Утаа өтгөрнө, бүр олон арван жилээр

Судлаачийн үг


Хотыг чиглэсэн их цуваа л Улаанбаатарын утааг бий болгочихсон юм

Монголчуудын хамгийн том зовлонгийн дотор хотын утаа тэргүүлэх байранд гараад ирлээ. Тэргүүлэх гэж нэрлэсний учир нь дагалдах зовлон гэж байна. Түүнд нь хөрсний ба усны бохирдол, хог хаягдлын хэрээс хэтэрсэн нөөц, нийслэлдээ багтахгүй болж зам түгжсэн, ажил алсан хагас сая машин, байгаль орчны хайр найргүй доройтол, Туул гол ба гол усны ширгэлт, татралт ажилгүйдэл, ядуурал, шүлхий, мялзан, боом өвчин, ард иргэдийнх нь эрүүл мэндийн эрсдэл, улстөржилт ба төрийн хэт данхайсан бүтэц гээд жагсаад байх нь тэр. Бүгдийг нь жагсаах бололцоо сонины нэг нүүрэнд хүрэлцэхгүй. Харин хотын утаа гэдэг рүү орж ширүүхэн, хурц, өршөөлгүй бичихгүй бол болохгүй болоод үзэг цаасаа агсаж байгаа нь энэ. Би өөрөө нийслэлийн унаган хүүхэд, 40 мянгатад өсөж хүн болсных дуугарахад яадаг юм гэсэн итгэл өвөрлөн бичиж байна. 1992 онд Үндсэн хууль батлахад оролцсон тэр үеийн АИХ-ын депутат, Улын Бага Хурлын гишүүн явсан нэг нөхөр маань хэлж байна: Монголчууд оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэсэн заалт оруулсан нь хотын энэ хүн ард хөдөөгийн цэнгэг агаарыг хүсэмжлээд хотоос гараад явчихна, хот хөдөөдөө хүн амаа тэнцүүлчихнэ гэсэн итгэл байснаас тэгсэн юм гэдэг байгаа.

Гэтэл байдаггүй ээ, эсрэгээрээ. Хаана оршин суух газраа чөлөөтэй сонгох сонголт л Улаанбаатарыг маань алах юм байна даа хэмээн шинэ Үндсэн хууль баталж байх үед миний санаанд буусан, тэр бодолтойгоо явсаар өнөөг хүрч байна. Бүрэн нотлогдлоо. Иргэд хот руу 27 жилийн турш цувлаа, тасардаггүй ээ. Энэ цуваа л хотын утааг бий болгочихсон юм. Зөвшөөрөлгүй нүүж ирэгсдийн олонх нь гэр хорооллын зах бараадаад “задгай” гэдэгт буучихна. Зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй, нийслэлийн хүн болно гэх итгэлгүй. Гэтэл УИХ- ын сонгууль гэж нэг гай, ялангуяа жижиглэсэн мажоритари тойрогт өрсөлдөгчид, ялагчид тэднийг бичиг баримтжуулаад, албажуулаад хотын иргэн болгочихно. Хэдэн зуугаараа биш шүү, хэдэн түмээрээ. Амьдрал гундуу, ажил байхгүй, орлогогүй, өвөлдөө осгож үхэхгүйн төлөө галаа түлж эхэлнэ. Галласаар галласаар 27 жилийн дараа энэ хотыг өтгөн хар манан утаа хучаад авах нь тэр. Болсон үйл явц ердөө энэ. Утаа ийм дээрээ тулах нь, нэг арга бодооч ээ гэдгийг 20 жилийн тэртээ нийтлэлдээ бичиж байсан хүн надаас өөр олонгүй дээ. Гэв гэнэт саяхнаас ухаарцгаалаа. Арай энэ 2017 оноос биш байгаа даа? Утааны эсрэг эцэг, эхчүүдийн жагсаал, “Боож үхлээ” жагсаал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Утааны эсрэг урлагийнхан болон бусад ТББ, нийслэл рүү шилжихийг нэг жил хориглох гэх мэт нь саяхны нэг хоёр жилээс өрнөөд эхэллээ.

Гэхдээ эд бүгд ялалт байгуулахгүй. Энэ бүхэн ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн гутранги бодлоо би нуухгүй. Эзэн холбогдогчгүй тэнгэрт суунаглах утаат агаартай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Тэр бол буруутан нь биш. Эзэн холбогдогч нь хүн, тодорхой хэлбэл гэр хорооллын монголчууд. Хэрэв эзэн холбогдогчтой нь тэмцэхгүй бол энэ янзаараа дээр дооргүй санаа зовинон, элдэв шийдэл хайсаар байвал Улаанбаатарын өтгөн хорт утаа хэзээ ч арилахгүй, энэ бол миний үзэл бодол. Гутранги байх өөр нэг шалтгаан: монголчууд хавартай золгож, цас хайлаад утаа замхрахаар түр мартаж, өвөл хүйтрэхээр дахин ярьдаг цаг гэсэн шиг улстөрчид, иргэний хөдөлгөөн, эрүүлийг хамгаалах, ТББ-ууд хэл амаа арваннэгдүгээр сарын дундаас билүүдээд эхэллээ. Тэгээд өвөлжингөө ярина. Хавар цас хайлахаар замхарч, зун мартагдана. Дараагийн өвлөөс нааш ам ангайхгүй. Ийм зохиомжоор утааны эсрэг тэмцэл явагдах вий хэмээн үнэхээр айж байна. Хэрэв ингэвээс лав 20 жил ийм зохиомж үргэлжилнэ. “Утаатай нь биш ээ, цаад эзэдтэй нь” гээд ширүүхэн дуугарчихъя.

Монгол Улс дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө өнгөн дээр хүрч байж утааны аюулыг мэдэрсэнд нэг талаас хорин хэдэн жилээ тооцоод харамсмаар, харин тийм иргэний зориг гарган томоос том хүчтэй дуугарсан өмнөх Ерөнхийлөгчид бол талархмаар санагдсан шүү. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо хэмээн тэрбээр 2009 онд анх удаа хэлж байжээ. Гэтэл өнгөрсөн найман жилд УИХ, Засгийн газар дэмжих нь даанч яав даа. Ноён Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өнгөн дээр ийм нэг хороо ажиллаж эхэлжээ. Том дэвшил байсан нь гарцаагүй. “Ерөнхий сайд толгойлсон гамшгийн үеийн онцгой байдлын хороо” гэж. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараах Зөвлөлт улс нүднээ буух шиг боллоо. Өтгөн хорт утаанд умбасан өнөөгийн Улаанбаатар чинь жижигрүүлсэн Чернобыль болчихоод байгаа бус уу хэмээн тэр хороо хүн ардаасаа шууд бусаар асуусан байж болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөн дээр тэр хороо ажиллаасай л билээ. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт үгүй боллоо гэдгийг өмнөх Төрийн тэргүүн 2017 он гараад зоригтой хүлээн зөвшөөрсөн. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн гамшиг хэмээн шууд нэрлэж билээ. Нэрлэхийн сацуу гэм буруутныг шууд зааж өгсөн. Миний олон жил хүсээд байснаар гэм буруутан нь монголчууд Та нар гээд шууд нэрлэчихсэн. Утаа гаргаж байгаа зуухны ард монгол хүн сууж байдаг, утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол гэж хэлсэнсэн. Бүр яг тэгж хэлсэн байгаа. Энэ их гамшгийг төр, засаг өнгөрсөн өвлөөс ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон нь том дэвшил. Тэгэхдээ нэгдсэн шийдэлд хүртлээ ихээхэн зүрх зориг шаардсан ажил өрнүүлэх ёстой хэмээн би улам догиож хөөргөж байна. “Ихээхэн зүрх зориг” гэж юуг хэлнэ вэ? Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас өтгөрүүлсэн хорт утааны 80 хувийг гэрийн зуухнаасаа үйлдвэрлэж суудаг гэр хорооллын иргэдийнхээ эсрэг ажиллах зүрх зориг гаргана, тэдэнд өршөөлгүй хандана гэсэн үг шүү дээ.

