Brexit-ээс үүдсэн доргилт
Нийтлэл
Их Британийн эдийн засаг 2020 оноос бие даан тэнцвэрээ олно
Биднийг шоконд оруулж орхилоо, британичууд. Дэлхий даяар мэл гайхаж, цэл хөхөрсөн улс юу хэлэх, хийхээ мэдэхгүй мэгдэн сандарч байна. Тэр ч бүр хэл, британичууд хүртэл хийсэн сонголтондоо итгэж ядан, “Бид юу хийчихэв” хэмээн эргэлзэж байна. “Би Европын холбоог орхихоор саналаа өгсөн. Гэхдээ миний санал ингэж нөлөөлнө гэж бодоогүй” хэмээсэн сэтгэгдэл ар араасаа цуварч харагдана. Харууслын аяз цахим ертөнцөд ийн хөвөрч байна. Их Британи Европын Холбоог орхих, эсэх санал хураалтад нийт 33.5 сая хүн оролцжээ. Тэдний 51.9 хувь орхихыг дэмжсэнээр ангайлгаж, алмайруулсан мэдээнүүд тасралтгүй урсаж эхэлсэн. Мэдээж, британичуудын сонголт дэлхий нийтийг цочроосон. Үүний араас Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэв. Гэвч огцрох асуудал үүгээр төгссөнгүй. Европын Холбоон дахь Их Британийн комиссар Жонатан Хилл албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Бараан мэдээнүүд үүгээр зогссонгүй.
ХАР БААСАН ГАРАГИЙН БАРААН МЭДЭЭНҮҮД
Хамгийн түрүүн зах зээл хүчтэй савлалаа. Арилжаа бараг Brexit-ийн дүнг даган өгсөж, уруудаж байсан гэхэд болно. Баасан гарагийн арилжааг уншигч танд зураглан хүргэе. Арилжааны эхэн буюу санал хураалтын дүн танилцуулж эхлэхэд Европын Холбоонд үлдэхийг дэмжигчид илүүрхэж байлаа. Иймд фунтын ам.доллартай харьцах ханш 1.5 хувиар чангараад байв. Гэвч арилжааны дунд үед орхихыг дэмжигчид түрж, зах зээлийн муруй уруудав. Арилжааг харьцангуй өөдрөг эхэлж байсан Их Британийн мөнгөн тэмдэгтийн ханш найман хувиар доошлов. Тодруулбал, 1.36 ам.доллартай тэнцэж байсан фунтын ханш унаж, 1.32-т хүрсэн. Энэ нь 1985 оны дунд үеэс хойших ёроолын цэг. Бас евротой хослох фунт стерлингийн үнэ зургаан хувиар буурлаа. Зах зээл ийн савлахтай зэрэгцэн хөрөнгө оруулагчид ч сандарч эхлэх нь тэр. Тэд найдвартай хөрөнгө оруулалтын эрэлд гарч, шар металлын ханш санаанд оромгүй чангарлаа. Манай экспортын гол бүтээгдэхүүн алтны ханш 4.7 хувиар өсөж, унци нь 1300 ам.долларыг давав. Харин газрын тос, зэс зэрэг түүхий эдийн үнэ унасан. Энэ уналт хувьцааны захыг доргиов. Мэдээж, Их Британийн хувьцаануудыг нөмрөх нь тодорхой. Лондоны хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 100 компанийн хувьцааны ханш дунджаар долоон хувиар буурчээ. Улмаар уналт газар авч, Европын Холбоо, Америк, Азийн зах зээл рүү халив. АНУ- ын “Dow Jones”, “Wall Street”, “Nasdaq” индекс 3.4-4.1 хувиар уруудлаа. Тухайлбал, Nasdaq индекс 4.1 хувиар буурсан. Энэ нь 2011 оноос хойших нэг өдрийн хамгийн огцом уналтад тооцогдож байна. Тэрчлэн баасан гарагийн шөнө олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Их Британийн зээлжих зэрэглэлийн төлөвийг нэг шат бууруулж, сөрөг болгосноо мэдэгдэв. Тус агентлаг Нэгдсэн вант улсын эдийн засгийн өсөлт саарна гэж дүгнэжээ. Гэхдээ эдгээр уналт Европын Холбооны “хохирол”-ын дэргэд юу ч биш. Европын жишиг индекс Stoxx Europe 600 долоон хувиар доошилсон. Тэрчлэн Европын хувьцааны ханш хоёр оронтой тоогоор унасан байна. Евро бүсийн хамгийн том банк “Santander”-ийн хувьцааны ханш Мадридад 20 хувиар уруудлаа. Мөн “BNP Paribas” 17.4, “Deutsche” банкных 14.1 хувиар буурав. Энэ их уналтын завсар зах зээлээс нийт хоёр их наяд ам.доллар “хийссэн” гэвэл та итгэх үү. Ийм нэгэн амаргүй хар баасан гарагийг дэлхий нийт үдлээ.
