүгийн салбарын малгай бодлогыг бодитой бусаар дэвэргэн, сэтгэлийн хөөрлөөр бодлого боловсруулж ирснийг салбарынхан шүүмжилсэн. Монгол Улсыг олон улсын санхүүгийн төв болно хэмээн үлгэр ярьсаар хэдэн ч жилийг үдэв. Улс төр, эрх зүйн шийдвэр нь сар ч хүрэхгүй өөрчлөгддөг Монгол Улсад санхүүгийн төв цогцлоох амаргүй. Харин өөр хувилбарыг бодоход оройтоогүй. Тухайлбал, дэлхийн ногоон санхүүгийн жишиг төв болговол энэ нь үлгэр бус үнэнд ойрхон зорилт болж болно. Ногоон эдийн засгийг дэмжсэн технологио Монголд нэвтрүүлж, манай улсад турших боломжийг бүрдүүлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын таатай орчноор хангаж чадвал ногоон санхүүжилт Монголын шинэ имиж болох боломжтой. Үүнийг ч форумд оролцогчид онцолж байна.

ХҮҮ БОЛ ХҮЧЭЭР БУУЛГАДАГ ТОО БИШ

“Зээлийн хүүг бууруулж болно”. “Bloomberg Finance Forum”- д оролцогчид үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ учиртай. “Зээлийн хүүг бууруулцгаая” хэмээн зарим улстөрчдийн орилоод байгаа шиг шуудхан багасгадаг энгийн тоо биш. Тэр бүү хэл, хууль гаргаж, хязгаарлалт тогтоогоод багасгачихдаг үзүүлэлт биш. Угтаа зээлийн хүү бол эдийн засгийн бодит тусгал, санхүүгийн зах зээлийн “халууны шил”. Тиймээс санхүүгийн салбар дахь халууныг бууруулахгүйгээр, автоматаар засчихаж болохгүй.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоож, механикаар тогтоож болохгүй гэдэг дээр салбарынхан санал нэгдэж байна. Эхлээд хүү буурах үндсэн хөрс бий болгох ёстой. Наанадаж л Монгол бүтээгч, үйлдвэрлэгч улс болж байж, мөнгөний эргэлт, санхүүгийн хүртээмж сайжирч, энэ хэрээр санхүүгийн өртөг буурна гэж Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир хэлсэн. Санхүүгийн зах зээлийн тулгуурууд тогтвортой хөгжиж байж зээлийн хүү буурна. Энэ мэт эдийн засгийн шүтэн барилдлага буюу бие биеэсээ хамаарсан хүчин зүйлс сайжирч байж, хүү буурах боломжтой. Зээлийн хүүг хязгаарлаж, хадгаламжийн хүүг хазаарлах нь богино хугацаанд гал унтраах арга болохыг хуульч Б.Батсэлэнгэ онцолсон. Хүү бууруулах эдийн засгийн хөрс нь бэлэн биш байхад хүчээр бууруулах нь эдийн засагт эргээд зохиомол өөрчлөлт авчрахаас өөр үр дүнгүй.

Угтаа зээлийн хүү өчигдөр өсөөд, өнөөдөр өндөр болсныг бид гайхаад зогсож байгаа юм биш. Өнгөрсөн 30 орчим жилийн эдийн засгийн бодлогын товч үр дүн юм. Банкны салбарыг онилсон хэд хэдэн хуулийн төслүүд шат шатны хэлэлцүүлгийн гол сэдэв болчихоод байна. Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй зэрэгцээд банкны тухай хуулийн шинэчлэлээр ч хэлэлцүүлгүүд өрнөж байгаа. Өчигдөр мөн банкны талаарх эрх зүйн баримт бичгийн төслийг УИХ-д өргөн барьсан нь Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах тухай байв. Санхүүгийн салбартай холбоотой эрх зүйн орчны талаар хэлэлцэж буй энэ үед уг талбарт оролцогчид, мэргэжлийнхний байр суурь юу юунаас илүү чухал болохыг бизнес эрхлэгчид онцолж байна. Эс бөгөөс ойлгоогүй тусмаа хашгирах амар гэдэг шиг эдийн засгийн энгийн мэдлэгтэй иргэн хүртэл сонсоод инээд хүрэм үгс ярьдаг зарим улстөрч санхүүгийн зах зээлийн дүрмийг зохиож мэдэхээр байна.


