С.Амарсайхан: Нийслэлийн төсвийн хөрөнгө хаанаа ч хүрэхгүй

Мэдээ


1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдээс 10-25 хувийн татвар авна


Нийслэл ирэх жил 660.9 тэрбум төгрөгийн орлого олж, 323.2 тэрбум төгрөгийн зарлагатай байх төсвийг өчигдөр НИТХ баталлаа. Гэхдээ Төсвийн тухай хуульд заасны дагуу нийслэл орлогынхоо 60 хувь буюу 208.5 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ёстой. Тэгвэл нийслэл ирэх онд 800 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн тооцож байгаа юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд боломжит бүх эх үүсвэрийг дайчлан ажилласан гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн. Нийслэлийн ирэх оны орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108 тэрбум төгрөгөөр давж байгаа аж. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүн амын орлогын албан татвар нэмэгдэж байгаа нь нийслэлийн орлогыг зузаатгахад нэмэр болно хэмээн тооцжээ. Энэ хуулийн дагуу сард 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдээс 10-25 хувийн шатлалтай татвар ногдуулахаар болсон. Ингэснээр нийслэлийн хэмжээнд хүн амын орлогын албан татвар улирч буй 2017 оноос 83.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж төсөөлж байгаа аж.

Тэгвэл нийслэлийн орлогын 90 гаруй хувийг татвараас бүрдүүлнэ хэмээн төсөвтөө суулгасан. Харин үлдэж буй хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг өөр эх үүсвэрээс олохоор тооцжээ. Тухайлбал, газрын дуудлага худалдаа болон нийслэлийн зарим өмчийг хувьчилахаар төлөвлөжээ. Нийслэл хот ирэх жил 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцсон байна. Гэхдээ энэ нь 2012-2016 онд нийслэлд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зардлаас үлэмж бага байна гэж НИТХ-ын зарим гишүүн чамлаж байна. Урсгал зардлын тухайд оюутан, ахмад настан, цагдаагийн алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн нийслэл, дүүргийн нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107.1, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнд 16.1 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс гадна бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байна.

Өчигдөр болсон ээлжит бус хоёрдугаар хуралдааны дараа НИТХ-ын дарга С.Амарсайхантай ирэх жилийн төсвийн талаар ярилцлаа.

-Улаанбаатар хот ирэх жилийн төсвөө баталлаа. НИТХ-ын хувьд баталсан төсөвтөө ямар дүгнэлт хийж байна вэ?
-Бид өнөөдөр 2018 оны нийслэлийн төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хувьчлах өмчийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. Төсвийн хувьд нийслэлийн өөрийн бүрдүүлсэн орлогын хэмжээнд, иргэдийн ажил амьдралтай холбоотой асуудлыг аль болох олныг шийдэхэд анхаарсан. Тэр ч утгаараа тал талаас нь сайн хэлэлцсэний эцэст өнөөдөр баталлаа. Энэ хүрээнд ирэх жилийн нийслэлийн ажлуудын бэлтгэлийг хангахаар төлөвлөх асуудал үлдсэн.

-2017 оны төсөвт саяхан тодотгол хийсэн. Харин ирэх жилийн төсөв хэр чамбай болов. Дахин тодотгох шаардлага үүсэхгүй гэж ойлгож болох уу?
-2018 онд төсөвт тодотгол хийхгүй гэдгийг Засгийн газар, Сангийн яамнаас мэдэгдсэн. Төсвийг аль болох тодотгох шаардлага үүсэхгүй байхаар төлөвлөх нь төсөв санхүүгийн сахилга баттай холбоотой. Мөн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг зөв тооцох хэрэгтэй.

• Газрын дуудлага худалдаа болон нийслэлийн зарим өмчийг хувьчилж 78.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ.

• Нийслэл хот ирэх жил 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тооцсон байна.

• 2018 онд төсөвт тодотгол хийхгүй шүү гэдгийг Засгийн газар, Сангийн яамнаас мэдэгдсэн.

Хамгийн гол нь эргэж буцахгүй байх тооцоо судалгаа хийснээр төсөвт тодотгол хийхгүй байх боломж бүрдэнэ. Мэдээж орлого нэмэгдэж, энэ хэрээр хөрөнгө оруулалт дахин хуваарилах замаар тодотгол хийх шаардлага үүсэж болно. Үүнийг тухайн үед нь шийднэ.

-Нийслэлд ирэх жил хийх хөрөнгө оруулалтын зардлыг зарим төлөөлөгч чамлаж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Хөрөнгө оруулалтын хувьд 140 гаруй тэрбум төгрөгийн төсөв, хөтөлбөрүүд туссан байгаа. Гэхдээ энэ бол нийслэлд шийдэх ёстой асуудлуудын хаана нь ч хүрэхгүй. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Улаанбаатар хотыг богино хугацаанд хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд иргэд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын нэг хувьд ч хүрэхгүй гэж болно. Тиймээс би олж байгаа цөөн хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулах, орж ирээгүйгээ яаж цуглуулах вэ гэж жижиг хүрээнд асуудлыг сэтгэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин гадна, дотнын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бусад зээл тусламжийн хүрээнд шаардлагатай тулгамдсан асуудлаа шийдэхэд өргөн цар хүрээгээр хармаар байгаа юм.

-2017 онд нийслэлийн орлогыг хэр сайн дайчилсан бэ?
-2017 онд орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрдсэн. Гэхдээ хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад байсан ганц хоёр өмч, мөн газрын дуудлага худалдааны зарим орлого болох 30 тэрбум төгрөгийн тасалдал гарсан.






САНАЛ БОЛГОХ