Бэлэнчлэх сэтгэлгээг бизнес сэтгэлгээгээр солих цаг ирээгүй бололтой

Нийтлэлчийн булан


Нийгмийн хөгжил хүнийг, бүхэн бүтэн улс үндэстнийг өөрчилдөг


Юм бүтээгээгүй үндэстэн хэзээ ч хүний гар доор байдаг хэмээн Н.Жанцанноров гуай хэлжээ. Энэ нь яг л биднийг хэлээд байна уу гэж ойлгогдсон. Бид хэдэн мянган жилийн агуу түүхтэй хүчирхэг үндэстэн гэж бардамнадаг. Гэхдээ түүхээ урагшлуулан харвал хийж бүтээсэн зүйл тун цөөн байдаг нь гашуун боловч үнэн. Америкийн түүхийг нэмэлт хачиргүйгээр дэлгэн харуулсан цуврал баримтат киног хэд хоног шимтэн үзлээ. Энэ улс цуст тэмцэл дунд бүрэлдэн бий болсныг дахин ойлгохын зэрэгцээ энэ өндөрлөгт хүрэхийн тулд ямар их хөдөлмөрлөж, ямар их бэрхшээлийг туулаа вэ гэж бодогдов. Хөдөлмөрлөж, бүтээж байж амжилтад хүрнэ гэдгийг тэд маш эртнээс ойлгожээ.

Үр дүнд нь дэлхийн хөвөнгийн зах зээлийн 75 хувийг дангаараа хангаж байсан түүх тэдэнд бий. Шинэ бүтээл, шинэ санаа, шинэ хүсэл эрмэлзэл бүхэн тэднээс төрөн гарч байлаа. Товчхондоо бол технологийн дэвшил ашигласан бүтээлч үйлдвэрлэл энэ улсыг дэлхийд тэргүүлэх зэрэгт хүргэсэн юм. Одоогоос 100 жилийн өмнө барууныхан япон, солонгосчуудын залхуу, хойргыг гайхан бичиж байсан гэдэг. Цаг баримталдаггүй, залхуу, шинэ юм хийх хүсэл эрмэлзэлгүй, хуучинсаг сэтгэлгээтэй гээд л. Яг л өнөөгийн бидний дүр төрх.

Гэхдээ одоо бол тэднийг хэн ч ингэж гоочилж зүрхлэхгүй. Харин ч дэлхийд гайхагдсан хөдөлмөрч ард түмэн болоод буй. Магадгүй япончууд залхуу байсан байж болно. Гэхдээ нийгэм, цаг үетэйгээ зэрэгцэн хөгжиж, алдаа дутагдлаа засаж чаджээ. Нийгмийн хөгжил хүнийг, бүхэн бүтэн улс үндэстнийг ингэж л өөрчилдөг юм байна. Харин Монголд олон зуун жилийн өмнө байсан бэлэнчлэх, залхуу сэтгэлгээ одоо ч хэвээрээ. Өнгөрсөн жилүүдэд улам дордсон уу гэхээс лав дээрдсэнгүй. Эцэг өвгөдийнхөө үлдээсэн жаахан баялгийг алдан асган байж урагш нь аваачиж арилжаад машин тэрэг, хувцас хунар энэ тэрхнийг авч хэрэглэнэ. Тэгээд үлдсэнийг нь гадаад дотоодын банк гэдэг газар аваачиж нууснаа хөгжил гэж эндүүрэв дээ.

• Одоогоос 100 жилийн өмнө барууныхан япон, солонгосчуудын залхуу, хойргыг гайхан бичиж байсан гэдэг.

• Монголд олон зуун жилийн өмнө байсан бэлэнчлэх, залхуу сэтгэлгээ одоо ч яг хэвээрээ.

• Агуу их хүнд сурталтан л үйлдвэрийн барилгыг даргын контороос эхлэх байх.

