Зочид буудлын салбарын орлого 112.6 тэрбум төгрөгт хүрэв

Мэдээ

Зочид буудлын салбарын орлого 2017 оны эхний гурван улиралд 112.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна. Үүнд гурав болон түүнээс дээш одтой дээд зэрэглэлийн зочид буудлуудын орлого гурван тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин салбарын зардал 132.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32.6 хувиар буурсан байна. 2017 оны эхний есөн сард хүлээж авсан зочдын тоо 462 мянга болж, өмнөх оноос 62 мянгаар өссөн дүнтэй гарчээ. Хэдий тийм боловч нэг зочинд ногдох орлого буурсан байна.

АSЕМ-ийн арга хэмжээ зохион байгуулагдсан 2016 оноос орлого өндөр байгаа нь сайн хэрэг гэдгийг салбарынхан онцолж байсан юм. Түүнчлэн энэ онд багтаж шинээр “Toyoko Inn” зочид буудал нээгдэх хүлээлттэй байна. Зочид буудлын салбар нь хамгийн ширүүн өрсөлдөөнтэй талбаруудын нэгт тооцогддог.

Харин нийтийн хоолны салбарын орлого оны эхний гурван улиралд 224.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн байна. Үүнээс захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 17.8 тэрбум төгрөг хүрч, 53 хувиар өсжээ. Харин рестораны орлого 17.7 хувиар өсөөд байгаа юм.




САНАЛ БОЛГОХ