Хамгаалал дутсан хүүхдээ төр хайхрах цаг болжээ
ЗГМ: Цуврал
Монголын хүүхдүүд эрүүл саруул орчинд өсөж торних ирээдүй алга
Нэг үе тав, арваараа хэлхэлдсэн бүлэг хүүхэд хотын гудамжаар их харагддаг байсан. Орон сууцны хороолол, дэлгүүр, худалдааны төв гээд олон нийтийн газраар дуу нь хадаж, нүд үзүүрлэгдэх нь их. Одоогоос арав гаруй жилийн өмнө ийн харагддаг байсан эдгээр хүүхэд нэг л өдөр усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Хэн, хаашаа, авч явсныг мэдэх ганц ч хүн алга. Явган яриагаар гаднын оронд эд эрхтний донор болгон аваад явчихсан, хүний наймааны золиос болсон гэж цуу сонсдоно. Цагдаагийн алба, хүүхэд хамгааллын байгууллага, холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад эрэн хайж байгаа, эсвэл одоо насанд хүрсэн, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн товчхон бөгөөд цааргалсан хариулт л өгдөг.
Гэвч бодит байдал дээр энэ хариулт үнэнд нийцэж байгаа гэхэд тун хэцүү. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2006 онд тэнэмэл хүүхдийн тоо 3000 хүрээд байсан. Гэтэл үүнээс хойш жил бүр буурсаар 2013 онд 800-д хүрч, өдгөө хоёр оронтой тоонд эргэлдэнэ. Нэг талдаа сайшаалтай хэдий ч нөгөө талдаа хав дарсан хар сүүдэр ар хударгад нуугдаад байх шиг. Уг нь манай улс хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсоноос гадна УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд нэлээд харж хамгаалах зохицуулалттай болсон. Эдгээр хуультай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх болсон гээд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нэг шат урагшилсан билээ.
Гэвч амьдрал дээр хүүхэд хамгааллыг бодитой хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн одоогийн үйл ажиллагааны хүртээмж, чанар, үндсэн зарчим шаардлага туйлын хангалтгүй хэвээр. Үндсэндээ Монгол Улсын сая гаруй хүүхдийн эрх ашиг санаатайгаар зөрчигдөж байгаад дээд албан тушаалтнууд оновчтой арга хэмжээ авч чадахгүй байсаар өдийг хүрлээ. Гэтэл хүүхдэд ээлтэй элч гэдэг өргөмжлөлийг хүссэн болгонд нь зүүгээд байх юм. Аравхан хоногийн өмнө гэхэд НЗДТГ-аас салбар бүрийн төлөөлөл болсон есөн хүнийг тун хүндэтгэлтэйгээр хүүхдийн элчээр өргөмжиллөө. Өнөөдөр цагдаа, хүчний байгууллага, дээд албан тушаалтнууд нь хүүхэд хамгаалалд дорвитой алхам хийж чадахгүй байхад эдгээр хүмүүст чадах зүйл юу билээ. Хүүхэд хамгаалал гэдэг чамин боодолтой бэлэг бариад индэр дээр зогсож гараа даллахаас тэс ондоошдээ уг нь.
Харин ч нэг биш олон хүний тархиар сэтгэж, ханцуйгаа шамлан орох ёстой нэн чухал асуудал хүүхэд хамгаалал болчихоод байна. Сүүлийн үед фейсбүүк хуудсанд 3-16 настай хүүхэд алга боллоо гэж зургийг нь тавьж, тусламж, дэмжлэг хүссэн мэдээлэл эрс нэмэгдэх болсон. Зарим нэг нь олддог ч, огт сураггүй болсон нь тун олон. Тэгэхээр өнөөдрийн энэ нийгэмд Монголын хүүхдүүд эрүүл саруул, өсөж торних боломж огт үгүй байгаа нь үнэн. Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон. Эцэг, эх гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад шуурхай хандаж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн боловч одоог хүртэл ямар ч сураг ажиг алга. Цагдаагийн ерөнхий газраас лавлахад эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хилээр гарсан иргэдийн тэмдэглэл дунд охин байхгүй байна гэсэн хариултаар ам таглав. Ердөө хэдхэн асуудлыг сөхөхөд л ийм дүр зураг бууна. Хүүхдэд ээлтэй хот, хүүхдийн эрхийг дээдэлдэг улс, хүүхэд хамгаалах элч гээд олон янзаар Монгол Улсад хүүхдийг чандмань эрдэнэ болгосон. Бүтэн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад одоо болтол бяцхан охиныг олж чадаагүй л байна.
Алга болсон хүүхдүүд хоёр оронтой тоонд эргэлдэж байна
Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнуудад байдал эсрэгээрээ. АНУ-д гэхэд нэг хүүхэд алга болоход хөршүүд, багш нар, сургуулийн сурагчид, холбогдох бүх байгууллагынхан нэгэн зэрэг хөдөлж, шуурхай арга хэмжээ авч чаддаг. Мөн Япон улс гэхэд л хүүхэд хамгаалалд үүрэн холбооны операторуудыг хүртэл хөдөлгөдөг. Өнөөдрийн байдлаар тус улсын бүх үүрэн холбооны оператор хүүхэд хамгаалах ухаалаг утас, бугуйн цаг, бугуйвч үйлдвэрлэж олон жил хэрэглэж байна. Энэ төхөөрөмж нь хажуудаа жижиг утастай тул хүн татаж, чангаахад чангаар дуугарч, эргэн тойрондоо мэдэгддэг. Мөн байршил тогтоогч суурилуулсан тул эцэг, эхэд нь хаана явж байгааг тодорхой харуулдаг аж. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар гар утас хүүхдээс таван минутаас илүү хугацаагаар холдвол гэр бүлийнхэнд нь мессеж явуулдаг байна. Энэ мэтээр бусад улсад хүүхэд хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлж, бодлогын чанартай анхаарч байх юм. Харин Монгол Улсад ийм төрлийн технологи битгий хэл хэдэн хүүхдээ алдчихаад санаа зовсон зүйлгүй сууж байх жишээтэй. Шийдвэр гаргахаар толгойгоо гашилгаж сууж байх хооронд хэдэн хүүхэд нь сураг алдарч дуусах вий.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй