Монгол орон ган, зуданд нэрвэгдэх нь

Экологи


Баян-Өлгийн Матад, Ховдын Зэрэгт суманд бүтэн сарын турш бороо ороогүй

Хүмүүс ч хөлсөө урсгаж, хэлээ унжуулах төдийгөөр халуун зуныг барсангүй. Баяр наадамтай зэрэгцэн Сэлэнгэ, Төв аймагт “галтай наадсан” завгүй өдрүүд үргэлжилсэн. Сэрүүн бүсийн Сибирь ч хөвч тайгаа хамгаалж чадаагүй ус чийгээр цангаж, хүний хөлд үрэгдсэн сийрэг ойг маань мулзлах шахсан. Дэлхийн цаг уурын байгууллагын анхааруулснаар Монголд хагас зуун жилд, дэлхий дахинд 1880 оноос хойш тохиогоогүй их халуун дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг илүүтэй төөнөснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Түймэр ноцож, ой сийрэгжих тусам монголчуудад аюултай. Түймэр давтагдсанаар агаар цэвэршүүлэхэд онцгой үүрэгтэй навчит мод багасаж, гацуур, нарс зэрэг ус их хэрэглэдэг шилмүүст мод олширдог.

БОАЖЯ-наас боловсруулан гаргадаг Монгол орны уур амьсгалын төлөв байдлын 2015- 2016 оны тайланд 1988 оноос хойш манай агаарын температур 2.2 хэмээр дулаарсан гэжээ. Улмаар 1997-2011 онд 30 хэмээс дээш давсан өдрүүдийн тоо эрс нэмэгдсэнээр хөрсний чийг ууршиж, хуурайшилт газар авсан байх юм. Гангийн давтамж 2020 он гэхэд 15, 2050 онд 20-25 хувь, 2080 оны үед 30-45 хувь болох бөгөөд Монгол орны баруун болон баруун өмнөд хэсэгт илүү эрчимтэй тархана гэх таамгийг ЦУОШГ-аас гаргасан байна. Зудын эрсдэл ч мөн зуншлага болон өвлийн уур амьсгалын нөхцлөөс хамаарч энэ зууны төгсгөл гэхэд 45 хувь болж нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөд маш мэдрэмтгий Монгол орны агаарын температур улирлаас шалтгаалахгүйгээр тогтмол нэмэгдэж, өвлийн хур тунадас харьцангуй нэмэгдэх төлөв бий.

Гэвч жилийн нийт хур тунадасны 80 гаруй хувийг бүрдүүлж, чийгийн горимд онцгой үүрэг гүйцэтгэдэг зуны хур тунадас багасна. Тиймээс нийт хур тунадас багасна гэсэн үг. Цаашид агаарын температур тогтмол нэмэгдсэнээр манай оронд хуурайшилт улам эрчтэй явагдах төлөвтэй байгаа нь тун тоогүй хэрэг юм. Ган, зудаас гадна улс орны эдийн засаг, хүмүүсийн амьдрал ахуйд хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ч нэмэгдэж буй. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ганц шөнийн дотор орсон дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас Баян-Өндөр, Жаргалант сумын нутгийн 104 иргэнд 132.7 сая төгрөгийн хохирол учруулсан.
Мөн эрчим хүчний 6000 кВ-ийн шугам сүлжээний 21 тулгуур багана нурж сүйдсэн гэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гардаг аюулт үзэгдлийн эрсдэл улам нэмэгдэж байгааг тоолоод баршгүй.




САНАЛ БОЛГОХ