Хууль бус олборлогчдыг албажуулах нь чухал гэв

Уул уурхай


Бичил уурхайчид 2016 онд 22.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн

Бичил уурхайчид чууллаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хариуцлагатай бичил уурхайн чуулга уулзалт зохион байгуулсан юм. Тус чуулганд холбогдох албаныхан, бичил уурхайчдаас бүрдсэн 250 гаруй төлөөлөл оролцов. Монгол орны 18 аймаг, 78 сумаас бичил уурхайчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Сүүлийн жилүүдэд үе үеийн Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ онд л гэхэд Засгийн газар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан. Ингэснээр энэ чиглэлийн дэд журмуудад өөрчлөлт оржээ. Тухайлбал, Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг шинэчилсэн. Эдгээр өөрчлөлт нь бичил уурхайн салбарыг боловсронгуй болгож, хариуцлагыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй гэж албаныхан үзэж байгаа.

Гэхдээ өнөөг хүртэл бичил уурхайн салбарт бодлого зохицуулалт шаардсан сорилт байсаар байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлсэн. Тухайлбал, нинжа буюу дураараа, хууль бусаар олборлогчдыг өнөөг хүртэл албажуулаагүй, мөн бичил уурхайгаар олборлосон алтны сорьцыг орон нутагт тогтоох, худалдан авах нөхцөл бүрдээгүй хэвээр байна. Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 616 нөхөрлөл, 7000 орчим иргэн бичил уурхайд олборлолт хийж буй. Эдгээр иргэн өнгөрсөн онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 22.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Сүүлийн жилүүдэд бичил уурхайчдаас авах төлбөр, хураамжийн хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд 2016 оны үзүүлэлтийг 2015 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн дүн болохыг салбарын яамнаас мэдээлэв. Харин албан бус буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчдын тоо одоогоор тодорхойгүй бөгөөд өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа аж. Орон нутгийн зүгээс энэ төрлийн үйл ажиллагааг хумихад зарим талаар хүч мөхөсдөж буйгаа удирдлагууд нь учирлаж байна. Иймд хууль бус олборлогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, албажуулах нь нэн тэргүүнд тавигдсаар байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар онцолж байна. Харин хуулийн хүрээнд хариуцлага хүлээж буй хувиараа олборлогчидтой хамтран ажиллахад бэлэн гэдгээ Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг хэлэв.

Мөн орон нутгийн удирдлагуудын зүгээс бичил уурхайн талбайн судалгааг хийх шаардлагатай гэж үзэж байна. Бичил уурхай эрхлэгчид нь алт, нүүрс, жонш гэсэн гурван төрлийн ашигт малтмал голлон олборлож байгаа. Бичил уурхайн зориулалтаар олгосон газар нутгийн хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1800 га талбайд хүрсэн. Энэ нь 2013 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Тус чуулганы үеэр бичил уурхайчид байр сууриа илэрхийлсэн. Тэдний зүгээс шинээр боловсруулсан дүрэм, журмыг бодит байдалд нийцсэн хэмээн дүгнэж байна. Увс аймагт алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алтантэвшийн цэцэг” ТББ-ын тэргүүн Д.Цэцэгмаа “Сүүлийн жилүүдэд аймгийн удирдлага, бичил уурхайчдын хамтын ажиллагаа нэмэгдсэн. Манай олборлолт хийж буй талбай дээр гэхэд долоон ТББ үйл ажиллагаа явуулдаг. Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Харин бидэнтэй зэрэгцээд нинжа нар олборлолт хийж, хууль бус үйл ажиллагаа явуулж, зөрчил маргаан үүсгэж байна” гэв. Тэрчлэн чуулганы үеэр бичил уурхайчдын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцсэн юм.





САНАЛ БОЛГОХ