Дунд хугацаанд чангалах баадуу

Мэдээ


Шинэ нисэх буудал аялал жуулчлалын орлогыг хоёр дахин тэтгэнэ

Монголчуудын дээр, дооргүй хэдэн жил мөрөөдөж буй нэг сэдэв нь жилд нэг сая жуулчин хүлээж авах. Гэсэн ч жуулчны тоо нь жилд 400 орчим мянгаас төдий л хэтрэлгүй бараг арваад жилийг элээжээ. 2016 онд 404.1 мянган жуулчин хүлээж авсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар энэ тоо 16.48 хувийн өсөлттэй, орлого нь ч 23.4 хувь нэмэгдсэнийг Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ)-ноос мэдээллээ. Энэ онд жуулчдын тоо ийн өсөлттэй байгаа нь өнөөх дуулиант АСЕМ-ийн буян гэдгийг аялал жуулчлалын бизнес эрхлэгчид онцолж байгаа юм. Харин энэ баадуугаа улам чангалсаар Монголыг зорих жуулчдын тоог 2020 он гэхэд мөрөөдлийн түвшинд хүргэнэ гэдэгтээ салбарын яамныхан итгэл төгс байна. Гэхдээ түүнээс өмнө манай агаарын тээврийн “Оюу толгой” гэгдэх шинэ нисэх буудал ашиглалтад орчихвол шүү дээ.

Хэрэв мөрөөдөл биелбэл 2020 он гэхэд аялал жуулчлалаас олох орлого хоёр дахин өсөж, 635 сая ам.долларт хүрэх юм. Харин энэ бүхэн мөрөөдөл биш гэдгийг батлахад гялтайх од, гийх нар нь дунд хугацаанд шинэ нисэх буудал байх бололтой. Товчхондоо, агаарын тээврийн хүчин чадлыг сайжруулахгүйгээр мөрөөдөлдөө хүрч чадахгүй гэх дүгнэлтэд хүрээд буй аж. ЗТХЯ-ны статистикаар 2016 онд агаарын тээврийн зорчигчийн урсгал 790 мянга хүрсэн байна. Үүнийг тогтоохын тулд нэг зорчигчийн орсон, гарсныг давхар тооцдог. Тиймээс үндсэндээ 395 мянган жуулчны 220 мянга нь дотоодын, үлдсэн 175 мянга нь гаднынхан гэдгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Тэгэхээр бид энэ урсгалыг нэмж байж нэг сая жуулчин авна. Түүнээс биш сурталчилгаа хэчнээн хийгээд нэмэргүй. Бээжин рүү өдөрт хоёр нислэг үйлдэж байхад ч тасалбар олддоггүй гэх мэдээллийг жуулчны компаниуд бидэнд өгдөг” гэв. Манай аяллын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг доош татдаг нэг үзүүлэлт нь яалт ч үгүй агаарын тээврийн хүчин чадал, тасалбарын үнэ гэдгийг салбарынхан хэлдэг. 2-3 мянган ам.долларын үнэтэй багц аяллын тэн хагас, зарим тохиолдолд 70 хувь нь нислэгийн үнэ байх тохиолдол ч бий. Газар зүйн байрлалын хувьд Ази, Европыг холбосон маш том давуу талтай атлаа олон улсад тогтмол долоо, захиалгат зургаан чиглэлд л нислэг үйлддэг.

Шинэ нисэх буудал зорчигч тээврийн урсгалыг жилд 2.5 дахин нэмэгдүүлэх боломжтой
Хэрэв агаарын тээврийн хүчин чадал сайжирвал заавал жилдээ гэлтгүй зундаа ч нэг сая жуулчин хүлээгээд авчих дэд бүтэц нэг үеэ бодвол бий болоод буй. Хорват улс л гэхэд зөвхөн зундаа 10 сая жуулчин хүлээгээд авчихдаг аж. Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр тус улс 136 орноос 32, манайх 102 дугаарт эрэмбэлэгджээ. Хорват агаарын тээврийн дэд бүтцээрээ 52, манайх 95 дугаарт бичигдсэн байна. “Жуулчид Монгол руу ирэхийн тулд хоёр жил бэлдэж, нэг жилийн өмнө захиалгаа өгдөг. 2018 оны зуны захиалгыг 2017 оны хавар авдаг. Гэтэл саяхан нэгэн авиа компанийн нислэгийн хуваарь өөрчлөгдсөнөөс жуулчдад ихээхэн хүндрэл учирч, үүнээс үүссэн алдагдлыг нь тухайн тур оператор төлөхөөс аргагүй болсон” хэмээн МАЖХ-ны Ерөнхий менежер Б.Отгон ярилаа. Мөн “Нью жуулчин турс” үүнээс болж аяллын хөтөлбөртөө өөрчлөлт оруулж байсан байна.

Харин тухайн авиа компани эл шийдвэрийнхээ шалтгааныг хүчин чадалтайгаа холбон тайлбарласан аж. Тиймээс нисэх буудлыг нэн даруй ашиглалтад оруулж, нислэгийн чиглэл, авиа компанийн тоог нэмэгдүүлэх нь нислэгийн үнэ хямдрах, улмаар жуулчдын их урсгалыг татах нь эргэлзээгүй. Улмаар одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлийг арилгаж, зурвас ашиглалтыг 73-98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2.3-0.5 хувь болгож бууруулах боломжтой хэмээн төслийн нэгж мэдээлсэн. Тэрчлэн зорчигч тээврийн урсгалыг жилд 2.5 дахин нэмэгдүүлэх боломжтой юм. Зам, тээврийн хөгжлийн яам ч аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн санаачилгатай ажиллаж буйгаа илэрхийлсэн. Шинэ сайд ажлаа авангуутаа жуулчлалын идэвх муутай улиралд буюу 9-5 дугаар сард нислэгийн үнийг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг даруй хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаад буй.

Харин гаднынхны өмнө Монголын нэрийг тахалж яваа хувийн хэвшлийнхэн нэг сая жуулчин авахад нислэгээс гадна гадаад сурталчилгаа, жуулчлалын улирлыг сунгах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй юм. Discover Mongolia Travel компанийн захирал Б.Барсболд “Гадаад сурталчилгаа жуулчдыг татахад маш том үүрэг гүйцэтгэдэг. IBT Берлин, АСЕМ зэрэг арга хэмжээний дараа Монголыг зорьдог жуулчид нэмэгддэг. Чанартай жуулчид буюу эдийн засгийн өгөөж ихтэй багц аяллын хэрэглэгчдийг татахад гадаад сурталчилгаа хийж байгаа тур операторуудын тоог жил бүр нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин Mongolia Expedition компанийн гүйцэтгэх захирал С.Алдархишиг жуулчдын урсгалыг арай өөрөөр харж буй. Тэрбээр “Бид үйлчилгээгээ сайжруулахаас өөр сонголтгүй. Монгол Улс аяллын онцгой бүтээгдэхүүнтэй нь үнэн.

Гэхдээ дэлхий даяар жуулчдын “нялцгай” давхарга эрчээ авч байна. Өмнө нь “Уаз 469” машинд хэдэн жуулчин чихэж, хойноо чиргүүл дээр 100 литрийн торхтой түлшээ ачаад явдаг байсан үе өнгөрсөн. Аливаа улс оронд жуулчдын түүчээ нь болдог аялагчид гэж бий. Тэдний гаргасан жимээр дараа дараагийн үеийнхэн орж ирдэг. Монголд ч мөн адил масс буюу илүү тав тух, хүртээмжтэй үйлчилгээг чухалчилдаг давхарга нь ирж байна” хэмээв.




САНАЛ БОЛГОХ