АПУ хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаат компани болов

Мэдээ

“Heineken International” болон “MCS” групптэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэсэн АПУ ХК хамгийн өндөр үнэлгээтэй хувьцаат компани боллоо. Монголын Хөрөнгийн биржид мягмар гарагт арилжаагаа сэргээсэн АПУ ХК-ийн хувьд нийт 902.2 мянган ширхэг хувьцаагаа 818.1 сая төгрөгөөр арилжсан байна. Улмаар арилжааны төгсгөлд зах зээлийн үнэлгээ нь 965 тэрбум төгрөг болсон нь хамгийн өндөр үнэлгээнд тооцогдож байгаа аж. Өнөөдрийн байдлаар 906.8 төгрөг байгаа хувьцааны ханш нь "Энэ оны эцэс гэхэд 1150 төгрөгт хүрнэ" гэж marketinfo.mn-ийн шинжээчид өмнө нь таамаглаж байжээ. “Heineken International”-тэй нэгдэн нийлэх үйл ажиллагааны бэлтгэл хоёр жил үргэлжилсэн байна. Улмаар наймдугаар сард АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэмжиж аравдугаар сард Монголын Хөрөнгийн бирж зөвшөөрөл гаргаж, 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрснөөр АПУ ХК-ийн үнэт цаасанд өөрчлөлт орсон байна. Одоогоор тус компанийн хувьцааны 25 хувийг эзэмшигчээр “Heineken International” компани бүртгэгджээ. “Heineken International” нь дэлхийн 70 гаруй оронд 165 үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хэлцлийн дүнд АПУ ХК экспортоо тэлж, олон улсын зах зээлд гарах боломж бүрдэнэ гэж таамаглаж байна.

Мөн энэ нь "Шингэн хүнс үйлдвэрлэлийн шилдэг ноу-хауг нэвтрүүлж, үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулна" гэж АПУ ХК мэдэгдэлдээ дурджээ. АПУ ХК-ийн нэгдэн, нийлэх энэхүү хэлцэл шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамгийн анхаарал татсан үйл явдал болж байна. Оны эхний арван сард боловсруулах үйлдвэрлэл 2.1 их наяд төгрөг болсон нь 2016 оны мөн үеэс 33.2 хувиар өсжээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 16.4 хувиар, ундааны үйлдвэрлэл 2.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. АПУ ХК-ийн хувьд энэ оны II улирлын байдлаар сүүний үйлдвэрлэлийн 25 хувийг, архины үйлдвэрлэлийн 48 хувийг, пивоны үйлдвэрлэлийн 62 хувийг, ус ундааны үйлдвэрлэлийн гурван хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин салбарын бусад голлох компанийн тухайд “Сүү” ХК-ийн хувьцааны ханш Монголын Хөрөнгийн биржид энэ онд хоёр дахин өсжээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь 71 хувиар нэмэгдэж, 59.7 тэрбум төгрөг болсон байна. Сүүлийн таван жилийн дотор борлуулалт нь хоёр дахин өссөн тус компани энэ онд Монголын Хөрөнгийн биржид 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, жилийн 17.5 хувийн хүүтэй, зургаан тэрбум төгрөгийн компанийн бонд амжилттай гаргасан байна. Эдгээрээс гадна Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэхээр зорьж байгаа “Витафит”, “UFC групп” зэрэг компани туршилтын бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн юм.



САНАЛ БОЛГОХ