Улаанбаатар утаанд бууж өглөө

Мэдээ


2020 он гэхэд утаанаас хамгаалах маскны борлуулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ

Улаанбаатарын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж буй энэ үед утаанаас хамгаалах маск зүүж эрүүл мэндээ хамгаалахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Өвөлдөө агаарын бохирдлыг анхаарлын төвд авч үздэг болсон 2011 оноос хойш нийт 140 гаруй тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг төр засаг утааны эсрэг авч хэрэгжүүлжээ. Энэ мөнгөөр утаагүй зуух хийж, түлш үйлдвэрлэж үзлээ. Автомашины янданд шүүлтүүр тавих гэж туршив, айлуудыг цахилгаан эрчим хүчээр халаалтаа шийдэх санал тавив. Гэвч дорвитой үр дүн гараагүй тул эцэстээ иргэдийг маск зүүж эрүүл мэндээ хамгаалахыг төр засгийн түвшинд анх удаа уриаллаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утааг бууруулж дийлэхгүй нь гэдгээ бодлого тодорхойлогчид хүлээн зөвшөөрлөө. Нийслэлээрээ асуудлаа шийдэж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон тул одоо иргэд амь амиа бодох цаг иржээ. “Эрэлт байгаа бол тамаас ч гэсэн бараа ирнэ” гэдэг.

Харин яг өнөөдрийн хувьд нийслэлийнхний нэгдүгээрт шаардлагатай зүйл нь утаанаас хамгаалах маск болоод буй тул “Зах зээл” буландаа маскийг онцолж байна. Хэрэглээ байгаа тул нийлүүлэлт нэлээн их байна. Монголд Wecan, Teсhno, Smart, Маскута, КN 95 болон Cambridge гэсэн нэртэй маск түлхүү борлуулагдаж байгаа нь зах зээлээс ажиглагдаж байна. Томоохон худалдааны төв болон зарим эмийн санд эдгээр нэр төрлийн маск илүүтэй зарагдаж буй нь дээрхийн нотолгоо. Гэхдээ энэ нь зөвхөн утаанаас хамгаална гэж ойлгож болохгүй. Зориулалт нь тоос, хорт хий, утаа зэргээс хамгаална. Харин үнийн хувьд дунджаар 3000-18000 төгрөг. Гэхдээ өндөр технологиор бүтсэн, шүүх чадвар сайтай 89 мянган төгрөгөөр зарагдаж буй маск ч бий. Тэр нь голдуу хорт хийнээс хамгаалах хүнд үйлдвэрлэл, цэрэг зэвсгийн салбарынханд зориулагдсан тул иргэдэд түгээмэл танигдаагүй.

Бээжин хотын иргэд маскны хэрэглээг нийтийнх болгожээ
Харин дээр дурдсан нэрийн маскнуудыг долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэж болох бөгөөд угаах, шүүлтүүрийг нь солих боломж бас бий. Харин нэг ширхэг шүүлтүүр 250 төгрөгийн ханштай байгааг дуулгая. Wecan, Smart маскийг борлуулж буй газраас ямар төрлийнх нь илүү эрэлттэй байгаа талаар лавлахад угааж хэрэглэх боломжтой, урт хугацаанд хэрэглэдэг давхар шүүлтүүртэй маскийг онцлов. Гэхдээ анхаарал татсан нэг зүйл нь насанд хүрэгчдэд зориулсан маск хамгийн их худалдаалагдаж байгаа бөгөөд нэг цэг өдөрт багадаа тав, дээд тал нь 20 ширхэг маск борлуулдаг байна. Том хүнийх 11000-15000 төгрөг бол хүүхдийнх 8000 төгрөг аж. Зүй нь хүүхдийн маск хамгийн их борлогдох баймаар юм гэсэн бодол төрснийг хуваалцахгүй байж чадсангүй. Дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ үүсгээд буй Cambridge маскийг онцлоход N99, N95 төрлийн тоосны шүүлтүүр, PM10, PM2.5, PM0.3 зэрэг тоосонцор, нян устгах гурван давхар шүүлтүүрийн системтэй. Эхний давхаргуудад тоос, РМ10 зэрэг бохирдлын тоосонцрыг багасгаж, дараа нь PM2.5 ба РМ0.3 зэрэг жижиг хэсгүүдийг 100 хувь зогсооно. Сүүлийн давхарга нь Их Британийн Батлан хамгаалах яамнаас боловсруулагдаж, вирус, нян болон хийн бохирдлыг үүсгэдэг дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs), озон, бензатин, филодидегид зэргийг шүүдэг аж. Харин PM2.5 бүхий шүүлтүүртэй маск нь агаарын нарийн ширхэглэл тоосонцор, утаа, томуугийн вирусээс болон бусад агаарт тархсан нян бактериас хамгаалах зориулалттай.

Түүнчлэн N95 маск нь PM2.5-ийг 95 хувь хүртэл шүүдэг. Харин N99 болон N100 нь 99, 99.7 хувиар тоос шороог шүүх боломжтой. Ерөнхийдөө “P” нэртэй маск нь агаарт тархсан газрын тосоор бохирдуулагчийг шүүж болно гэсэн үг юм. Эдгээр маскийг шүүлтүүрийг нь сольж хэрэглэдэг бөгөөд дээд тал нь гурван сар хэрэглэх боломжтой аж. Иймээс иргэд сонголтоо зөв хийж, өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч маскийг хэрэглээндээ бүрэн нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Харин дэлхий дахинд энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, зах зээлд эзлэх жин ямар байгааг статистикаас харъя. 2020 он гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлт дөрвөн тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Хамгийн ойрын жишээ нь урд хөршийн нийслэл Бээжин хотын иргэд агаарын бохирдлоос хамгаалахын тулд маскны хэрэглээг нийтийнх болгожээ. Тэд утаанаас 99 хувь хамгаалах PM2.5 бүхий 7-20 цаг хэрэглэдэг давхар шүүлтүүртэй маскийг өргөнөөр хэрэглэдэг талаар тус улсын мэдээллийн сайтуудад өгүүлсэн байна. Тэр дундаа Cambrige болон Хятадын дотоодын үйлдвэрийн маскийг илүүтэй сонгодог. Үнийн хувьд 28 ам.доллар буюу 68 мянга орчим төгрөг. Харин бусад маск зах зээлийн ханшаар дунджаар 0.15-28 ам.долларт хэлбэлздэг. Өнгөрсөн жилийн байдлаар гэхэд тус улсад давхар шүүлтүүртэй маскны зах зээл дөрвөн тэрбум юань буюу 600 сая ам.долларт хүрсэн байна. Хөрөнгө оруулагчдын хэлж буйгаар тус маскны үйлдвэрлэл ирэх таван жилд 10 тэрбум юань болж өсөх хандлагатай байгаа аж.




САНАЛ БОЛГОХ