Цус харвалт нийгмийн стрессээс үүдэлтэй

Эрүүл мэнд


Буруу хэв маяг, нийгмийн стресс алга болохгүй бол өвчлөл багасахгүй

“Эхнэр маань 35 настай. Тархинд нь цус харваж, яаралтай хагалгаанд ороод дөрөв хонолоо. Одоо болтол ухаан ороогүй л байна. Охин бид хоёр эмч нарыг бараадан “ухаан орсон шүү” гэж хэл дуулгах болов уу гэсэндээ өдөржин чих тавин сууна” гэж 40 орчим насны залуу хэлэв. Мөн 18 настай хүү нь гэртээ байхдаа гэнэтхэн цус харвасан гэх эхнэр, нөхөр хоёр мэс заслын тасгийн эргэлтийн цонхны дэргэд шаналан зогсоно. Энэ мэтчилэн аав, ээж, үр хүүхэд, ах, эгчийнхээ амь насыг эмчийн гарт даатгах хүмүүсийн цуваа үл тасарна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засалд цус харвасан 17-гоос дээш насны бүх хүн ордог. Өдөрт ойролцоогоор 15-20 хүн тархины цус харвалтаас үүдэлтэй мэс засал хийлгэдэг байна. Тэр ч байтугай дөнгөж эхийн хэвлийгээс мэндлээд ангир уургаа амлаж амжаагүй нялх үрс хүртэл хагалгаанд орох нь бий. Саяхан мэс засалд орсон иргэн Б.Г-ийн хэлж буйгаар тус эмнэлэгт харвалтаас үүдэлтэй мэс засалд орох хүмүүс сар дамжин дугаарладаг аж.

Архаг стресст орох нь цус харвалтад нөлөөлдөг

Өмнө нь Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт тархины цус харвалт гэсэн оношоор жилд 500-600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол өдгөө энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 1200-1300 болжээ. Дэлхийд жилд дунджаар 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болж, 6.5 сая хүн нас бардаг гэсэн статистик бий. Харин Монголд 100 мянган хүн тутамд 290 тохиолдол бүртгэгдэж, 49 нь энэ өвчнөөр хорвоог орхидог байна. Энэ нь дэлхийд хоёрт бичигдэх хэмжээний үзүүлэлт гэж бодохоор харамсалтай. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Молнгол Улсыг цус харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсны гол шалтгаан энэ. Тархинд цус харвахад хүргэдэг гол хүчин зүйл нь суурь өвчлөл болон нийгмийн стресс, амьдралын буруу хэв маяг аж. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан цус харвалт улам залуужих эрсдэл нэмэгдээд буйг эмч нар хэлж байна.

Өдгөө хэвтэн эмчлүүлэгсдийн ихэнх нь амьдралын түвшин доогуур, орлого багатай иргэд байгаа юм. Өдөр болгон мөнгө бодож, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа бидний хувьд стрессгүй нийгэмд амьдарна гэдэг бараг л үлгэр. Хотын гудамжаар зөрөх хүн бүр санааширсан, бодлогоширсон, эсвэл уурласан царайтай харагдана. Тэр ч бүү хэл, ажил, гэрийн аль алинд ч стрессгүй амьдрах боломж улам багасаад буй. Хоногийн 24 цагийн турш өдрийнхөө хоолыг яаж залгуулахаа бодож яваа хүний толгой яаж сэргэг, стрессгүй байх билээ.

Цус харвалтын өвчлөлөөр дэлхийд хоёрт бичигдэж байна
Энэ талаар Гуравдугаар төв эмнэлгийн Тархины харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. Нас ахих тусам бидний судас улам хатуурч, нарийсан бөглөрөх эрсдэл нэмэгддэг. Харин амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх, дасгал хөдөлгөөний дутагдалд орох, нийгмийн стресс зэрэг нь залуу насандаа цус харвах эрсдэлд хүргэдэг” гэв.

Харвардын анагаах ухааны сургуулийн хийсэн судалгаагаар орчин үед архаг стресст орох нь артерийн судаснуудад илэрч, цус харвалтад нөлөөлдөг цагаан цусны эсүүдийг хэт “үйлдвэрлэхэд” хүргэдэг байна. Олон улсын судалгаа мэдээллээс харахад ч эдийн засаг нь доройтсон, ядууралд өртөөд буй улс орнууд өвчлөлөөрөө хамгийн өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал эцэстээ эрүүл мэндийн салбарт нөлөөлж, нийгмийг бүхэлд нь хар сүүдэрт автуулдаг байна. Цус харвалтаар өвчилсөн иргэдийн 40 орчим хувь нь хөдөлмөрийн чадвараа алддаг. Насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж буй эдгээр иргэд хөдөлгөөн засах, артерийн даралт ихсэхгүй байх, холестрин бууруулах, стресс тайлах гээд маш олон төрлийн эмчилгээнд сая саяар тоологдох мөнгө зарцуулна. Арав хоног уух нэг эм гэхэд 10-20 мянган төгрөг. Эмчид үзүүлнэ, дахин тархины зураг авахуулж эмчилгээ хийлгэхэд дор хаяж 300-400 мянган төгрөг шаардлагатай. Ингээд бодохоор тархины цус харвалт нь иргэдийн хувьд нөхөж болшгүй гарз төдийгүй эдийн засгийн асар их алдагдалд хүргэсээр байна.

Гэтэл энэхүү хөнөөлт өвчин Монголд хүрээгээ улам тэлж, айл, өрх бүрт дарамт учруулж байгаад яагаад анхаарахгүй байна вэ? Дэлхий дахин хараагаа бэлчээгээд буй уг асуудлыг шийдвэрлэх ажилд ханцуй шамлан орохгүй бол урьдчилан сэргийлэх нь битгий хэл, улам даамжрах аюул нүүрлээд байна. Эцэст нь цөөхөн хэдэн монголчууд маань хөдөлмөрийн чадвараа алдаж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэх вий.




САНАЛ БОЛГОХ