ХНХСИ: 10 ажлын байр тутмын долоо нь байнгын ажлын байр байна

Мэдээ

Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 2006-2016 онд 11.3 хувиас 10 хувь болж буурсан талаар ҮСХ мэдээллээ. Харин хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдлийн түвшин тогтмол сайжирч, тэр дундаа эрэгтэйчүүдийн ажилгүйдэл 2009-2016 онд гурав дахин буурсан байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын судалгаагаар улсын хэмжээнд энэ онд нийт 70 мянга гаруй ажлын байр бий болох хүлээлттэй байсныг онцолсон юм. Бөөний болон жижиглэн худалдааны салбар, хаа, барилга, үйлчилгээний салбаруудын ажиллах хүчний эрэлт өмнөх жилүүдээс буурахаар тооцоолж байсан. Уул уурхай, эрүүл мэнд, нийгмийн үйл ажиллагаа, захиргааны салбаруудын ажиллах хүчний эрэлт өссөн байна. Энэ онд ажиллах хүчний нийт эрэлтийн 14.2 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бий болох хүлээлттэй байсан нь хамгийн өндөр дүн болж байна. Мөн 13.9 хувь нь барилгын, 7.8 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны мөн 7 хувь нь ХАА-н салбарт ногдож байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн хувьд эерэг үр дүн болохоор үзүүлэлт гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт мэдээллээ.

Ажиллах хүчний үзүүлэлтээр жин дардаг салбаруудын нэг уул уурхайн салбарт энэ онд 2980 иргэнийг ажлын байраар хангасан байна. Оюутолгойн төслийн хүрээнд л гэхэд нийт 13 мянга гаруй ажилчин байгаагаас 9 хувь нь Монгол ажилчид гэж компаниас мэдээлсэн юм. Түүнчлэн 2017 онд бий болохоор хүлээгдэж байсан нийт эрэлтийн бараг тавны дөрөв нь хувийн өмчийн аан, байгууллагад хамаарч байгаа нь хувийн хэвшлийн байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн томоохон оролцогч гэдгийн илрэл юм.

Мөн сул ажлын байрны ажиллах хүчний эрэлт барилга, эрүүл мэнд болон нийгмийн үйл ажиллагааны салбаруудад бусад салбартай харьцуулахад өндөр байна. Үүнээс гадна энэ оны хувьд, 10 ажлын байр тутмын долоо нь байнгын ажлын байр байна. Өөрөөр хэлбэл нийт ажиллах хүчний эрэлтийн 70 хувь нь байнгын харин 30 хувь нь түр ажлын байр байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт тодотгосон юм.



САНАЛ БОЛГОХ