Улстөржсөн ард түмэн улс орноороо сүйрдэг

Мэдээ


Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу атлаа төдий тооны хүн намын гишүүнчлэлтэй

Монголд улс төрийн 27 нам бүртгэлтэй байна. Тэдгээрт нийт 657800 хүн гишүүнчлэлтэй гэж Улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудсанд бичсэн байх юм. Хамгийн олон гэж тодорхойлж болох МАН гэхэд л 161 мянга гаруй гишүүнтэй бол Ардчилсан нам болон Эх орон нам тус бүр 150 мянган гишүүнтэй хэмээн бүртгүүлжээ. Зөвхөн энэ онд л гэхэд Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам гэсэн гурван нам шинээр байгуулагдсан байна.

Үргэлжлүүлээд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд зочиллоо. Хүн амын бүртгэлийн цэснээс Монгол Улсад 19-өөс дээш насны 1.9 сая гаруй иргэн байгааг мэдэж авав. Дээрх хоёр статистикийг харвал дунджаар Монголын насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн улс төрийн намын гишүүн байж таарах нь. Харин нийт хүн амаа тооцвол 20 орчим хувь нь аль нэг намд харьяалагддаг гэсэн үг. Улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх тохиолдол бас бий. Угаасаа намуудын чансааг тодорхойлох шалгуурт гишүүдийн тоо нь хэд байх нь нөлөөлдөг тул нөхдүүд жаахан дэгсдүүлж бичүүлсэн ч байж магадгүй. Парламентад нэг ч суудалгүй, өмнө нь ч авч байгаагүй, тэр байтугай улс төрийн аль ч шатны сонгуульд бие даан, хамтарч, эвсэж оролцож үзээгүй энэ олон эрээвэр хураавар нэртэй намууд хамгийн багадаа 803 гишүүнтэй байна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй байна уу.

Улс орон ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэжээ
Тэгвэл Монголын хувьд байж болдог юм байна гэдгийг хэдхэн сарын өмнөх нэгэн судалгаа нотолно. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) Дэлхийн Банктай хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 орны 51 мянган гэр бүлээс авсан судалгааны тайлангаа танилцуулсан. Энэ нь нийгэм улс төрийн шилжилт хийсэн орнуудын иргэдийн үзэл бодол, хандлагад ямар өөрчлөлт гарч байгааг тандах зорилготой юм. Судалгааны дүнд улс орнуудын иргэдийн улс төрийн идэвхийг харуулсан нэгэн үзүүлэлтийг дурджээ. Ингэхэд судалгаанд оролцсон орнуудаас Албани улсын иргэд хамгийн их улстөржсөн хүмүүсээр тодорсон байна. Албаний эрэгтэйчүүдийн 27, эмэгтэйчүүдийн 15, дунджаар иргэдийн 21 хувь нь ямар нэгэн улс төрийн намын харьяалалтай байжээ.

Харин дэд байранд Монгол Улс “шалгарав”. Маш чухал үзүүлэлтүүдээр байнга сүүл мушгидаг муу нэртэй алтаа олиггүй энэ үзүүлэлтээр нэлээд дээгүүр шалгарсан байгаа юм. Монголын эмэгтэйчүүдийн 16 хувь, эрчүүдийн 18 хувь, дунджаар иргэдийн 17 хувь нь улс төрийн намын гишүүн байгаа нь нотлогдсон байна. Эдгээрийн араас Тажикистан, Монтенегро улсуудын иргэд 14 хувиар удаалжээ. Хэдийгээр Дээд шүүхийн бүртгэл дээрх хувьтай яг мөргөөгүй ч, бас л ханатай тулж байна. Гэтэл Европын орнуудын дундаж үзүүлэлт нь долоон хувь байдаг аж. Судалгаанд энэ талаар тайлбарлахдаа улс орон нь ядуу байх тусмаа улс төрийн идэвх өндөр байна гэж дүгнэжээ. Улс төрийн намын харьяалалд байх нь иргэдийн ажлын байр, орлого, амьдралын баталгаа зэрэгт нөлөөлдөг хэмээн нэмж мөн тайлбарласан байв.

МОНГОЛЧУУД ЯАГААД УЛСТӨРЖДӨГ ВЭ

Монголчууд бид дэлхийд байхгүй болов уу гэмээр маш их улстөрждөг. Ёстой л дурын сэдвээр ярьж, дуртай зүйлээ шүүмжилнэ. УИХ-ын хэрэгжүүлж буй бодлого, Засгийн газрын хийж байгаа ажил бүрийг шүүмжилнэ, эсэргүүцнэ. Эсвэл магтана. Энэ тал дээр хязгааргүй эрх чөлөөтэй хүмүүс. Гэхдээ яагаад ядуу орны иргэд илүү их улстөрждөг юм бол. Учир нь чи улс төрийг оролдохгүй байсан ч, улс төр чамайг оролдоно гэдэг шиг монголчуудын амьдрал улс төрөөс шууд хамааралтай байгаагаас үүдсэн юм. Ажилд ороход, албан тушаал дэвшихэд, бизнес хийхэд, бичиг баримт бүрдүүлэхэд, тендерт ялахад, зээл авахад намын харъяаллаар ялгаварлан гадуурхагддаг. Зохих хуулийн дагуу, шударгаар хөөцөлдөөд бүтэх ажил гэж үгүй, шийдэх албан тушаалтан ч олдохгүй. Шийдвэр гаргагчид намдаа, найздаа, төрөл садан, төрсөн гарсандаа л найр тавина уу гэхээс жирийн иргэдийн хувьд тэд “тэнгэрийн амьтан”. Энэ л авлига, хээл хахуулийн сүлжээ үүсгэж, хүссэн хүсээгүй аль нэг намын гишүүн байх сонголтыг монголчуудын өмнө тулгаж байна. Түүнээс гадна судалгаанд хэлсэнчлэн бидний амьдрал ядуу байгаа нь улс төрийг сонирхох сэдэл болж байна.

• Чи улс төрийг оролдохгүй байсан ч, улс төр чамайг оролдоно гэдэг шиг монголчуудын амьдралд улс төрийн нөлөөлөл дэндүү их байна.

• Улстөрчдийн увайгүй үйлдэл, ханадаггүй шунал үүнд буруутай нь мэдээж.

• Бид юунд итгэж, найдаж, хэнийг хайрлаж, хүндлэхээ мэдэхээ больсон, хийрхүү, харанхуй, “хар масс” болжээ.

Манай сонины өчигдрийн дугаартаа ядуусын арми хүрээгээ тэлсээр байгаа нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж буй талаар хөндөж бичсэн. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгаагаар сүүлийн хоёр жилд иргэдийн санхүүгийн боломж улам хумигдаж, манай улсын ядуурлын түвшин 29.6 хувьд хүрсэн талаар дурдсан байв. Энд бас нэгэн зүй тогтол уншигдаж байгаа нь Монголын гурван хүн тутмын нэг нь намын гишүүн бол, мөн төдий тооны хүн ядуу амьдарч байна гэдэг нь ойлгогдоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, ханадаггүй шунал, ухаангүй ноён, урагшгүй албатууд үүнд буруутай нь мэдээж. Тиймээс ажлын байргүй, авсан цалин нь хаанаа ч хүрдэггүй, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чаддаггүйдээ бухимдсан иргэд төрийг хараана, улстөрчдийг зүхнэ. Харин төр үүнийг алсын хараатай засаж залруулахын оронд халамжид суурилсан харалган бодлого хэрэгжүүлж “гал унтраах”-ыг оролдоно. Хамгийн сүүлд цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмч нарын шаардлагыг үр дүнгийн урамшуулал нэртэй 300 мянган төгрөгөөр намжаасан бэлээхэн жишээ байна. Цалингаа нэмүүлж, амьдралын чанараа дээшлүүлэх гэсэн албан хаагчид удахгүй “урамшууллын мөнгө нь бага байна” гэж төрийг дахин зүхэж таарна, харж л байгаарай.

ӨВӨЛЖӨӨ БУУЦАНДАА Ч БАГТАХАА БОЛИЛОО

2012 оны сонгуулийн жил юмдаг. Төрийн эрхийг ээлжлэн барьж буй гол хоёр намын нэгийнх нь УИХ дахь бүлгийн дарга Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллаж билээ. Өнөөх дарга намынхаа гишүүд, дэмжигчидтэй тусгайлан уулзах үеэр нэгэн малчин залуу босч ирээд “Намдаа хайртай, намын гишүүн болсондоо баярладаг, үхэн үхтлээ намдаа зүтгэнэ” хэмээн ам тангараг өглөө. Улмаар өрсөлдөгч намыг нь дэмжсэн эцэгтэйгээ муудаж, тэд тус тусдаа өвөлжихөөр болсон хэмээн “гайхуулав”. Намын даргадаа саймширсандаа мань хүн худал ярьсан уу эсвэл Монголд улстөржилт газар авч аав хүү хоёр өвөлжөө бууцандаа багтахгүй болтлоо тангараг тасардаг цаг ирсэн үү. Хэрэв энэ түүх үнэн бол хөл толгойгүй улстөржилтийн дүнд бид юунд итгэж, найдаж, хэнийг хайрлаж, хүндлэхээ мэдэхээ больсон, хийрхүү, харанхуй, “хар масс” болон үлдэж байгаа нь үнэн юм байна.






САНАЛ БОЛГОХ