Энгийн иргэдийн “эмээдэг” валют

Мэдээ


Юань бол анхаарлын гадна үлдээж болохгүй валют

Овсгоотой худалдаачид хэдийнэ татан авалтаа хийчихсэн, шинэ бараануудаа дэлгэчихэж. Хуучнаас шинэ рүү шилжих хоёр оны зааг дээр Эрээн, Манжуур зэрэг урд хөршийн хотуудыг чиглэх монголчуудын тоо нэмэгдэж, худалдааны эргэлт идэвхжиж байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эдийн засаг тэлсэн. Тэр хэрээр ганзагын наймааны нийт импортод эзлэх нөлөө буурсан ч өнөө хэр монголчууд өвлийн бэлтгэлийнхээ багагүй хэсгийг өмнөд хөршөөс зөөсөн хэвээр. Ялангуяа, яаруу давчуу атлаа догдлол дүүрэн шинэ жил, сар шинийн өмнөхөн Хятадаас Монголыг чиглэсэн хэрэглээний импорт эрс нэмэгдэх нь бий. Шинэ жилээр гоёх даашинз, гэрээ чимэх гацуур, ширээгээ засах бас бус амттан гээд урд хөршийн бараа бүтээгдэхүүнгүйгээр эдгээр баярыг тэмдэглэх амаргүй. Сэнгэнэсэн үнэрээрээ шинэ жилийг сануулдаг шар жүржийг хүртэл бид БНХАУ-аас худалдан авсаар. Арваннэгдүгээр сараас эхлээд юань худалдан авах иргэдийн тоо нэмэгдсэн болохыг “Найман шарга” валют арилжааны төвд үйл ажиллагаа эрхлэгчид хэлж байна.

Ялангуяа, сүүлийн өдрүүдэд валютын нийт солилцооны 60 орчим хувь нь зөвхөн юанийнх байгаа аж. Даваа гарагийн 19 цагийн байдлаар валютын арилжаа эрхлэгчид юанийг 369 төгрөгөөр худалдан авч, 369.5 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд юанийг дунджаар 368.5 төгрөгөөр авч, 370.5 төгрөгөөр худалдаж байна. Тэгвэл төв банкнаас зарласан төгрөгтэй харьцах юанийн ханш 369.04 нэгжид хүрсэн нь ялимгүй буурсан үзүүлэлт. Манай худалдаачид ч урд хөршийг зорих бүртээ юанийн эрэлд гардаг. Ингэснээр зах зээлд юанийн эрэлт нэмэгдэж, ханшийн муруйд нь өөрчлөлт ажиглагдаж эхэлдэг. Ер нь валютын зах дээр юанийн үнийн хөдөлгөөнийг худалдаачдаас асуугаарай. Үргэлж унаж, өсдөг ханшийн “ааш”-ийг хамгийн сайн мэдэх хүмүүс нь тэд нар. Харин “саваагүй” ханш хэрэглээний үнэд хэрхэн нөлөөлснийг эзэгтэй нар, хүүхнүүдээс асуух нь илүү дээр болов уу. Тэр тусмаа Монгол шиг үйлдвэрлэгч биш, өргөн хэрэглээнийхээ дийлэнхийг хилийн чанадаас худалдан авдаг улсад гадаад валюттай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ үргэлж чухал байсаар ирсэн. Гадаад валютын зах зээлд ам.доллар үргэлж анхаарлын төвд байдаг.

Юанийн ханш нь микро түвшнийхний эмээдэг зүйл мөн
Гэхдээ нийт худалдааныхаа 60-70 хувийг дан ганц БНХАУ- тай хийдэг Монгол Улсын хувьд юань бол анхаарлын гадна үлдээж болохгүй валют. Ам.долларын ханшийн өсөлт голдуу албаныхны айдсыг төрүүлж байдаг. Харин юанийн ханш микро түвшнийхэн буюу энгийн иргэд, эзэгтэй нарын эмээдэг зүйл мөнөөсөө мөн. Хэрэв ягаан мөнгөн тэмдэгтийн ханш өсөөд эхэлбэл улам данхайх өрхийн зарлагаа яая гэж суугаа айлуудад давхар дарамт ирэх нь дамжиггүй. Өнгөрсөн улиралд л гэхэд юанийн ханш долдугаар сараас эхлэн хоёр сар тасралтгүй чангарч, бүх цаг үеийн түүхэн дээд цэгтээ тулсан. Хичээлийн шинэ жилийг угтсан энэ өсөлтөөс үүдэн оюутан, сурагчдын сурлагын хэрэглэгдэхүүний үнэ өсөж, өрхөд нэмэлт дарамт болсныг ээжүүд учирлаж байв. Тэгвэл ирэх саруудад импорт дэмжих баярын үеэр юанийн ханш чангарах юм биш биз. Өнгөрсөн сарын 20-ноос эхлээд тус мөнгөн тэмдэгтийн ханш чангарч эхэлсэн нь худалдаа дахь бүүдгэр үзүүлэлтийн нэг.

Юанийн ханшийн талаар төв банкнаас тодруулах гэсэн боловч энэ долоо хоногт валютын үнийн талаар тодруулга өгөхгүй гээд дорвитой хариулт хэлсэнгүй. Гэхдээ Монголбанк санхүүгийн зах зээлд эрсдэл үүсгэлгүйгээр ханшийг тогтвортой түвшинд барих бодлого баримталж буйгаа мэдэгдсэн. Үүнийхээ дагуу өнгөрсөн саруудад гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй.

Хамгийн гол нь юанийн ханшийг тогтоох боломж Монголбанкинд бий. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийнхээ хугацааг сунгасан. Энэ нь дунд хугацаанд юанийн ханш тогтворжиход нөлөөлж, цаашид төгрөгийн эсрэг юанийн ханш огцом чангарах эрсдэлийг хаах давуу талтай. Тиймээс ч хөндлөнгийн шинжээчдийн зүгээс юанийн ханшид огцом өсөлт ажиглагдахгүй гэж таамаглаж байгаа. Нөгөө талд, юань бол Монголд төдийгүй олон улсад ч ам.долларын ханшаас хамаардаг валют. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарахад юанийн ханш дагаад өсдөг.

Тэгвэл юанийн ханшийн нэг луужин болох ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтворжихоор байгаа нь давхар эерэг төлөв дагуулж байгаа. Иймд ирэх нэг жилийн хугацаанд төгрөгтэй харьцах ханшид огцом хөдөлгөөн ажиглагдахгүй байх нь. Гэвч юанийн үнийн цаг зуурын өсөлт өрхийн төсвийг цоолж мэднэ. Учир нь ханшийн өсөлтийг худалдаачид мэдрэх хэдий ч энэ нь тэдний хэтэвчинд нөлөөлөх нь тун бага. “Юанийн ханш өссөнөөс болоод барааны үнээ нэмчихсэн” хэмээн хээв нэг хэлээд суудаг худалдаачид цөөнгүй. Дээрээс нь баярын үе, иргэдийн эрэлтийг далимдуулаад үнээ ялимгүй өсгөж, овжин загнахаа ч зарим борлуулагч мартахгүй. Харин юанийн ханш дагасан өсөлтийг хамгийн соргог мэдрэх хүмүүс өнөөх л худалдан авагч, энгийн иргэд байж таарах вий.




САНАЛ БОЛГОХ