Богино бодлогын урт уршиг

Мэдээ


Богино бодлогын уршгаар эх орны хөгжил боомилогдож байна

Төрийн хараа мууджээ. Ялангуяа, алсын хараа нь доройтож, холыг харж, хэтийг тооцохоо больчихсон гэлтэй. Амь аргацааж, гал унтраасан байдлаар сүүлийн хэдэн жил төрийн бодлогыг жолоодож ирлээ. Зүгээр л сонгууль угтсан бодлогын алхмууд нь эргээд Монголын эдийн засгийн хөрсөнд хямралын үр болж байна. Ийм богино бодлогын жишээг холоос хайх шаардлагатай. Ойрын үеийн үйл явдлын товчооноос ч хэд бол хэдийг харж болно. Багш нар цалин нэмэхийг шаардсаны төлөө Засгийн газар төрийн 190 мянган албан хаагчид урамшуулал олгохоор болсон. Хөдөлмөрийн хөлсөө шударгаар үнэлүүлэхийг хүссэн төрийн албан хаагчдыг Монголын төр хахуульдаж буй нь энэ. Хүссэн цалинг чинь өгч чадахгүй нь. Гэхдээ үүнийг аваад дуугүй сууж бай хэмээн Сангийн сайд цамнаж байна. Төрийн албан хаагчдын амыг таглах энэ мөнгө уг нь бага биш. Ирэх онд л гэхэд төр 56 тэрбум төгрөгийг албан хаагчдыг хахуульдахад зарцуулна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсөө өсгөх төрийн зарим албан хаагчдын дуу хоолой чангараад эхэлмэгц төр өөдөөс нь бэлэн мөнгө цацаад, унтраачихаж буй нь энэ. Үнэнийг хэлэхэд, цалингаа өсгөх багш, эмч нарын шаардлага гэнэт бий болж, гараад жагсчихсан юм биш. Урт, удаан хугацаанд тэвчиж хүлээсний эцэст тэсэрч буй нийгмийн нэг хэсгийн тэмцэл байсныг мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Хэдийгээр багш, эмч нар ажил хаялтаа зогсоосон ч, төрийн албан хаагчдын тэмцэл эргээд сэдрэхгүй гэх баталгаа байхгүй.

Тэр тусмаа, улсын төсөвт дийлшгүй дарамт болдог төрийн данхар бүтэц, түүнээс улбаалсан далбагар зардлыг хэмнэх бус харин ч өгсөж, үржүүлэхээр шийдэж буй нь төрийн мэргэн бодлого мөн үү. Яах аргагүй түр зуур өвчин намдаах тариа гэж хэлэхээс өөр аргагүй. Төр ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад, хэдэн албан хаагчдад бэлэн мөнгө тараалаа.

• Хөдөлмөрийн хөлсөө өсгөх төрийн зарим албан хаагчдын дуу хоолой чангараад эхэлмэгц төр өөдөөс нь бэлэн мөнгө цацаад, унтраачихаж буй нь энэ.

• Улсын төсөвт дийлшгүй дарамт болдог төрийн данхар бүтэц, түүнээс улбаалсан далбагар зардлыг хэмнэх бус харин ч өгсөж, үржүүлэхээр шийдэж буй нь төрийн мэргэн бодлого мөн үү.

• Үр ашиггүй, салхинд хийсгэсэн санхүүжилтүүд Монголын эдийн засгийн хорт хавдар болчихоод буй төсвийн алдагдлыг өсгөсөн.

Энэ мөнгө иргэдийн амьдралыг өсгөж, өнгийлгөөд шалихгүй атлаа ирэх оны ядарсан төсөвт чамлахааргүй том дарамт болж, ирэх саруудын төсвийн алдагдал тэлэхэд түлхэц болох нь харамсалтай. Энэ мэт үр ашиггүй, салхинд хийсгэсэн санхүүжилтүүд Монголын эдийн засгийн хорт хавдар болчихоод буй төсвийн алдагдлыг өсгөсөн. Цаашлаад өнөө, маргаашаа бодсон харалган шийдвэр боловсролын чанар, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын хөгжлийн өмнө хөшиг татсаныг ойлгож буй болов уу. Энэ бол богино бодлогын урт, удаан хугацаанд Монгол Улсад хүндрэл дагуулах хор хохирол. Дахин нэг жишээ. Банкны зээл, хадгаламжийн хүүд дээд хязгаар тогтоох нь ойрын өдрүүдийн хамгийн халуун сэдэв болчихоод байна. Улстөрчид ч банк тойрсон сэдвээр байр сууриа дуртайяа илэрхийлж, ам уралдан ярьж буй. Ялангуяа, банкийг шүүмжлэх тусам иргэдээс илүү үнэлгээ авна гэж итгэсэн улстөрчдийн дуу хоолой Төрийн ордонд улам чангарсаар. Монголын нийгэмд зээлийн хүүг бууруулах хэрэгцээ бий гэдэгтэй хэн ч маргахгүй. Гагцхүү зээлийн хүүгийн хувь, хэмжээнд хүчээр хязгаарлалт тогтоосноор хувь хэмжээ буурах уу. Буурлаа гэхэд зах зээлийн зарчмаар нь бус хүчээр тогтоосон хүү эргээд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр. Ингэхэд зээлийн хүү гэдэг хязгаар тогтоогоод бууруулчихдаг хялбар тоо мөн билүү.