ХӨГЖЛИЙН ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА НЬ ЦАГАА ОЛЛОО
С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор

-Зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхий дахин санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ сорилтуудын өмнө ирээд байна. Эдийн засгийн нөөцийг зүй зохистой хуваарилж, улс орны хөгжлийг хурдасгах суурь хүчин зүйл нь олон тулгуурт, тогтвортой санхүүгийн салбар юм. Дээр нь ард иргэдийн агаар, ус мэт амин хэрэглээ болсон санхүүгийн зах зээл байнгын эрсдэлгүй, баталгаатай, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдсан байх учиртай. Ийм цаг үед “Bloomberg Finance Forum” хэлэлцүүлгийг зохион байгуулж, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, олон улсын туршлага, хөгжлийн хандлагыг хэлэлцэж байгаа нь чухал.

ОРОЛЦОГЧИД ӨӨРСДӨӨ АСУУДЛАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Б.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгч

-Хэрвээ зах зээлийн гол оролцогчид өөрсдөө уулзаж, шийдлээ хэлэлцэхгүй бол энэ салбарыг огт мэддэггүй, оролцдоггүй хэсэг бүлэг хүн бидний өмнөөс салбарын чухал шийдвэрүүдийг тодорхойлох гээд байна. Тиймээс буруу шийдвэр гаргахаас нь урьдчилан сэргийлж, нэг дор чуулж, асуудлаа шийдэхээс өөр аргагүй. Үүнийг ч Монголын санхүү, эдийн засгийн гол эх сурвалж болох National News Corporation зохион байгуулж буй нь цагаа олсон үйл явдал. Манай шийдвэр гаргагчид руу судалгаа шинжилгээгүй, нийтийн хэлэлцүүлэггүй түүхий хуулийн төсөв очвол тэд юу ч хийж мэднэ. Миний хувьд Банкны тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

ТОДОРХОЙ ГАРЦ, ШИЙДЛЭЭ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАА
Ө.Ганзориг “Голомт” банкны гүйцэтгэх захирал

-Санхүүгийн зах зээлийн өнөөгийн хөгжилтэй холбоотой зөв ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой цагаа олсон арга хэмжээ боллоо. Мөн энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлэг байдлаар уг арга хэмжээг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй байв. Миний хувьд “Санхүүгийн зах зээл: Зээлийн хүү” хэлэлцүүлэгт оролцсон. Үүн дээр зээлийн хүү гэж юу болох, түүнийг хэрхэн тогтоож, бууруулах вэ гэдгийг маш тодорхой гаргаж ирсэн гэж бодож байна. Зээлийн хүү бууруулахад маш олон хүчин зүйл чухал нөлөөтэй. Иймд тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь чухал.

ЭРҮҮЛ БОДЛОГЫН ТАЛБАР БИЙ БОЛЛОО
Д.Ган-Очир Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал

-Санхүүгийн салбарын хөгжилд мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, байр суурь, судалгаа, тооцоонд суурилсан гарц, шийдэл чухал. Энэ утгаараа мэргэжлийн хүмүүс нэг дор цуглаад, өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлаа ярьж, шийдэлд хүрэхээр зорьж байна. Харилцан санал солилцох нь эрүүл бодлого, эрүүл хэлэлцүүлгийг өрнүүлдэг. Тэр жишиг энэ хэлэлцүүлэгт хадгалагдсан. Зээлийн хүүг бууруулахад Монголбанкны оролцоо хязгаарлагдмал байдгийг ойлгох хэрэгтэй. Зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийг хэрхэн удирдсаны үр дагавар. Урт хугацаанд зээлийн хүүг бууруулахын тулд эдийн засгийг төрөлжүүлэхээс өөр гарцгүй.



САНАЛ БОЛГОХ