Манай экспортын гол бүтээгдэхүүн алтны ханш 4.7 хувиар өслөө
СОНГОЛТЫН ДАРААХ СОРИЛТУУД
Гэвч эх дэлхий эргэдгээрээ эргэнэ. Энэ уналт, орхилтын дараа Их Британийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ? Сонголтын дараах сорилтууд ар араасаа хөвөрч байна. Их Британийн эдийн засгийн богино, дунд, урт хугацааны төлөвийг шинжээчдийн таамгаар тоймлон хүргэе. Богино хугацаанд, мөнгөн тэмдэгтийн ханш суларч, хөрөнгийн зах зээлд нь уналт давамгайлах төлөвтэй байгаа аж. Мөн худалдаа хумигдаж, томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ унана. Ирэх гурван жилд Лондонд оффисын үнэлгээ 20 хүртэлх хувиар буурах хүлээлттэй. Гэхдээ Европын холбоог орхисны нөлөө ойрын хугацаанд төдий гарахгүй гэж шинжээчид тооцоолжээ.
Дунд хугацаанд, макро эдийн засагт нөлөөлж, ДНБ-ий өсөлт саарна. Бараг зогсоно гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. “Goldman Sachs”-ийн тооцоогоор ирэх онд хоёр хувь байсан Их Британийн эдийн засгийн өсөлт Brexit-ийн дараа 0.2 хувь болж саарах төлөвтэй байна. Мөн ажилгүйдэл гаарч, 2018 онд оргилдоо хүрэх гэнэ. Европын Холбоог орхисноор 380 мянган хүн шууд ажилгүй болно гэсэн тооцоо гарчээ. Улмаар эдийн засаг нь 2008-2009 оны хямралын үеийнх рүү дөхнө гэсэн үг.
Урт хугацаанд, Их Британийн эдийн засгийн агшилт гаарна. 2021 он гэхэд ДНБ нь 4.5 хувиар буурах төлөвтэй байна. Гэхдээ энэ хүрээд савлагаа зогсож, Их Британийн эдийн засаг бие даан, тэнцвэрээ олж эхэлнэ гэж шинжээчид таамаглаж байна.
СОРИЛТЫГ ДАВАХ ШИЙДЭЛ
Гэхдээ сорилтуудыг давах шийдлийг хэдийнэ боловсруулаад эхэлжээ, Нэгдсэн Вант улс. Английн Төв банкнаас эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогоо улам тэлэхэд бэлэн гэж мэдэгдлээ. Өдгөө 0.5 хувьтай байгаа бодлогын хүүгээ тэг рүү улам ойртуулах аж.
Харин худалдааны тухайд экспортын 44 хувийг худалдан авдаг Европын Холбоог орлох түншээ ч хайж эхэллээ. Нэгдсэн Вант улс АНУ-тай Чөлөөт худалдааны гэрээ байгуулж магадгүй байна. Мөн хурдацтай тэлж буй Хятад, БНСУ, Энэтхэг зэрэг улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх хүлээлттэй байна. Ингэснээр хэтдээ бие даасан эдийн засгийг цогцлооно гэж үзэж буй аж.
Үүнтэй зэрэгцэн Европын Холбоо ч бэлэн байдал зарлаад байна. Европын Холбооны удирдагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Берлинд чуулж, Brexit- ийн асуудлаар хэлэлцэж байна. Британичуудын сонголттой зэрэгцэн Франц, Итали улсын сөрөг хүчнүүд гарах тухай ам нээж, үг цухайлгасан. Иймд Их Британиас гадна Европын Холбооны нэгдмэл байдлыг мөн хангахаар хэлэлцэж байгаа аж. Үүнээс гадна Холбоог орхихоор шийдсэн Нэгдсэн Вант улс ч дотроо задарч магадгүй байна. Учир нь Шотланд Их Британийг орхих яриа гараад эхэлжээ.
Эцэст нь, 1.3 сая хүнээр илүүрхсэн энэ сонголт эцсийнх биш. Учир нь бүх нийтийн санал хураалтын дүнг шууд дагаж мөрдөхөөр хуульчлаагүй. Иймд Их Британийн парламентаар хэлэлцүүлэх болно. Бас Их Британийн иргэд гарлаа гээд гарчихдаг юм биш хэмээн Европын удирдагчид тайлбар өгөв. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск “Нэгдсэн Вант улс холбооны 27 гишүүний дэмжлэгийг авч байж бүрмөсөн орхино. Үүнд багадаа таван жилийн хугацаа зарцуулна” гэж мэдэгдсэн байна. Тэрчлэн Лиссабоны гэрээ ёсоор Европын Холбоотой зөвшилцөхөд хоёр жилийн хугацаа бий аж. Иймд хөгшин тивд өрнөх хөдөлгөөнийг анхааралтай ажиглах л үлдэж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй