Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Мэдээ

ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. Хэрвээ тэрбээр улиран сонгогдсон тохиолдолд Зөвлөлтийн үеийн удирдагч Йосеф Сталинаас хойш хамгийн урт хугацаанд Орос орныг удирдсан тэргүүн болох юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Энэ мэдэгдлийг хийхэд хамгийн тохирсон, хамгийн таатай газар энд байна гэж би хэлнэ. Намайг дэмжиж байгаад баярлалаа. Миний бие ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно" гэж мэдэгджээ. Иргэдийн дундах түүний дэмжлэг 80 гаруй хувьтай байгаа учраас ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд хол зөрүүтэй ялалт байгуулах боломжтой гэдгийг ажиглагчид онцолж байна. Саяхан явуулсан санал асуулгаар түүнийг 67 хувийн санал авч дахин нэг удаа улиран сонгогдоно гэж үзжээ. Түүний хувьд Засгийн эрхэнд гарснаасаа хойш олон улсын тавцанд ОХУ-ын нөлөөг нэмэгдүүлж байгаатай зэрэгцээд барууны орнуудтай харилцах харилцаанд хурцадмал байдал даамжирч байна.

Тодруулбал, АНУ-тай харилцах харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн тааруу үедээ ирээд байгаа төдийгүй тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх шалтгааны улмаас АНУ ОХУ-д хориг тавиад байгаа юм. 2012 онд дахин Засгийн эрхэнд гарснаасаа хойш Владимир Путин улсаа эдийн засгийн хямралаас гаргаж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хүргэжээ. ОХУ-ын Парламентын дээд танхим энэ сарын сүүлээр сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор эхлүүлнэ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.



САНАЛ БОЛГОХ