Намын гишүүдийн 30 хувь нь төрийн албан хаагч болно

Мэдээ


Д.Пүрэвдорж: МАН 60 хүнд зориулж бүхэл бүтэн хууль өөрчлөх гэж байна

1992-2008 он хүртэл төрийн захиргааны албан хаагч шат шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших, сонгогдох эрх нь нээлттэй байв. Энэ нь аймгийн түвшинд гэхэд л Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар болон харьяа агентлагийн дарга нараас олонх бүрдсэн ИТХ-тай болох тохиолдол олон байсан юм. Уг нь Иргэдийн хурлын төлөөлөгчийн эрх, үүрэг нь Засаг даргын ажлыг дүгнэх. Гэтэл Тамгын газрын харьяа газар, хэлтэс, агентлагийн дарга нар Засаг даргадаа шударга хяналт тавьж чадах уу? Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг талаасаа Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж болох ч төрийн албан хаагчийн хувьд эргээд өөрөө ажлаа тайлагнах хүмүүс. Тиймээс төрийн албан хаагчийн хувиар Засаг даргад хандах уу, түмнийг төлөөлж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд ажилд нь хяналт тавих уу? Өнгөрсөн түүхээс харвал Иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг даргад тал засах муу туршлага нь их байсан. Тиймээс 2008 онд Төрийн албаны болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчилж, 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчид улс төрийн намын гишүүнээс түдгэлзсэн юм. Улмаар төрийн албан хаагч улс төрийн аливаа сонгуульд нэр дэвших эрхгүй болсон.

Өнгөрсөн түүхээс харвал ИТХ-ын гишүүд Засаг даргад тал засах нь их байсан
Хэрэв нэр дэвших хүсэлтэй бол сонгуулийн жил эхлэхээс өмнө албан тушаалаасаа буусан байх шаардлага бий болов. Мөн Иргэдийн хурлын төлөөлөгчид төрийн албанд ажиллахыг хориглов. Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй. Тэгвэл УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ өөрчлөлтөөр аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн албан хаагч ажиллах боломжийг нээж өгөх юм. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байв. Тус бүлгийн зүгээс эрх баригчид намаасаа сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөө төрийн албанд ажиллуулах гэж байна гэж хэмээн харж, хардаж байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Тогтохсүрэн “Аймаг, суманд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумынхаа нийгэм эдийн засаг, байгаль орчны асуудал ярих гэхээр чадавх нь хүрдэггүй. Үнэндээ аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нар төлөөлөгчдийн асуудлыг шийддэг, барьцаанд байгаа юм.

• 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчид улс төрийн намын гишүүнээс түдгэлзэж, сонгуульд нэр дэвших эрхгүй болсон.

• Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийг өөрчилбөл 2500 төлөөлөгч төрийн албан хаагчаар ажиллах эрх нээгдэх юм.

• Засаг дарга нар төлөөлөгчдийн асуудлыг шийддэг, барьцаанд байдаг.

Түүнээс гадна иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамгийн чадварлаг хүмүүс байдаг ч ажилгүй байгаад байдаг. Тиймээс энэ гурван үндэслэлээр Засгийн газар хууль өөрчлөлт оруулахаар болсон. Тиймээс Ажлын хэсэг Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэсэн өөрчлөлтийг хамгийн зохистой хувилбар гэж үзэж байна” хэмээх тайлбарыг хийж байна. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд өөр тайлбар хийж байна. Тус бүлгийн гишүүн Д.Пүрэвдорж “Төрийн албыг улс төрөөс тусдаа, ангид байлгах зарчмыг алдагдуулж байна. Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж байгаа. Төрийн албанд шат шатаар ахих мерит зарчмыг устгаж, 2008 оноос хойш хэрэгжүүлж ирсэн дэвшлээсээ ухарсан үйлдэл боллоо. Сумын ИТХ-д хэн олон ах дүү, хамаатан садантай нь нэр дэвшээд сонгогдчихдог болсон. Хэрэв энэ хууль батлагдвал сургуульдаа хамгийн муу заах аргатай багш захирал болно гэж дайрна. Яагаад гэвэл сумынхаа Засаг даргыг огцруулна гэж айлгаж байгаад захирал болох боломж нээгдэх нь.

Эсвэл хамаатнуудаасаа сонгогдсон сувилагч эмнэлгийн эрхлэгч болж болох юм байна. Сургуульд яваагүй бас нэг нөхөр Тамгын газрын дарга болно гэж зүтгэнэ. Ийм л буруу жишгийг авчрахаар одоо хэлэлцэж байна. Суманд төрийн албан хаагчийн орон тоо цөөн. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчийн долоо нь заавал ажилд орно гэж дайрах юм байна. Тиймээс Ардчилсан намын бүлэг эсэргүүцээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар МАН- аас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдөөс яг 60 нь хэлтсийн дарга болон бусад албан тушаалд ажиллаж байгаа. Тэр 60 хүндээ зориулж л бүхэл бүтэн хуулийг өөрчилж, төрийн албыг төрөөс ангид байлгах ахицыг устгаж болохгүй” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд нийт 8500 аймаг сум, нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бий аж. Хэрэв дээрх хуулиудыг өөрчилбөл 2500 нь төрийн албан хаагчаар ажиллах эрх нь нээгдэх юм. Чуулганы өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ийнхүү шийдсэнээр хилээр оруулж ирэх улаанбуудай, өвс, малын тэжээлийг энэ сарын 4-нөөс татваргүйгээр оруулж ирэх бүрэн боломжтой болж байгаа юм.

САНАЛ БОЛГОХ