Уг нь энэ жишиг хүү нь эдийн засгийн толь, мөнгөн урсгалын тусгал болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрүүл мэндийг илтгэдэг халууны шилний үүргийг гүйцэтгэдэг болохыг санхүү, эдийн засгийн энгийн сурах бичгүүдэд хүртэл тайлбарласан байдаг. Манайд зээлийн хүү өндөр байгаа нь макро эдийн засгийн эрүүл мэнд, эрсдэл хэр чинээгээр өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манайд зээл, санхүүжилтийн олдоц төдий чинээ бага, санхүүгийн савлагаа их байна гэсэн энгийн гаргалгааг эндээс хийж болно.

Гэтэл хүүнд хүчээр хязгаарлалт тогтоогоод барьчихвал зах зээлийн зарчмаар тогтоогүй зохиомол үзүүлэлт ямар нөлөө үзүүлэх бол. Санхүүгийн салбар дахь халууныг бууруулахгүйгээр, өндөр хувь зааж байна гээд халууны шилийг нь хагалчихвал эерэг нөлөө дагуулж чадах уу. Аливаа асуудлыг углуургаар нь ухаж ойлгохгүй, өнгөцхөн хараад л шууд шийдэхээр энэ нь эргээд эдийн засагт эсрэг хариу авчрахаас өөрцгүй. Зээлийн хүүгийн дээд хэмжээнд хязгаар тогтоож, зарим төрлийн хүү буурчихлаа гэж бодоход банкууд зээл олголтоо нэмэгдүүлэх болов уу. Хэчнээн сайхан сэтгэлтэй банкир энэ нөхцөлд зээл олголтоо хумих нь тодорхой. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчдэд очих санхүүгийн хүртээмж л хомсодно. Эргээд зээл олголтыг нэмэгдүүлэх бус харин ч хумьж магадгүй. Энэ бол гашуун боловч нүцгэн үнэн. Нөгөө талд, манайд банкнаас бусад санхүүгийн салбарын хүртээмж, хөгжил ямар түвшинд байгаа билээ. Угтаа өчигдөр өссөн зээлийн хүүгийн өндөр түвшинг өнөөдөр бид гайхаад зогсож байгаа юм биш.

Сонгуулийн хоорондох чөтгөрийн тойргоос мултарч чадахгүй явна
Өнгөрсөн 30 орчим жилийн Монголын эдийн засагт хэрэгжүүлсэн цуврал бодлогын үр дүн. Монгол Улс гадаад шоконд хэт эмзэг, олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханшаас хэт хамааралтай байдаг нь өнөөдөр ийм байдалд хүргээд байгаа юм. Дээрээс нь мөнгө хүүлэлтийг зээлийн хүүг бууруулахтай хольж ойлгож болохгүй. Үүн дээрээ тулбал арилжааны банкуудаас ч өндөр хүүгээр мөнгө хүүлдэг зах зээлийн дүрэмгүй зарим тоглогчдыг цэгцлэх нь харин урт хугацаанд Монголын эдийн засагт эерэг үр дүн авчрах нь дамжиггүй. Сонгуулийн ялалтаа бодсон ийм бодлого хэдэн тэрбумын санхүүжилтийг ч салхинд хийсгэж дөнгөнө. Хамгийн тод жишээ нь, бондын санхүүжилт. Олон улсын зах зээлээс босгосон олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойр зуурын том, жижиг баахан төслүүдэд цутгаад дууссан.

Харин оронд нь Монголын Улс олон тэрбумын өрөнд баригдсан хэвээр. Ямар ч улс орон өндөр хүүтэй мөнгөөр урт хугацаандаа эдийн засгийн ашиг нь гардаг авто замын салбарт хөрөнгө оруулалт хийдэггүй юм. "Хэрвээ та аль боомтод очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй" гэдэг Английн зүйр үг байдаг. Урт хугацааны бодлогын стратеги байхгүй бол түүхий эдийн ханш хэчнээн тэнгэр тултлаа өсөж, олон улсын зах зээлээс хэдэн тэрбум төгрөгөөр мөнгө босголоо гээд энэ санхүүжилт хөгжил биш хямрал дагуулдгийг өнгөрсөн жилийн түүхүүд тод харуулж байна. Зорилго нь тодорхойгүй, судалгаагүй, мэргэжлийн хүмүүсээс асуудаггүй, үр дагаврыг нь тооцоогүй, улс төрийн сонирхлоор өдөөгдсөн ийм төслүүд өнгөрсөн хэдэн жилийн түүхэнд олон бий. Энэ мэт богино бодлогын хөлд эх орны хөгжил талхлагдаж дууслаа. Сонгуулиас сонгуулийн хоорондох чөтгөрийн тойргоос мултарч чадахгүй унаж босож явна. Асуудлыг ул суурьтай бус ойрын зуурын ашиг хонжооны нүдээр харж, хэдхэн жилийн сонгуулийн мөчлөг угтсан ажлыг төр гаргууд хийдэг болсон. Богино настай ийм бодлого хувийн хэвшлийнхнийг урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болсоор. Хамгийн халагламаар нь алсдаа Монголд хөгжил бус хөнөөл дагуулах бодлогуудыг улстөрчид ам уралдан ярьж, гавьяа байгуулсан хүн шиг сайрхах болжээ.


САНАЛ БОЛГОХ