ОУХБ: Монголд бодит дундаж цалин 2001-2016 оны хооронд найм дахин өссөн

Мэдээ

"Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал" тайлангийн төслийг танилцуулж, эцэслэн боловсруулах үндэсний семинар өнөөдөр боллоо. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр 2006-2016 онд цагийн хөдөлмөрийн хөлсний хүйсийн ялгаа Монгол Улсын хувьд мэдэгдэхүйц багасжээ. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цагийн дундаж хөдөлмөрийн хөлсний зөрүү 1.1 хувь буюу маш бага байна. Харин бодит дундаж цалин 2001 оноос 2016 оны хооронд найм дахин өссөн болохыг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт тав дахин багассан байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийт ажиллагчдад эзлэх хувь сүүлийн долоон жилийн хугацаанд хоёр дахин буурч 2016 оны байдлаар 18.7 хувь хүрсэн байна. 2016 онд 15-24 насны иргэдийн ажилгүйдлийн түвшин улсын дунджаас 2.5 дахин их байна.

Энэ түвшин нь 20-24 насныхны дунд хамгийн өндөр байгаа юм. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн мэдээллийг нарийвчлан гаргаж түүнд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх шаардлагатай байгааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцоллоо. Үүнээс гадна Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, бусад улс оронд жишиг болгохоор төлөвлөж байна.

Тус үзүүлэлтийн бэлэн байдал 60-70 хувийн гүйцэтгэлтэй байгааг үсх-ны дарга мэдээлсэн юм. Түүнчлэн ҮСХ-оос олон улсын хөдөлмөрийн байгууллагад хүргүүлсэн, 2011-2017 оны статистикийн шинэчилсэн мэдээллийн сэдвийн хамралт 5-аас 14 болж нэмэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