АНУ-ын Төв банкны тэргүүнд нэр дэвшигч Жером Пауэлл бодлогын хүүг өсгөхийг дэмжив

Мэдээ

АНУ-ын Төв банкны тэргүүнд нэр дэвшигч Жером Пауэлл бодлогын хүүг аажмаар өсгөх бодлогыг дэмжлээ. Тэрбээр “Хэрэв сонгогдвол дахин санхүүгийн хямралд орохоос хамгаалах тухай Конгрессын бодлогыг үргэлжлүүлж, банкнуудад тавих хяналт шаардлагыг бууруулна” гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-ын Төв банкны тэргүүнд нэр дэвшигч Жером Пауэлл "Хэрэв би Төв банкны тэргүүн болбол эдийн засгийг бүрэн сэргээхийн тулд одоогийн ахиц дэвшлийг үргэлжлүүлэхэд анхаарна. Бидний зорилго бол хөдөлмөрийн зах зээлийг бат бөх хадгалж, инфляцыг аажмаар зорилтот түвшинд хүргэх явдал юм. Бодлогын хүү аажмаар өсөж, тайлан тэнцлийн хэмжээ буурна гэж таамаглаж байна. Гэхдээ бид аль болох урьдаас таамаглаж болох бодлогыг баримтална. Ирээдүйг бүрэн дүүрэн таамаглах боломжгүй. Тиймээс бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Өнгөрснөөс сурсан сургамждаа үндэслэн бид хариу арга хэмжээг шийдэмгий авдаг байхад бэлэн байх хэрэгтэй, манай улсын санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд гэнэтийн эрсдэл гарсан тохиолдолд зохих арга хэмжээг авахад бэлтгэлтэй байх нь чухал" гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны тэргүүнд Жером Пауэллийг нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнийг томилох тухай нээлттэй сонсгол мягмар гарагт боллоо. Тус банкны одоогийн тэргүүн Жанет Йеллений бүрэн эрхийн хугацаа ирэх хоёрдугаар сард дуусна. Жером Пауэлл "АНУ-ын ажилгүйдлийн түвшнийг дөрвөн хувиас доош болгож бууруулна" гэж мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Энэхүү үзүүлэлт одоогоор 4.1 хувьтай буюу 16 жилийн доод түвшинд байгаа ажээ. АНУ-ын Төв банкны бодлогын зөвлөл ирэх сарын 12-13-нд хуралдах бөгөөд хурлаар бодлогын хүүг өсгөх магадлал 93 хувьтай байна. Харин Холбооны Нөөцийн банк ирэх оноос шинэ тэргүүний удирдлага дор бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байж магадгүй нь шүүмжлэл дагуулна гэж шинжээчид онцолжээ.




САНАЛ БОЛГОХ