Ядарч яваа эдийн засагт “яран дээр шарх” гэдэг л боллоо

Улс төр

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа. Европын холбооноос зарласан “хар жагсаалт”-д Монгол Улс багтсан нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх болон төсөв, мөнгөний бодлогын талаарх түүний байр суурийг сонирхсон юм.

-Саяхан Европын холбооноос Монгол Улсыг “хар жагсаалт”- д орууллаа. Энэ нь манай улсын эдийн засагт ямар үр дагавар авчрах вэ? -“Хар жагсаалт”-д орууллаа гэдэг мэдээ ядарч яваа эдийн засагт “яран дээр шарх” гэдэг л боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орчныг “болоогүй байна шүү” гэдгийг ертөнцөөр нэг хэлчихэж байгаа юм. Би энэ “хар жагсаалт”-ын талаар өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээс сонирхож асуулаа. Ер нь засаг солигдож байх үеийн завсарт манай гүйцэтгэх засаглалынхны гаргасан алдаа юм билээ. Тиймээс үүнийг богино хугацаанд засаж залруулах ажлыг яаралтай зохион байгуулахгүй бол алс хэтдээ хортой юм. 

МАН Улаанбаатар хотыг тойрсон дарга нарын бүлэглэлийн нам болчихсон
-Европын холбооны зүгээс “хар жагсаалт”-ыг шууд илээр зарлаж байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна өөр хориг саад үүсэж байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол бас байна…

-Яг одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Ямар ч байсан өмнө нь өгсөн анхааруулгын дагуу энэ Засгийн газар ажиллах хэрэгтэй байсан гэдэгтээ санал нэг байна. Тиймээс цаашид Засгийн газар санхүү, эдийн засгийн бусад байгууллагаас өгч буй чиглэл, сануулга дээр анхаарал тавьж ажиллаасай гэж хүсэж байна.

-Энэ “муу нэр”-ээ арилгахад бидэнд ямар хугацаа байна вэ?

-Сангийн сайдын хэлж буйгаар 2019 онд энэ алдааг засаж чадна гэж хэлээд байгаа юм. Үндсэндээ татварын шинэчлэл хийх ёстой гэсэн зарчмын шаардлага тавиад байна л даа. 2019 он гэдэг бас л амаргүй сонсогдож байна. Бүтэн жил шаардах нь. Эцсийн дүндээ үүний хор хохирлыг манай бизнес эрхлэгчид л амсана.

-Саяхан баталсан 2018 оны төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьсныг УИХ-аар хэлэлцсэн. Ер нь Ерөнхийлөгч удаа дараагийн хоригуудаараа юу илэрхийлэх гээд байна. Цаад санаа нь юу юм бол?

-Хувь хүнийхээ зүгээс Ерөнхийлөгчийн тавиад байгаа хоригуудыг сайшаалтай хүлээж авахгүй байгаа. Саяхан төсвийн хууль дээр тавьсан хэсэгчилсэн хориг сонин санагдсан. Яагаад гэвэл хориг нь өөрөө албан бичгийн хувьд шаардлага хангаагүй. “5.2 биш шүү 2.5 гэж уншаарай”, “Гэнэтийн биш шүү улсын гэж уншаарай” гээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Их хурлын индэр дээр хэлээд зогсож байдаг харилцаа гэж байхгүй л дээ. Ерөнхийлөгчийн институцийн нэр хүндийг шалан дээр унагаж байна. Ийм байж болохгүй. Ер нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд байгаа эрхийнхээ дагуу хориг тавих ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ асуудалд бодитой хандах ёстой юм. Сая тавьсан хоригийн тухайд бодит зүйл байгаагүй. Монгол Улсын төсөв шууд алдагдалгүй болчих хэмжээнд манай эдийн засаг хүрээгүй байна. Тиймээс үүнийг улс төр гэж хэлэх нь хаашаа юм, бас бодлогогүй болчимгүй үйлдэл байлаа гэх нь ч юу юм. Монгол Улсын Ерөнхийлөгч нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй гэж дотроо найдаж байна.

-Ирэх жилийн төсөв урт хугацаандаа юу өгч чадах вэ?

