Хятадын хязгаарлалт хилийн чанадын экспортыг дэмжив

Мэдээ


БНХАУ-ын импорт өсөж, төмрийн хүдрийн үнэ чангарав

БНХАУ-ын гаалийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагт тус улсын импортын мэдээллийг дэлгэсэн нь таваарын зах зээлд багагүй өөрчлөлт дагууллаа. Ялангуяа, урд хөршийн газрын тос, зэс, төмрийн хүдрийн импорт өнгөрсөн сард өсчээ. Энэ нь ханшийн муруй дээр хэлбэлзэж байсан үнийн түвшинг өсгөв. Тухайлбал, энэ долоо хоногийг уналттай эхлүүлсэн төмрийн хүдрийн ханшийг баасан гарагт гурван хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр тонн төмрийн хүдрийн ханш 68 ам.долларт хүрлээ. Энэ нь хоёр сарын өмнөхтэй харьцуулахад бараг 20 орчим хувиар өссөн дүн. Урд хөрш агаарын бохирдолтой тэмцэхийн тулд гангийн үйлдвэрлэлээ хязгаарлаж, Бээжинтэй ойр байрлах үйлдвэрүүдээ хаах болон хүчин чадлыг нь бууруулж байна. Ийнхүү гангийн үйлдвэрлэлээ дотооддоо хумихтай зэрэгцээд гадаадаас авдаг, гангийн гол түүхий эдийн импорт өссөн аж.

Тус улс энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 990 сая тонн төмрийн хүдэр импортолсон. Энэ нь 2016 оны мөн үетэй харьцуулахад өндөр дүн бөгөөд жилийн эцэс гэхэд өнгөрсөн оны хэмжээг давах магадлал өндөр байна. Цаашлаад Хятадын дотоодын хязгаарлалт BHP Billiton, Rio Tinto зэрэг томоохон компани ашгаа өсгөхөд дэмжлэг болохоор байгааг шинжээчид онцолж байна Тэгвэл төмрийн хүдрийг экспортынхоо гол түүхий эд болгодог Монгол Улсад тус бүтээгдэхүүний ханш өсөж буй нь сайн мэдээ байх нь дамжиггүй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Монгол Улс таван сая тонн төмрийн хүдрийн баяжмал хилийн чанадад нийлүүлж, 260 сая ам.долларын орлого олсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Төмрийн хүдрийн импортын хэмжээ болон орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан дүр зурагтай байна.

Энэ оныг тун өөдрөг эхлүүлсэн тус түүхий эдийн ханш оны дунд үед хоёр удаа огцом уруудсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлэн сэргэж эхлээд байгаа юм. Дээрээс нь зах зээлийн гол худалдан авагч болох Хятадын импортын мэдээлэл өөдрөг байгаа нь ханшийн төлөвийг улам өсгөөд байна. Metal Bulletin байгууллагын тооцоогоор төмрийн хүдрийн ханш цаашид тасралтгүй өсөх төлөвтэй байгаа. Тодруулбал, 62  хувийн агууламжтай төмрийн хүдрийн ханш тонн нь 70 ам.долларт хэлбэлзэж байгаа нь есдүгээр сарын 18-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Citigroup БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр ирэх хоёр жилийн хугацаанд төмрийн хүдрийн үнэ өсөх төлөвтэй гэж үзэж байна. Тодруулбал, ирэх онд тонн нь дунджаар 68 ам.доллар, 2019 онд 60 ам.доллар байна гэж тус группийн мэргэжилтнүүд тооцоолж байна.


САНАЛ БОЛГОХ