Дахин давтагдашгүй Porsche-гоос тансаг бүхнийг мэдэрнэ

Зах зээл


Хамгийн үнэтэй Panamera загвар 800 сая төгрөг

“Эргэн тойронд байгаа машинуудаас өөрийн мөрөөдлийн машинаа олж чадаагүй юм. Тиймээс би өөрийнхөө машиныг өөрөө бүтээхээр шийдсэн” хэмээн дэлхийд хамгийн алдартай таван автомашины нэг болох Porsche-г бүтээсэн ноён Ferry Porsche хэлсэн байдаг. Тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд 86 дахь жилдээ хурд хүч, чанар, тав тух, сэтгэл ханамжийг үзүүлж бас гайхашруулж буй Германы төмөр хүлэг Porsche-г бид энэ удаагийн “Тансаг зэх зээл” буланд онцолж байна. Дэлхийн зах зээлд 1931 оноос хойш уралдааны машин үйлдвэрлэж эхэлсэн Porsche Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл Porsche үйлчлүүлэгчдэдээ тав тух, орчин үеийн шийдэл, стандартыг санал болгож, Хан-Уул дүүрэгт “Porsche Улаанбаатар” төвийн үзэсгэлэнгийн шинэ танхимаа байгуулжээ.

Үзэсгэлэнгийн танхимд Porsche-гийн нэрийн хуудас болсон алдарт 911, Panamera, Boxster, Cayman, Macan загварын 250-500 морины хүчин чадалтай хүчирхэг хүлгүүд эзнээ хүлээж байна. Үнийн хувьд хамгийн үнэтэй нь Panamera загвар бөгөөд 800 сая төгрөг бол домогт 911 загварууд тоноглол, дизайн зэргээсээ хамаарч 300-500, олны таашаалд нийцсэн Cayman 250-600 сая төгрөгийн үнэтэй байна. Мөн хамгийн их борлогддог Boxster загвар 230-240 сая Macan-ыг 190-350 сая төгрөгөөр худалдан авах боломжтой. “Porsche Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Жэйсон Брүүм “Биднийг дөрвөн жилийн өмнө Монголд салбараа байгуулах гэж байгаа тухай сонсоод хүмүүс энэ бол галзуу хэрэг гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр бид дэлхийн стандартад нийцсэн үзэсгэлэнгийн танхимаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд зогсож байна” хэмээн өгүүлсэн юм. Түүнээс нэг сарын борлуулалтын тоо Монголд хэд байна гэж асуухад, Жэйсон Брүүм “Одоогоор сард 2-3, нийт 80-100 машин борлуулсан.

Гэхдээ энэ бол хангалттай үзүүлэлт биш ээ” хэмээн өөртөө итгэлтэй хариулсан. Porsche-гийн бусдаас ялгарах нэг онцлог нь үйлчлүүлэгчийнхээ авахыг хүссэн машиныг хүслээр нь тоноглож өгөх юм. Жишээлбэл, захиалсан машиныхаа гадна талын өнгөөс эхлээд суудлын бүрээс, жолооны хүрд, эмблем, салон, араа гээд тоноглол бүрийн өнгө, материал, хийцийг өөрийн хүслээр сонгож, зөвхөн өөрт тохирох ганцхан хувилбарыг үйлдвэрлүүлэх боломжтой. Яг энэ хүслийг тань биелүүлэх танхим “Porsche Улаанбаатар” төвд бий. Үйлчлүүлэгч дэлгэцэнд харагдах виртуал орчинд машиныхаа өнгийг өөрийн дураар туршиж үзэн, тэр ч бүү хэл суудлын бүрээсийн материалаа ямар өнгийн утсаар оёулах, дугуйн дээрх Porsche эмблем болон их гэрлийн өнгөө ч өөрөө сонгож болно гэсэн шүү. Энэ бол олон жилийн турш хадгалж ирсэн Porsche-гийн соёл. Porsche зөвхөн машин худалдахыг хүссэнгүй. Тэд “Porsche Улаанбаатар” төвд дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн засвар үйлчилгээний төвийг байгуулжээ.

Porsche хөлөглөдөг хэн боловч автомашины компьютер оношилгоог хийлгэж, АНУ-ын алдарт Huntler брэндийн тэнхлэг тохиргоо, дугуй засварын үйлчилгээ авч, хамгийн орчин үеийн кузов засвар, будаг засварын төвөөр үйлчлүүлнэ. Мөн дугуйн болон сэлбэгийн худалдаанаас гадна Porsche брэндийн түлхүүрийн оосор, нүдний шил, аяллын чемодан, бугуйн цаг, аяга, гольфийн цүнх, бөмбөг зэрэг дагалдах чамин, чанартай хэрэгслүүдийг санал болгож байна.

Үзэсгэлэнгийн танхим нэг дор 6-8 автомашин байрлуулах боломжтой бөгөөд шинэ машин худалдан авсан үйлчлүүлэгчдэдээ зориулан тусгай арга хэмжээ зохион байгуулдаг аж. Энэ нь гэр бүл, найз нөхөд, бизнесийн хамтрагч нарынхаа хүрээлэлд амжилтаа ахиулагч, нэр төрөө эрхэмлэгч та шинэ хүлгийнхээ түлхүүрийг гардах юм.


САНАЛ БОЛГОХ