Санхүүгийн үйлчилгээг ухаалаг болгосон Финтек

Мэдээ


Хиймэл оюун ухаанд найдах шинэ талбар

Хүн төрөлхтөн аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын босгон дээр ирээд байгааг Дэлхийн эдийн засгийн форум гурван жилийн өмнө зарласан. Интернет технологийг дагаад бүхий л салбарт жинхэнэ өөрчлөлт өрнөж байна. Үүнийг Uber такси, Airbnb зочид буудлын жишээнээс харж болно. Эрүүл мэнд, тээвэр, боловсрол, хот байгуулалт гээд салбар болгон цахимжиж байна. Ийнхүү цахим хувьсгал бидний өдөр тутмын амьдрал, ажил хөдөлмөрийн хэв маяг, арга барилыг орвонгоор нь эргүүлж эхэллээ. Энэ нь нийгэм, эдийн засагт тусгалаа олж, санхүүгийн үйлчилгээ иргэдэд улам ойртох болов. Хэдий ийм боловч эрсдэл биднийг отсон хэвээр. Мөнгө санхүүгийн салбарт цахим хувьсгал биелэлээ олж, эцсийн сонголтыг хүмүүсийн гарт өгч байна. Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд финтек буюу мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, түүний зохицуулалтыг хэрхэн шийдэх талаар хоорондоо ярилцаж эхэллээ.

Япон, Герман, БНСУ, Сингапур зэрэг технологи хөгжсөн орнууд финтекийн хөгжлийг онцолж байна. Манай улс ч ялгаагүй финтекийг дэмжихийн зэрэгцээ зохицуулалтыг сайжруулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн цахим үйлчилгээний эрсдэлийг хаахад анхаарал хандуулах болов. Эдийн засагч Ө.Ганзориг “Тэрбум гаруй хүн амтай хятадууд Wechat-аа ашиглаад хоорондоо мөнгө шилжүүлж, хүлээн авдаг болоод 10 гаруй жил өнгөрч. Харин Англичууд Zopa-гаараа зээл өгч авч, хөрөнгө оруулалт хийж байна. Америкчууд Square Cash-ынхаа тусламжтайгаар ойролцоо байгаа хүмүүс рүү эсвэл и-мэйл хаягаар гүйлгээ хийж байна. Энэ нь улам төгөлдөржиж виртуал карттай болсноор ApplePay-гээр төлбөр тооцоогоо хийдэг болж” хэмээн бичжээ. Цаг хугацааг товчилж, банк санхүүгийн үйлчилгээг хэдхэн хормын дотор дээрх орны иргэд авч байна. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг финтек 2007 онд үүсэхдээ л татах болсон юм. Финтект оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2015 оны байдлаар 50 тэрбум ам.долларт хүрч байсан удаатай. Банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, дижиталчлах боломжийг финтек олгож байна. Санхүү болон технологи гэсэн үгнээс бүрдсэн финтек нь техник технологийн дэвшлээр дамжуулан илүү хялбар аргаар санхүүгийн үйлчилгээ хүмүүст хүргэж буй. Финтек ингэж хүчээ авахад ухаалаг гар утас голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр.

Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаршуулж өгссөнөөр хэрэглэгчдэд дуртай цагтаа гар утсаараа дамжуулан хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авах боломж олгож байгаа юм. Сөүл хотноо энэ сарын дундуур чуулсан дэлхийн санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагууд финтекийн хөгжилд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа тодотгосон. Финтекийн тулгуур систем нь блокчэйн. Уг технологийг ашиглан мөнгөний бүх шинж чанарыг агуулсан гэх цахим мөнгөний анхдагч биткойны эхлэл тавигдсан гэж үздэг. Финтек компаниуд санхүүгийн төлбөр, тооцооны үйлчилгээнд хүч сорьж, өөрсдийн “бүтээгдэхүүн”-ээ хэдийнэ санал болгож эхэллээ. Манай улсад богино хугацааны зээл олгодог финтекийн салбарын гол төлөөлөл нь LendMN. Иргэдэд барьцаагүй зээлийг хэдхэн минутын дотор гар утсаар олгодог тус компани дэлхийн зах зээлд гарах төлөвлөгөөтэй байгаа аж. Дэлхий дахинд технологид түшиглэсэн санхүүгийн үйлчилгээ буюу финтек эрчээ авч, хиймэл оюун ухаанд суурилсан тус салбар улам тэлж байна. Хөгжиж буй салбарын нөлөөгөөр уламжлалт банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа ч улам ухаалагжиж эхэллээ. Технологийн хувьсгалд хөгжингүй орнуудын өрсөлдөөн ширүүсэж байна. Үүний давалгаанд хөгжиж буй орнууд дахь финтекийн салбар түрэгдэн урагшлах болов.


САНАЛ БОЛГОХ