OECD: 2018 онд дэлхийн эдийн засаг 3.7 хувиар өснө

Мэдээ

Францад төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлангаа танилцууллаа. Дэлхийн эдийн засаг сүүлийн долоон жилийн хамгийн өндөр хурдаар өсөж байгаа гэж тус байгууллага үзэж байна. Дэлхийн эдийн засаг 2018 онд 3.7 хувиар өснө гэж тооцоолж байгаа нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт болж байгаа юм. Харин 2019 оноос өсөлт бага зэрэг удааширч, 3.6 хувьд хүрэх төлөвтэй байна. Хэдий тийм боловч эдийн засгийн өндөр өсөлт цаашид удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг тус байгууллага анхааруулж байгаа юм. Тиймээс өсөлтийг урт хугацаанд тогтвортой түвшинд барих, иргэдийнхээ амьжиргааны түвшнийг сайжруулахад илүү анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцолж байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хэтэрхий өндөр байгаа, дээрээс нь зах зээлд уналт бий болсон тохиолдолд эрсдэл үүсэж болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байгаа юм.

АНУ-ын эдийн засаг ирэх онд 2.5 хувиар тэлнэ гэж үзэж байгаа бол БНХАУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засагтай улсын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. Мөн Европын Холбооноос гарах BREXIT-ийн хэлэлцээг үргэлжлүүлж буй Их Британийн эдийн засгийн өсөлт цаашид буурах хандлага ажиглагдаж байгааг энэ тайланд дурджээ. Харин Энэтхэг, Бразил тэргүүтэй BRICS-ийн орнуудын эдийн засаг сэргэж, өсөлтийн бүсэд шилжинэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үзэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа "Дэлхийн эдийн засаг өсөлтийн бүсэд хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр хурдаар тэлж байна. Энэ нь тэргүүлэх эдийн засагтай улсуудад эдийн засаг удаашраагүйг илтгэн харуулж байгаа юм. Өмнөх тайланд дурдаж байсанчлан нөхцөл байдал цаашид сайжрах болно. Гэхдээ энэ нь хангалттай түвшинд биш байна. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүлэхтэй зэрэгцээд эрсдэлүүд байгааг тооцох хэрэгтэй. Тиймээс эдийн засгийн өсөлтийг илүү өргөн хүрээнд тогтвортой түвшинд хадгалах нь маш чухал" гэж мэдэгдлээ.





САНАЛ БОЛГОХ