-2018 оны төсвийг бүхэлдээ сайн болсон гэж би хэлэхгүй. Яагаад гэвэл өмнөх Засгийн газар нь төсвөө хийгээд өргөн барьчихсан байснаа эргүүлж татсан. Харин дараагийнх нь түүнийг өргөн барьсан. Үндсэндээ хоёр Засгийн газар дамжсан төсөв юм. Тэр утгаараа хяналт жаахан тааруу төсөв болсон. Сүүлийн жилүүдэд төсөв батлах гэхээр цаг хугацааны шахалтад орж байна гэдэг утгаараа “одоо баталчихъя, дараа нь тодотгоё” гэдэг байдал гарах болсон. Миний л мэдэхийн сүүлийн арваад жилийн парламентад ийм хандлага харагдлаа. Одоо бид энэ хандлагаасаа салах хэрэгтэй. Сангийн сайд өөрөө ч “тодотгол хийхгүй” гэж хэлсэн. Тэр утгаараа нэлээн сайн чамбайруулсан байх. Их хурал дээр ч мөн адил. -Ирэх жилийн төсөв дээр татварын өгөөж гэдэг зүйл шинээр гарч ирлээ. 2018 онд далд эдийн засгийг ил гаргах тал дээр юуг анхаарч ажиллах шаардлагатай гэж бодож байна вэ? -Далд эдийн засгийн хувьд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож байж л шийдэх зүйл. Бид энэ чиглэл рүү хийх асуудал нь татварын хуультай холбоотой асуудлуудаа хөндөж тавих ёстой. Хоёрдугаарт, сүүлийн үед гараад байгаа нэг аймшигтай зүйл бий. Тэр нь Монголын эдийн засгийг чирч яваа бизнес эрхлэгчдийн дунд өөдтэй өнгөтэй юм үлдсэнгүй. Бүгд хулгайч, луйварчин, оффшорчин. Тэгэхээр энэ эдийн засгийг зөв байлгаж бид чадах уу. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ямар нэгэн байдлаар ингэж ялгаварлан гадуурхаад байвал Монгол Улс тамын тогооны үлгэрээс хэзээ ч гарахгүй. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч, үндэсний хэмжээнд ажиллаж буй компаниудаа бахархах тэр үзлийг бий болгооч гэж Засгийн газрынханд хэлээд байгаа юм. Төр үзүүлэх ёстой дэмжлэгээ тултал нь үзүүлж байж компаниудаа өөд нь татна. Тэгж байж эдийн засаг сайжирна. Ямар нэгэн хавчлага дарамтгүй бол далд эдийн засаг ил гарна.

-2017 оны хувьд Монгол Улс сонгуультай байлаа. Мөн Засгийн газрыг огцруулах, шинээр томилох үйл явц болж өнгөрлөө. Энэ бүхнээс болж зарим нэг ажил хойшилсон ухарсан болов уу гэж бодож байна. Азаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан. Гэхдээ яг бидний хийсэн ажил төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадсан болов уу. Монголчууд 2017 оныг хэр үр бүтээлтэй өнгөрөөсөн гэж та бодож байна вэ?

-Монголын эдийн засаг бол ядмаг шүү дээ. Дэлхий нийтэд манай эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хамгийн ээлтэйгээр өсөлттэй байна. Харамсалтай нь, бид энэ боломжийг бүрэн ашигласангүй. Энэ жилийн турш сонгууль хийлээ, араас нь засаг төрөө баахан үймүүллээ. Өөрөөр хэлбэл, бид байгаа боломжоо ашиглаж чадсангүй, хий улс төр хийсээр байгаад нэг жилийг өнгөрөөчихлөө. Энэ бол улстөрчдийн бүрэн хариуцлагын асуудал. Улс төрийн хувьд цаашид бидэнд сургамж болж үлдэх нэг жил байлаа. Ялангуяа МАН-ын хувьд.

-Та сая хэллээ, улс төрийн хувьд хариуцлагатай байх хэрэгтэй гэж. Гэхдээ МАН-ын даргын сонгуульд та ч гэсэн нэр дэвшсэн. Нэр дэвшихдээ ер нь юу хийе гэж бодсон бэ?

-Би намын даргын сонгуульд нэр дэвших үедээ зорилгоо маш тодорхой хэлсэн. Сүүлийн жилүүдийн судалгааг аваад үзэхэд намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсарч хийснээрээ үр дүн гараагүй гэдэг судалгаа харагдсан. Гэхдээ 1992-2008 оныг тооцохгүйгээр. МАН, АН-ын эрх барьж байх аль ч үед намын дарга нь Ерөнхий сайдын албыг давхар хашаад үр дүнд хүрсэн түүх байхгүй юм билээ. Тэр тусмаа эдийн засаг хүнд энэ үед Ерөнхий сайд нь засгийнхаа ажлыг хийе, намын дарга нь намын ажлаа хийсэн шиг хийх нь нэр хүнд доройтоод буй энэ үед илүү үр ашигтай юм уу гэсэн бодол надад байсан. Мөн Би Дархан-Уул аймгийн Засаг даргыг найман жил хаших үедээ намын дарга байгаагүй. ИТХ-ын дарга нь намын дарга хийдэг байсан. Гэлээ гээд Дархан-Уул аймаг өнөөдрийг хүртэл орон нутгийн сонгуульд ялагдаж үзээгүй юм. Хоёрдугаарт манай нам Улаанбаатар хотыг тойрсон дарга нарын бүлэглэлийн нам болчихжээ гэсэн бодол надад байсан. Тиймээс үүнийг эвдэх ёстой гэж би бодсон. Хөдөө орон нутагт байгаа чадавхтай боловсон хүчнүүдээ ашиглаж МАН-ыг жинхэнэ ард түмний нам болгох ёстой гэсэн бодол надад байсан юм.

-Гэхдээ Европын орнуудад намын дарга Ерөнхий сайд хийдэг. Японд ч мөн адил. Эдгээр улс бол бидний гайхан биширдэг өндөр эдийн засагтай орнууд. Монголд яагаад болохгүй гэж?

-Би болохгүй гэж хэлээгүй. Харин болсонгүй. Тиймээс арай өөр байдлаар ажиллаад үзье гэсэн санаа юм.
САНАЛ БОЛГОХ