Эдийн засаг банк бусуудын зээлийн чанарт нөлөөлж байна

Мэдээ


Хангагдаагүй зээлийн эрэлтийг банк бусууд нөхөх болов

Банк бус санхүүгийн салбарт өсөлт зонхилсон хэвээр. Ялангуяа, банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өсөж, түүхэн цэгтээ хүрэв. Тодруулбал, нэг их наяд төгрөгийн босго давахад ойрхон ирлээ. Хөрөнгийн хэмжээ ийнхүү 906 тэрбум төгрөг болж, өсөлт өндрөө авахад зээл олголт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бусад хөгжиж буй орны адил манай санхүүгийн зах зээл банк төвтэй. Харин банкнаас бусад санхүүгийн байгууллагын уг зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй бага. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж эхэллээ. Санхүүгийн тогтвортой байдлын тайланд “Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, тус байгууллагын үйл ажиллагаа ойрын жилүүдэд идэвхжих хандлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Санхүүгийн дэд салбарт гарч буй дээрх өөрчлөлтийн дүнд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж буурав. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.8 нэгжээр хямдарсан үзүүлэлт. 2020 он гэхэд зээлийн хүү 2.1 хувь хүртэл буух боломжтойг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 530 орчим банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын зээлийн нөхцөл чангарсантай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд банк бус санхүүгийн байгууллагуудад хандан хурдан шуурхай зээл авах гэсэн хандлага эрс нэмэгджээ. Тэрчлэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах иргэд ч өссөн байна. Эдгээр нь банк бусын тоо өсөх шалтгааны нэг болжээ. Банк бусаар үйлчлүүлэх иргэдийн дунд арилжааны банкинд зээлтэй, эсвэл зээлийн шаардлага хангаж чаддаггүй иргэд голлож байна.

Мөн барьцаа хөрөнгө зарим банк бус шаарддаггүй тул хандах нь бий. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ ч өсөж байна. Хэдий ийм боловч ашиг хийгээд хөрөнгийн хэмжээ нь нэмэгдэж, өсөлтийг өөртөө улам энэ салбар татах боллоо. Банк бус санхүүгийн байгууллагуудын дийлэнх буюу 90 хүртэлх хувь нь зээлийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа юм. Харин үлдсэн 10 хувийг гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээ эзэлж байна. Эдгээрээс гадна төлбөрийн баталгаа гаргах, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээ хэдийнэ гүнзгий нэвтэрчээ. Эдийн засгийн удаашрал, томоохон мега төслүүдийн саатал нь мөнгөний эргэлт саармагжих угтал болсон юм. Мөн зээлийн эрсдэл нэмэгдсэн зэргээс болж банкууд зээл олголтоо нэг хэсэг хумьж эхэлсэн нь бий.

Ингэснээр чөлөөт эх үүсвэрээ эрсдэл багатай төв банкны үнэт цаас болон Засгийн газрын бондод байршуулах болсноор зээлийн эрэлт, хэрэгцээ ч үүссэн. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагуудад боломж олгосон гэж хэлж болно. Үүний нөлөөнд банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 35 хувиар өссөн төдийгүй 716.8 тэрбум төгрөгт хүрч, амжилтаа ахиуллаа. Үүний 32.8 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 гаруй хувиар тэлж, 600 тэрбум төгрөгт дөхжээ. Энэ нь зээлийн хүү ялимгүй буурах нөхцөл бүрдүүлсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийлүүлэлт өсөхийн сацуу үйлчилгээний нэр, төрөл олширч, зардал нь буурч байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооноос нэмэгдүүлсэн. Энэ шийдвэр гарснаас хойш шинээр байгуулагдаж буй банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа доод тал нь 2.5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэх үүрэг хүлээж буй.

Харин уг шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлсэн билээ. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг сөрөх баталгаа болж байна. Тэрчлэн чанаргүй зээлийн хэмжээ 10 хувиас хэтрэхгүй харагдахад дүрмийн сан туслах болов. Үүнээс гадна өндөр дүнтэй зээл гаргах боломж бүрдүүлж байна.


САНАЛ БОЛГОХ