Төрийн “махны машин”-д түлхүүр зоогоод орхив

Нийтлэлчийн булан


Цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй


Хүн болж төрчихөөд араатан шиг авирладаг, амьд хүнээр зугаагаа гаргаж садарладаг, бусдын амьдралыг үгүй хийдэг гэмт этгээдүүдэд цаазын ял оногдуулах ёстой хэмээн нийгмийн нэг хэсгийнхэн үзэх болов.
Энэ хандлагаа ч сүүлийн үед нуухаас зүрхшээхээ байв. Бүр үүнийг Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг Ерөнхийлөгч маань өөгшүүлэн дэвэргэж, цаазаар авах ялаас татгалзсан Монгол Улсын байр сууриас ухрах хүсэлтэй буйгаа нууж хаалгүй шууд хэлж байна. Тэрбээр нийгмийг сэрдхийлгэсэн буюу бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргүүдээр “шалтаглан” цаазын ялыг сэргээхийг хүссэнээ илэрхийлсэн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын факт зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон гэрээ конвенцийг уландаа гишгэх завдал болов.

Түүхийн хуудсыг улаанаар будсан 1930-аад оны цуст хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн нойтон хуудас хатаж амжаагүй байхад цаазын ялыг сэргээх талаар ярьж эхэлсэнд өөд болоочдын төрөл төрөгсөд гүнээ харамсан, зэвүүцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн нь нэгийг бодохын дохио гэлтэй. Хүмүүс, тэр дундаа өнгөрсөн 27 жилийн турш өгсөн амлалтаасаа буцаж, нийгмийн сайн сайхны төлөө нэрийдлээр хувийн ашиг хонжоог эрхэмлэн дээдэлдэг улстөрчдийн бий болголцсон ядуурал, архидалт, нийгмийн сэтгэлгээний хэм хэмжээний гүн доройтлоос эхтэй зах замбараагүй яргаллыг төрийн “махны машин”-аар үгүй хийнэ гэдгээ нийгмийн захиалга мэтээр ярих нь нийгэмд цочрол үүсгэлээ. Угтаа бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн юм.

Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард хуульчилж, өнгөрөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авахыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ингээд манай улс энэ оноос цаазын ялгүй улсын тоонд албан ёсоор орсон юм. Гэхдээ цаазын ялаас татгалзах санал, санаачилга олон удаа гарч байжээ. Тодруулбал, Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр өнөөг хүрсэн байна. Харин энэ ялыг 18 нас хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оноохыг хуулиар хориглосон байж. Зөвхөн долоон төрлийн гэмт хэрэгт цааз оноодог байсан. Үүнд, төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн гэмт хэрэг багтдаг байв. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу гэсэн асуултаас болж нийгэм хоёр хэсэгт хуваагдав. Нэг хэсэг нь цаазын ялыг сэргээхгүй бол нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо өсөж, гэмт этгээдүүдийн үйлдэл улам харгис, хэрцгий болж байна хэмээн шүүмжилдэг.

Тэр ч бүү хэл зарим нь хэдхэн төгрөгийн төлөө хүний өмнөөс хэрэг хүлээж, жинхэнэ ялтнууд гадуур сэлгүүцэх боллоо. Мөн гэмт хэрэгтнүүдийг насан туршид нь хорих замаар төр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээхийг эсэргүүцдэг бүлэг хүмүүс ч бий. Товчхондоо, Үндсэн хуульд тунхагласнаар хүний эрхэм дээд эрх нь амьд явах гэдэг ч хэн нэгний эрхэм дээд эрхийг булшилчихаад өөрийн амийг хоохойлох нь шударга ёсонд үл нийцнэ хэмээн тэд үзэж байна. Тэгвэл цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, профессор О.Мөнхсайхан дурджээ. Тэрбээр “Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого, үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг хороох нь байж болшгүй явдал” хэмээн тайлбарлажээ. Үүнийг батлах олон улсын жишээ ч бий. Тодруулбал, Канад улс 1975 онд цаазаар авах ялаас татгалзсан. 2006 оны байдлаар тус улсын онц хүнд гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байдаг. Энэтхэг улсад ч мөн адил 2004-2010 онд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч онц хүнд гэмт хэрэг 20 гаруй хувиар буурсан статистик бий. Үүнээс гадна цаазаар авах ялыг сэргээх нь улстөрчид өрсөлдөгчөө намнах боломж олгодог байна. Өөрөөр хэлбэл, улс төр хийх хэрэгсэл болгон ашиглах магадлал өндөр байдаг аж.

• Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр өнөөг хүрсэн байна.

• Цаазаар авах ялыг сэргээх нь улстөрчид өрсөлдөгчөө намнах боломж олгодог.