Лав л сүүлийн 30 жилийг өмнөх 30 жилтэй нь харьцуулахад монгол хүний оюуны хөгжил, бүтээх сэтгэлгээнд дэвшил харагдсангүй. Монгол хүн ер нь өөр хэн ч бүтээгээгүй биет юу бүтээсэн юм бол. Ингээд бодохоор санаанд торох зүйл орж ирэхгүй байна. Гаднын гоё нэр сонсоод хэрэгжүүлэх нэрээр мөнгө цохихдоо манайхан гаргуун. Төсөл санхүүжүүлэгч юунд өгч буйгаа үл мэднэ. Жаахан харамжаар зээл бүтнэ. Ингэж авсан мөнгөөрөө юу хийхээ бас төсөөлөөгүй л байгаа. Өөрийн мөнгө биш юм чинь. Дэлхий дээр Монголоос өөр үндэстэн оршдоггүй гээд бодоод үз дээ. Үндсэрхэг үзэл бус зүгээр л төсөөлөл юм шүү. Гар утас, машин, онгоц тэргүүтэн бүтээгдсэн байх болов уу. Эсвэл нэхий дээлтэйгээ морь унаад цохиж явах болов уу. Онгоц хийлээ хэмээн баахан хуучин юм угсраад хөөртөл нөгөөх нь салж унаад арай хүний аминд хүрчихээгүй. Одоо нэг агуулахын хог болоод хэвтэж байгаа. Троллейбуснууд давхилдаад байгаа боловч ямар эд ангийг нь Монголд үйлдвэрлэсэн нь нууц. Жижиг, дунд бизнес гэж өчнөөн жил ярьсан ч дэлгүүр, гуанз ажиллуулж, урд, хойноос бараа зөөдөг 1990-ээд оны дүр зургаасаа салж амжаагүй л явна. Дарга нар том том төсөл их ярина аа. Гэхдээ ярих, хийх хоёрын хооронд асар их зөрүү бий. Нэг том бүтээн байгуулалт эхлэхдээ дэд бүтцийг нь шийдэхийн оронд эхний ээлжинд өөрсдийн тухлах оффисоо босгоод авахыг бодно. Эцэстээ дарга нарын суудаг ганц оффисын барилгаас өөр юмгүй “бүтээн байгуулалт” улам нэмэгдэх хандлагатай болжээ. Үйлдвэрийг оффис барихаас эхэлдэг хаанахын тэргүүн туршлага юм бол бүү мэд. Оюутолгой анх хэдэн гэртэй эхэлж байсныг мэдэх юм байна. Эрдэнэт ч ялгаагүй вагончик хэмээх түр сууцанд ажлаа эхлүүлсэн гэдэг. Харин агуу их хүнд сурталтан л үйлдвэрийн барилгыг даргын контороос эхлэх байх. Үйлдвэр бол тэдэнд хамаагүй.

Залуу үеийнхнээ дэмжиж, урмыг нь хугалчихгүй байх юмсан
Тиймээс хөрөнгө, санхүүжилт, технологи, эрчим хүч, зам, холбоо, тээвэр, ажиллах хүч гээд бүх юм нь бараа сураггүй байхад оффисоо бариад тухалчихна. Аж үйлдвэрийн парк гэгчийнх нь нийт хөрөнгө ганц оффис, түүнийг нь тойрсон хашаа хоёр гэвэл жинхэнэ бизнесменүүдийн хөх инээд нь хүрэх биз. Төрийн түшмэлд оффис, цалин хоёр хэрэгтэй болохоос үйлдвэрлэл хэрэггүй гэдгийн сонгодог нотолгоо энэ. “Хятадын хүн амын 80 хувь нь хөдөө ажиллаж, тэрбум хагас хүнээ тэжээж байхад Монголын хүн амын 80 хувь нь хот сууринд сууж, тариа, ногоо тарихгүй, мал өсгөхгүй атлаа гурил, мах шаарддаг” хэмээн Л.Түдэв гуай нэгэнтээ бичжээ. Юм бүтээдэггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй улс гэдгийг маань тун товчхон хэрнээ ончтой тодорхойлсон байгаа биз. Байдал ийм атал эзэн Чингисийн үр сад гэж цээжээ дэлдэх нь үнэндээ ичгэвтэр хэрэг.

Уг нь монгол хүн авхаалжтай сэргэлэн, юмыг сурахдаа амархан, аливаад дасан зохицох чадвар өндөр гээд магтаад байвал сайн тал их. Хилийн дээс алхаж, харь оронд ажил хийхэд эдгээр зан чанар нь илүү товойн гарна. Харин Монголдоо бол уурлаж бухимдсан, байгаа бүхэндээ гутарсан, төр засгаа шүүмжилсэн, хийхээсээ ярих нь ихэдсэн улс. Энэ байдлыг харахаар ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг үг санаанд орж ирээд байдаг юм. Гэхдээ бүхнийг муугаар бодож харлуулаад яахав. Сайн харвал гэрэл гэгээтэй зүйл зөндөө байна. Ялангуяа хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай, өөртөө итгэлтэй залуу үе төрөн гарч байгааг харах үнэхээр сайхан. Энэ үеийнхнээ л өсөж дэвжих боломжоор хангаж, урмыг нь хугалчихгүй байх юмсан.


САНАЛ БОЛГОХ