Утааны эсрэг, утаа таригчдын эсрэг зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!
Монгол гэр, шавар амбаарт суугчдыг өрөвдөх хэрэггүй, тэднийг ичээ, илчил гэж лав өмнөх Төрийн тэргүүн зориглон хэлсэн. Ичтэл нь илчлээд өгөхөөр утаа гаргадаг үйлдлээ зогсооно гэчихсэн. Улаанбаатар хот руу шилжихийг хоригло гэж ч хэлсэн. “Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй ээ”. “Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй”–ямар гайхамшигтай эшлэл байв аа? Улаанбаатар руу уриалан дуудахаа боль хэмээн хойш хойшдын улстөрчдөд Төрийн тэргүүн маань тэр үед анхааруулж, сэрэмжлүүлжээ. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэе гэдгээр нийслэлийн даац хэтэрснийг багасгая, зогсооё гэсэн санаа цухалзжээ. Нэг сая 300 мянга давсан нийслэлийн хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе хэмээн Төрийн тэргүүн тун зоригтой уриалж байжээ. Би энд саналаа нэмэрлэчихье. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү буцах хүн нэг бүрт, айл өрх нэг бүрт хуваарилаад хөдөө аймаг руугаа нүүх хөшүүрэг болгон, нүүгсдийг “худалдан авах” хэрэгтэй. Эргэж Улаанбаатарт нүүж ирэхээргүйгээр хуулийн зохицуулалт хийж өгнө гэсэн үг. Хэрэв төрөөс мөнгө авч нүүчихээд тэр мөнгөө идэж ууж, үрчихээд эргээд нүүж ирнэ гэвэл ёстой гонж гэтэл нь хуульчилж өгөгтүн! Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах мэргэн арга бол нийслэлийн газрыг үнэ хаялцуулан худалдаалах явдал байж болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийн өртгийг өсгөөд өг. Хэн ч авч чадахааргүйгээр үнэ хүргэ. Энэ бол хялбар биш. Утаа үйлдвэрлэгчдийг нүүж дүрвэтэл нь газраар нь хавчаад өг. Хотжихгүй, соёлжихгүй байвал өршөөлгүй гэдгийг нь мэдрүүлээд өг! Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах бас нэг мэргэн арга бол өндөр торгууль. Хорт утаа ялгаруулах гал түлбэл торгууль ногдуул. Түлэхгүй болтол нь, эсвэл Улаанбаатараас дүрвэж гартал нь торгоод өг. Олон удаа торгуулиад ирэхээр нийслэлээс явахын түүс болно. Улаанбаатар ирээдүйгүй хот боллоо гэдгийг өмнөх Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснөөрөө маш том иргэний зориг гаргасан байх. “Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан”– энэ ч бас анх удаа түүний амнаас унасан үгс. “Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй”- Ц.Элбэгдорж.

2017 оны аравдугаар сарын 23-ны мэдээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн ЗДТГ, ДЭМБ-тай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгуулжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга утааны эсрэг (хэрэг дээрээ утаа таригчдын эсрэг) бүр ч хүч оруулсан шинэлэг дүгнэлтээ хэлжээ. Тэрбээр:
-1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Үүн дээр та бүхэн санал нэг байгаа байх. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ. -Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.
-Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан.
-Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүний талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр тэр хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй, нүүрс түлээд байна вэ гэвэл орлого нь тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тэрбээр шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдад утаатай тэмцэх хугацаат үүрэг өгчих шиг боллоо. “Дараагийн сонгууль хүртэлх хугацаанд” хэмээн 2020 оныг шууд зааж өгчээ. Тэр болтол гурав хүрэхгүй жилд ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг зэрэг шийднэ гэсэн сэтгэлтэй Засгийн газар байгаасай хэмээн тэрээр ерөөчихлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад хэлж байна:
-Шөнийн тариф, цахилгаан халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1.5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй. -Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж утаа гарч байна. Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм.
-Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянга гаруй хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гарч, газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.
Эцэст нь утааны эсрэг төр засгаас ийнхүү эрс тэс тэмцлийн зам сонгож байгаа бол, түүнээсээ ухрахгүй гэж байгаа бол, утаа таригч гол буруутан нь монголчууд бид өөрсдөө, утаа таригчид нь гэр хорооллын иргэдийн ихэнх нь гэж үзэж байгаа бол түүнийгээ ил зарлаад дээр миний бичсэн шиг торгох, хавчих, хөөх, нүүлгэх бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. Утааны эсрэг, утаа таригчдын эсрэг зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!


САНАЛ БОЛГОХ