• Монгол Улсад цаазаар авах ял оногдуулах үед шүүхээс гаргах алдаа 30 гаруй хувь байх магадлалтайг судалгаагаар тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллага, тагнуулыг улс төрийн зорилгоор ашиглах явдал их ажиглагдаж байна. Ийм нөхцөлд цаазаар авах ялыг сэргээх юм бол улстөрчид өрсөлдөгчөө гэм буруугүй байхад нь гүтгэж, хэлмэгдүүлэх өндөр магадлал байгааг профессор О.Мөнхсайхан онцолсон юм. Мөн манай улсад хөдөлшгүй баримтаар хүний гэм бурууг бүрэн тогтоож чадахгүй байна гэж олон улсын байгууллагын шинжээчид үзжээ. Гэрчийн мэдүүлэг бүрэн нотолгоо биш тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх нөхцөл маш их байгаа гэнэ. Үүнийг нотлох хангалттай баримт ч бий. Тухайлбал, төрсөн ах нь дүүгээ хүчиндсэн гэж буруутгагдан, цаазаар авах ял оноогоод гүйцэтгэчихсэн. Гэтэл таван жилийн дараа гэм буруугүй нь тогтоогдож, жинхэнэ гэмт хэрэгтэн нь илэрчээ.

Мөн Завхан аймгийн Эрдэнэ-Очирын хэрэг гэж бий. Энэ хүн зургаан жил найман сар хоригдож, гурван удаа цаазын ял сонссон. Сүүлд гэм буруугүй нь тогтоогдсон байна. Энэ бол хууль шүүхийн байгууллагын алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих магадлал их байгааг илтгэж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсад цаазаар авах ял оногдуулах үед шүүхээс гаргах алдаа 30 гаруй хувь байх магадлалтайг судалгаагаар тогтоожээ. 2000 онд шүүх нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар гурвыг нь өөрчилж, хоёрыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Товчхондоо, нэг жилийн хугацаанд цаазын ял сонссон иргэдийн 40 орчим хувийн шийдвэр өөрчлөгдсөн аж. Энэ нь гэм буруугүй иргэдийг гэмт хэрэгтэн болгож буйн тод жишээ. Хилс хэрэгт холбогдож, ялаа эдэлсэн иргэний өмнө төр буруугаа хүлээж, нөхөн төлбөр олгодог.

Харин цаазын ялаар шийтгэгдсэн иргэнийг амьдруулах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, цаазаар авах ялыг сэргээх нь хохирогчид бас энэ ялыг эчнээ оногдуулж байгаагаас ялгаагүй. Учир нь ах дүү, төрөл төрөгсдийнхөө зүгээс ойр дотны хүнээ цаазаар авахуулсан ял зэмд насан туршид унаж, чичлүүлж, өөрийгөө буруутгаж явахыг ихэнх хохирогч хүсэхгүй, хэрэг улам бүр далд болно. Өөрөөр хэлбэл, хохирогчийг улам эмзэг, эрсдэлт байдалд оруулдаг байна. Тиймээс тус болох гээд ус болж байгаагаас ялгаагүй гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал онцолжээ. Харин олон улсын жишигт нөхцөл байдал эсрэгээрээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 170 орон цаазаар авах ялаас татгалзаад байна. Харин цаазаар авах ял ногдуулан гүйцэтгэсэн нь тогтоогдсон тохиолдлуудын 87 хувь нь Ирак, Иран, Пакистан, Саудын Араб зэрэг дөрвөн оронд ногдож байна гэсэн тоо баримтыг НҮБ-аас гаргасан юм. Жил бүрийн аравдугаар сарын 10-нд тохиодог Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Өнгөрсөн сард Африкийн Гамби болон Мадагаскар улс цаазын ялыг хүчингүй болгосон нь чухал алхам болсон. 2016 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо өмнөх онтой харьцуулахад 37 хувиар буурсан байна.

Өнөөдрийн байдлаар цаазаар авах ялын гүйцэтгэлийн 87 хувийг дөрөвхөн орон эзэлж байна. Баттай мэдээлэл байхгүй ч үүнээс гадна Хятад улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо маш өндөр байдаг” гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна одоогийн байдлаар гэмт хэрэгтнүүдийг цаазаар авч буй хамгийн том бөгөөд өрнөдийн цорын ганц орон нь АНУ. Тус улсын нийт 51 мужаас 31 нь ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс нийгмийн цахим сүлжээнд автаж, хэн нэгний төрөхөд нь баталгааждаг амьд явах язгуур эрхэнд “халдах” гэж буй шийдвэрээ эргэж харах хэрэгтэй. Угтаа бол гэмт хэрэг гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэл, архидалт ихсэхээр гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Эдгээр асуудлыг шийдсэний дараа л гэмт хэргийн гаралт буурна. Түүнээс биш цаазаар авах ялыг сэргээснээр дээрх бүх асуудлыг шийдэхгүй.





САНАЛ БОЛГОХ