Ерөнхийлөгчийн хориг “бүдэрлээ”

Мэдээ


Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, зарлагын хэсэгт хориг тавьсан юм. Энэхүү хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авахаас татгалзав. Ерөнхийлөгчийн хоригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хоригийг уншиж үзэхэд хэд хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв болон нэгдсэн төсвөө агуулгыг нь ойлгоогүй холиод биччихсэн байсан. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ-аар баталдаг.

Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Ядаж арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаа нь үнэхээр харамсалтай. Төсвийн алдагдлыг ДНБ-ий найман хувьтай байхаар төсөөлж баталсан. 1.5 хувиар буулгана гэдэг 600 тэрбум орчим төгрөгийн зөрүү юм” хэмээн тайлбар өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр “Төсвийн зарлагыг бууруулахын тулд Сангийн яам 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллахаар болсон. 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа арга хэмжээ нэг бүрийг нарийн нягталж үзэхээр төлөвлөсөн. Харин орлого нэмэх тал дээр бодитой төлөвлөсөн зүйл харагдахгүй байгаа. Өмнө нь орлогоо хий хоосон төлөвлөж, тэр хэрээр зарлагаа нэмж эцэст нь төсвийн алдагдал, өр үүсдэг буруу жишгийг хална. 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор тохирсон. Засгийн газар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг зургадугаар сард гаргасан. Энэ шийдвэрийг ОУВС буруутгаж, тайлбар нэхэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө тодорхой хугацаагаар зогсоосон.

Гэвч хоёр тал яриа хэлэлцээр хийж, ойлголцсоноор хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Сангийн яам тодорхой ажлуудыг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор ажиллаж байгаа. Үүний тулд бид зөвхөн ОУВС төдийгүй 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгож буй донор байгууллагуудтай ойлголцох шаардлагатай учир нэлээн цаг хугацаа шаардаж байна” гэлээ.


САНАЛ БОЛГОХ