8784
Дархлаажуулалтын хүрээг хоёр дахин нэмэгдүүлэв
Мэдээ
17 мянган иргэн сайн дураар томуугийн вакцин хийлгэжээ
Томуугийн дархлаажуулалтад энэ жил улсын хэмжээнд нийт 220 гаруй мянган хүн хамрагджээ. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хоёр хүртэлх насны 46 мянган хүүхдийг уушгины хатгалгаа өвчний эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Статистик үзүүлэлтээс харахад өнөөдрийн байдлаар томуугийн дархлаажуулалт 81.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин өнгөрсөн онд 65 мянга гаруй хүнийг томуугийн дархлаажуулалтад хамруулсан юм. Энэ онд томуугийн дархлаажуулалтад есөн зорилтот бүлгийн иргэдийг хамруулжээ. Тодруулбал, эмнэлгийн байгууллагын эмч, ажилтан, хүчний байгууллагынхан, боловсролын салбарын албан хаагчид, жирэмсэн эхчүүд болон эрсдэлт бүлгийн зургаан сараас дээш насны хүүхдүүдийг хамруулсан байна. Томуугийн вакцины 45 мянган тунг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бол Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 175 мянган тунг нийлүүлжээ.
Харин үлдсэн тунг иргэд төлбөртэйгээр хийлгэсэн гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээлэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Цацралт-Од “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн жилийн найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай болдог. Энэ жилийн вакцин өнгөрсөн онтой ижил найрлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, вакцины найрлагад ямар нэг нэмэлт, өөрчлөлт ороогүй. Томуугийн 100 гаруй төрлийн вирус байдгаас Монгол Улсад А, В хүрээний вирус илүү давамгайлдаг. Иймээс иргэдэд хийсэн вакцин нь томуугийн А, В хүрээний вирусыг дарангуйлж, дархлааг дэмжих үйлчилгээтэй. Вакциныг томуу дэгдэхээс сарын өмнө урьдчилж хийдэг. Иймээс өнгөрсөн аравдугаар сард вакцинжуулалтыг дуусгавар болгосон” гэв. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, бүтэн жилийн турш томуугаас сэргийлэх боломжтой болдог аж. 17 мянган иргэн сайн дураар томуугийн вакцин хийлгэжээ.
• Энэ жил улсын хэмжээнд нийт 220 гаруй мянган хүн томуугийн дархлаажуулалтад хамрагджээ.
• Томуугийн вакцины 45 мянган тунг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бол Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 175 мянган тунг нийлүүлсэн байна.
• Томуугийн 100 гаруй төрлийн вирус байдгаас Монгол Улсад А, В хүрээний вирус илүү давамгайлдаг. Иймээс иргэдэд хийсэн вакцин дээрх вирусыг дарангуйлж, дархлааг дэмждэг.
Гэхдээ вакцинд бүрэн найдалгүй давхар дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг тэрбээр зөвлөсөн юм. Үүнээс гадна Засгийн газраас томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн 10 нэрийн 30 төрлийн эмийг үнэгүй олгохоор болсон билээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй