Хамгийн багадаа жилийн дараа "хар жагсаалт"-аас гарна

Нийтлэлчийн булан


Монгол, Европын холбооны худалдааны эргэлт  500 сая еврог хэдийнэ давсан

Бид өөрсдийнхөө муугаас болж Европын холбооноос гаргасан “Хар жагсаалт”-д багтчихлаа. Ингэснээр олон улсын тавцанд Монгол найдваргүй гэсэн ойлголтыг буурал тивээр нэг үлдээж орхив. Үүнийг одоо баллуурдахад багагүй цаг хугацаа орох нь дамжиггүй. Хамгийн багадаа л Сангийн сайдын хэлснээр нэг жил шаардахаар байна. Хэрэв татварын ил тод байдлаа дээшлүүлж чадвал шүү дээ. Түүнээс улстөржиж, улсаа хорлосоор байвал нөхцөл байдал улам доройтно гэсэн үг. Манай улсын худалдааны гол түншүүдийн нэг нь Европын холбоо байж ирсэн. Харамсалтай нь, бид хариуцлагагүй байдлаасаа болж хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд толбо суулгачих шиг боллоо. Уг нь, хагас жилийн өмнө Европын холбооныхон Ж.Эрдэнэбатын Засгийн газарт дээрх асуудлаар мэдэгдэл хүргүүлсэн юм билээ.

Гэтэл тодорхой хариу арга хэмжээ авалгүй явсаар “хатиг” улам буглажээ. Үр дүнд нь Европын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж хумигдлаа. Тэдэнтэй хийх бизнес ч зогсох төлөвт шилжлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр үүсээд байгаа асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зургаан сарын өмнө “Хар жагсаалт”-д оролгүйгээр үүнийг шийдэж болох байсныг давхар хэллээ. Гэвч галт тэрэг хэдийнэ хөдөлжээ. Европын холбооныхон дэлхий нийтэд шийдвэрээ танилцуулж, харин манайх “орсон борооны хойноос цув нөмрөв” гэгч болж байна. Хэдий ийм боловч татварын зохицуулалтын орчноо дахин сайжруулах шаардлагатай Сангийн сайд нүүр туллаа. Өөрөөр хэлбэл, татварын шинэчлэл үргэлжилж таарах нь ээ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл ийнхүү нэгээр нэмэгдэж байна. Тэр нь Татварын ерөнхий хууль байх аж. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах гээд өмнөх Засгийн газар, ялангуяа Сангийн сайд ажил ихтэй байсан гэж зөвтгөж болох юм. Гэвч Европын холбоог хэнэггүйхэн үйлдлээрээ цааш нь “түлхчихжээ”. Тэр үед манай улстөрчид юун Европын холбоог бодох мантай байлаа. Айсуй төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулах нь эрх баригч намд илүү чухал байсан тул Европын холбоог бараг л тоож хараагүй аж.

Үүнийг одоо баллуурдахад багагүй цаг хугацаа орох нь дамжиггүй
Засгийн газрын шийдэмгий бус байдал өнөөдөр “хар жагсаалт”-аар ил болж байна. Энэ нь тус холбоотой харилцдаг компани, аж ахуйн нэгжийн харилцаанд тодорхой хэмжээний эрсдэл авчирна. Энэхүү эдийн засаг, улс төрийн нэгдэл түүхэндээ анх удаа харилцаа сул татварын тогтолцоотой орнуудад хариуцлага тооцож, хар болон саарал жагсаалт гаргаж тавьсан нь энэ. Үүнийг нь Монголыг оффшор бүсээр зарлалаа хэмээн зөрөө ойлгож, өчигдрийн турш ийм утгатай мэдээлэл хөвөрлөө. Угтаа бол татварын тогтолцооны хувьд тодорхой шалгуур хангаагүй, харилцан ашигтай татварын төлөө Европын холбоотой идэвхтэй хамтарч ажилладаггүй 17 оронтой цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгээ тэд мэдэгдсэн юм. Үүнд сүржигнэх шаардлага байхгүй мэт боловч “сүүдэр”-тэй тал их байна. Татварын “диваажин” болсон улс орон, бүс нутгийн “хар жагсаалт”-ыг дэлгэсний дотор Монгол Улс орчихсон яваагаа давуу тал болгож, сул талаа засах хэрэгтэй болж байгаа юм. Тухайлбал, Татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн болох эхний алхмаа хийх хэрэгтэй байна.

Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцид нэгдэх хэрэгцээ үүсэв. Жагсаалтад багтсан 17 улсын тоонд татвар багатай, оффшор бүсүүд багтаагүй байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж эхэллээ. Европын холбоо болон Монгол Улсын хоорондох худалдааны нийт үнийн дүн өнгөрсөн онд 500 сая еврог хэдийнэ давжээ. Монголоос тус холбоонд гаргасан экспорт гэхэд 100 сая руу дөхсөн бол Европын холбооноос Монголд нийлүүлсэн экспорт 350 сая евро болсон байна. Монгол Улсын нийт гадаад худалдааны 10 орчим хувийг эзэлж буй тус нэгдэл манай худалдааны гурав дахь том түнш. Засгийн газар ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Европын холбооны “Хар жагсаалт”- аас хэрхэн гарах арга замыг авч хэлэлцэхээр болов. Энэ хүрээнд холбогдох яам, агентлаг нийлсэн Ажлын хэсэг байгуулах бололтой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Европын холбоо манайхаас бусад орны иргэд Монголын аж ахуйн нэгж, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данстай болох зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэсэн  шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднын улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзсэн.

• Тус холбоо түүхэндээ анх удаа харилцаа сул татварын тогтолцоотой орнуудад хариуцлага тооцож, хар болон саарал жагсаалт гаргаж тавьсан нь энэ.

• Хоёр талын худалдааны харилцаа хүчин төгөлдөр болсноор 25 дахь жилтэйгээ золгох гэж байна.

• Монгол Улсын нийт гадаад худалдааны 10 орчим хувийг эзэлж буй тус нэгдэл манай худалдааны гурав дахь том түнш.

Үүнийг хуульд нийцүүлэхийн тулд одоо хэрэгжиж буй хууль, тогтоомжийг өөрчлөх шаардлагатай болж байна. Татварын байгууллагаар мэдээлэл авна гэдэг татварын мэдээллийн систем бий болгох, бусад оронтой харилцах боломж нэг талаар  бүрдүүлнэ. Энэ хүрээнд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, түүгээр мега төслүүдээ хөдөлгөх хүсэл тээж яваа улсын хувьд шударга бус татварын тогтолцоотой гэж дэлхий нийтээр цоллуулах нь хүсээд байх зүйл мөн гэж үү. Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, наадам, найрын сар үргэлжилж явсаар удалгүй Засгийн газрын тогтвортой байдал ганхаж эхэлсэн. Төрийн эрхийг атгах нам доторх гишүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл Европын холбоог анхаарлын төвөөс улам холдуулжээ. Үүнийг санаж сэрэх завдалгүй явсан түшээд одоо л гэнэтийн “шок”-онд орчихоод байна. Монголын зарим бараа бүтээгдэхүүн Европын холбооны зах зээлд гаалийн татваргүй нэвтэрч байгаа. Татварын өргөн боломж эргээд Монголын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгааг тоочих нь илүүц болов уу. Хоёр талын худалдааны харилцаа хүчин төгөлдөр болсноор 25 дахь жилтэйгээ золгох гэж байна. Ийм баялаг түүхтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд татварын эрүүл бус систем доголдол үүсгэж, бүхий л харилцаа гацчихлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Тиймээс Европын холбоонд бид гомдол мэдүүлэх бус засаг төрдөө үгээ хэлэх цаг ирлээ.





САНАЛ БОЛГОХ