Reuters: Монголын Засгийн газар хуулийн маргаанд ялагдал хүлээв

Уул уурхай

“Монгол Зэс” корпорацийн 49 хувийн хувьцаа эзэмших эрхийг эргүүлэн сэргээлээ

Терренс Эдуардс, Барбара Льюс

Монголын Засгийн газар зэсийн уурхайг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотой хуулийн маргаанд ялагдал хүлээв. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүх Азийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийг нийгэмчлэх гэсэн Засгийн газрын оролдлогын эсрэг шийдвэр гаргасан тухай салбарын эх сурвалжууд ийнхүү мэдээллээ. Тэдний хэлж буйгаар “Монгол Зэс” корпораци Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын дүрэм, журмыг зөрчсөн хэмээн үзэн олон улсын арбитрын шүүхэд хандан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа юм. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Дээд шүүхийн шийдвэр бидний эзэмшиж буй хувьцаатай холбоотой хууль, эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэж, аливаа саад тотгорыг арилгалаа” хэмээн өнгөрсөн баасан гарагт Reuters агентлагт ярьжээ.

Улсын дээд шүүх пүрэв гарагт захирамж гаргаж тус корпорацийн 2016 онд ОХУ-ын Засгийн газраас 400 сая ам.доллараар худалдан авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны эзэмшлийг эргүүлэн сэргээлээ. Харин шүүх нэмэлт тодруулгад хариу өгсөнгүй. “Монгол Зэс” корпораци нь Улаанбаатар хотод энэ сарын 4-5-нд Засгийн газрын төлөөлөлтэй хоёр хоног хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй аж. Тиймээс Omnia Strategy хуулийн байгууллагаар ахлуулсан олон улсын хуульчдын баг бүрдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж буйгаа Лондонд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Тус үйлдвэрийн үлдсэн 51 хувийг эзэмшигч Засгийн газрын төлөөллийн байр суурийг авах гэсэн боловч шууд хариулт өгөх боломжгүй гэв. УИХ тус үйлдвэрийн 49 хувийг улсын мэдэлд авах тухай шийдвэр гаргасан энэ оны хоёрдугаар сараас хойш “Монгол Зэс” корпораци хуулийн байгууллагаар явж байгаа юм байна. Монгол Улсын дээд шүүх нь доод шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж, жилд 530 мянган тонн зэс үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшлийг “Монгол Зэс” корпорацийн мэдлийнх болохыг баталгаажуулав.

Засгийн газрын төлөөлөл уг асуудлаар шууд хариулт өгөх боломжгүй гэв
Түүгээр ч зогсохгүй шүүх тус корпорацийн ТУЗ-ийн гишүүдийг татан буулгах тухай өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд Ц.Пүрэвтүвшин захирлын хэлсэнчлэн тэдний төлөөлөл болсон ТУЗ-ийн гишүүд байр сууриа хадгалан үлдлээ. Тэрбээр “Дээд шүүх албан мэдэгдлийг бичгээр хүргүүлсний дараа буюу ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа эзэмшлийн эрхийг албан ёсоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Монгол Зэс” корпорацид шилжүүлнэ” гэв.


Дэлхийд зэс олборлолтоороо тэргүүлэгч Чилид олон жил зэс олборлосны улмаас гарц нь муудаж байгаатай холбогдуулан Codelco Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож эхлээд байгаа билээ.
Түүнчлэн нэрээ нууцлахыг хүссэн салбарын эх сурвалжийн хэлж байгаагаар энэ хэрэг нь хуулийн байгууллагын төрөөс тусгаар байдлыг батлан харуулсан ч болзошгүй үр дагавраас болгоомжилж буйг илтгэлээ гэсэн юм. Харин шүүхийн шийдвэр нь гацаанд ороод буй “Эрдэнэт үйлдвэр” болон Чилийн Codelco компаниудын дунд яригдаж байгаа хамтын ажиллагааг урагшлуулахад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байгаа аж.

• “Монгол Зэс” корпораци Засгийн газрын төлөөлөлтэй хоёр хоног хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй аж.

• Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшлийг “Монгол Зэс” корпорацийн мэдлийнх болохыг баталгаажуулав.

• “Эрдэнэт үйлдвэр” болон Чилийн Codelco компаниудын дунд яригдаж байгаа хамтын ажиллагааг урагшлуулахад хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд эрт байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр” нь 1978 оноос хойш үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд байгалийн баялгийн орлогоос хэт хараат, мөн тусламж авах зорилгоор ОУВС-гийн шаардлагуудыг биелүүлэхээр зорьж яваа улсынхаа хамгийн том татвар төлөгчдийн нэг юм. Монгол Улс томоохон зэсийн ордтой учраас “Оюутолгой” төслийг удирдагч “Рио Тинто” зэрэг олон улсын уул уурхайн томоохон компаниудын анхаарлыг татаад байгаа. Дэлхийд зэс олборлолтоороо тэргүүлэгч Чилид олон жил зэс олборлосны улмаас гарц нь муудаж байгаатай холбогдуулан Codelco Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож эхлээд байгаа билээ.
САНАЛ БОЛГОХ